“Иим л зүйл болчихлоо, айж байна шүү”
Өчигдөр намын бүлгүүд сонгуулийн хуулиар нэгдсэн шийдэлд хүрлээ. АН УИХ болон орон нутгийн сонгуулийг нийтэд нь хамт явуулахаар нэг хэсэг гэдийсэн. МАН үүнд буулт хийж, зөвхөн нийслэлийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах санал хэлснээр асуудал ерөнхийдөө шийдэгдсэн юм. АН-ын бүлэг дахиад л нэг болзол тавив. Гэхдээ нэг болзолтойгоор.
Тэр нь нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 15- ыг пропорционалиар, үлдсэн 30 суудлыг мажоритариар явуулах, мөн УИХ-ын сонгуулийн хуулийн үндсэн зарчимд нийцүүлэн сонгуулийн саналыг автомат машинаар тоолох болзол байв. Ингээд МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг үдээс хойш яаралтай хуралдаж, болзлыг хүлээн авсан. УИХ дахь улстөрийн хоёр хүчний өчигдрийн томоохон шийдвэр энэ байлаа. Ийнхүү хоёр намын бүлэг удтал маргалдсаны эцэст УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт зохион байгуулахаар санал нэгдэж өнөөдөр саналаа УИХ-д өргөн барьж, батлахаар шийдлээ.
Гэхдээ эргэлзээтэй асуудлууд байна. Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно” гэсэн заалт бий. Тэгэхээр нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн сараар наашлах нь. Энэ хууль зөрчихгүй гэж үү. За яахав жилээр нь тооцдог юмаа гэхэд дөрвөн сарын хугацаанд амжуулах байсан ажил “будаа болох” нь.
Төрийн алба хашиж байгаа хүнд дөрвөн сар гэдэг багагүй хугацаа. Ирэх аравдугаар сар хүртэл төлөвлөснөө хийж дуусгаагүй төлөөлөгчид олон байгаа гэхэд эргэлзэх зүйл алга. Мөн сонгуулийн хэсгийн хороодын тоо олноор нэмэгдэж, саналын хуудсан дахь олон нэр дэвшигчийн нэрсэнд иргэд төөрөлдөх, товлосон цаг хугацаанд багтахгүй бол яах вэ зэрэг асуудал зөндөө бий. Нөгөө талаар хэдэн мянгаар тоологдох нэр дэвшигчид Улаанбаатарын гудамжаар сурталчилгааныхаа багийг дагуулан явах болно. Ер нь бол намын бүлгүүдийн дээрх тохиролцоог сонссон хэн бүхэн “ийм л зүйл болчихлоо, айж байна шүү” хэмээн толгой сэгсэрч сууна.
Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ
Эх сурвалж: “Unen.mn”
URL: