Тусгаар тогтнол ч бас МАН-ын өмч үү?
Ирэх гуравдугаар сарын 1-нд эрх баригч МАН-ын 90 жилийн ой болно. Ная гаруй жил “МАХН-ын түүхт ой”-г
тэмдэглэсэн тус намынхан 2000 онд дангаар эрх барьж байх үедээ энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон өөрчилсөн билээ. Тэднээс өмнө Монголд “эх орончид” байсангүй, тиймээс бусад нь дуугүй л хүлээн зөвшөөрлөө.
Гэтэл энэ жилээс мань МАН /хуучнаар МАХН л даа/-ын төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 1-нийг Монголд улс төрийн нам бий болсон түүхт ойн өдөр болгож тэмдэглэхээр болов. Уг нь бид сүүлийн 20 жилд л Монголд улс төрийн намууд жинхэнэ утгаараа бий болж, олон урьгалч үзэл төлөвшсөн гэж үздэг байлаа. Түүнээс өмнө бол МАХН хэмээх хагас нам, хагас төр 1921 оноос хойшхи 70 жил Монголын төрийг монополчилж, төрийн бүтэц, санхүүжилтээр оршин тогтнож ирсэн билээ. Тиймээс тэр үед төр барьж байсан МАХН-ыг улс төрийн нам гэж хэлэх зүрх, зориг нэг ч улс төрийн онолчид төрөөгүй юм.
Харин сүүлийн 20 жилд улс төрийн бусад намуудтай тэгш гараанаас гарч, ардчилсан сонгуульд өрсөлдөх шаардлага тулгарснаар энэ намд шийдэж чадахгүй олон асуудал тулгарсны нэг нь үнэт зүйлийн эрэл хайгуул байлаа. Ардчилсан нийгэмд оршин тогтнохын тулд коммунист үзэл суртлаасаа арга буюу татгалзсан /албан ёсоор татгалзсан гэх боловч одоо хэр нь энэ нам дотор коммунист үзэл амь бөхтэй оршсоор байгаа/ МАХН Нагаржунайн төв үзэл, социал демократ онол, үндэсний ардчилсан үзэл хэмээн нэг хэсэг төөрөлдөж, нүүж, сууж, эцэст нь нийгмийн ардчилал гэсэн хаа ч байхгүй шинэ зүйл гаргаж ирээд манаргаж яваа билээ. Эрх баригч нам ийнхүү өнгөн дээрээ өөрчлөлт шинэчлэл, маргаашийн тухай ярих боловч үнэн хэрэгтээ намынх нь дотоодод бол эрх мэдлийн төлөөх тулаан, дайсагнал л өрнөж байна. Намын хуучин, шинэ лидерүүдийн дунд өрнөж байгаа МАХН хэвээр үлдэх үү, МАН болох уу гэдэг тэмцэл ч үнэн хэрэгтээ намын нэр, үзэл баримтлалын төлөө гэхээсээ илүү амьд үлдэхийн төлөөх адгуусны тэмцэлтэй адил төстэй болсон билээ. Гэвч энэ бага хэрэг.
МАН-ын 90 жилийн ойг Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой, Эх орончдын өдрийг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг хоёр жилийн өмнө, 2009 оны арваннэгдүгээр сард гарчээ. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэж гаргасан уг зарлигийн араас сая УИХ бас нэгэн шинэ тогтоол гаргасан нь “Тусгаар тогтнол 90” хэмээх медалийг бий болгосон явдал. 50 мянган ширхэгийг үйлдвэрлэж, тэмдэг нэг бүрийг 3600 төгрөг, дагалдах үнэмлэхийг 1000 төгрөгөөр үнэлэн, нийт 250 сая төгрөгийг улсын төсвөөс гаргахаар боллоо. Бусад нь дахиад л дуугүй байна…
Нэг зүйлийг сануулахад Монгол Улсын өнгөрсөн 70 жилийн түүх бүгд МАХН-ын төв архивт хадгалагдаж ирсэн. Уг нь бол энэ архив аль хэдийнэ Улсын төв архивт шилжсэн байх ёстой ч ууган нам үүнийг татгалзсан билээ. Эцэст нь долдугаар сарын 1-ний үймээний үеэр галд шатаж, одоо МАХН-ын түүхийг ОХУ-аас хуулбарлаж авахаар гувшиж яваа билээ. Ийнхүү Монголын түүхийн нэгэн үеийг өөртөө өмчилсөн МАН одоо Монгол Улсын тусгаар тогтнолыг хүртэл өмчилж эхэллээ. Эндүүрээгүй бол Монгол Улсын тусгаар тогтнолыг 1911 оноос эхлэн тоолж, энэ жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ-аас шийдвэрлэж, энэ дагуу ойг зохион байгуулах комисс хүртэл гараад байгаа. Гэтэл одоо энэ ч учир утгаа алдаж, МАН-ын төрсөн өдөр Монголын тусгаар тогтнолын ой болж хувирав. Учир нь өнөөдөр МАН эрх барьж байна. Эрх барьж байгаа намд хууль үйлчлэх нь байтугай улсын түүх хүртэл “цагаан цаас” болон хувирч, түүн дээр юу бичих нь МАН-ын дурын хэрэг болсон байна.
Гэвч энэ бүхний учир шалтгаан юу билээ. МАН-ын дотоодод болж байгаа зөрчим, хямралыг далдлах, нийгэмд бий болоод байгаа эргэлзээ тээнэгэлзлийг дарахын тулд намын удирдлагууд ийнхүү нийтийг хамарсан том “шоу”, нүсэр тоглолтуудыг дэглэх болсон хэрэг. Намынхаа дотоод асуудлыг шийдэж чадахаа байгаад ирэхээрээ үүнийгээ нийгэм рүү гаргаж хагалуулах гэсэн санаа л гэхээс өөр юу гэх вэ.
“Тусгаар тогтнол 90” медалийг бий болгох тухай тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа “Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой, Эх орончдын өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авъяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, ажиллаж амжилт гаргасан олон арван хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай” гэсэн байна.
Хэрвээ Монгол Улсын тусгаар тогтнолыг хадгалж үлдэхэд МАХН-ын гавьяа гэж байсан бол түүний төлөө тэмцэж явсан тухайн үеийнхээ хүмүүст л хамаарах ёстой. Тэд нь тэр үеийнхээ МАХН-тай цуг дууссан. Амьд ахуйдаа энэ гавьяагаа үнэлүүлэх нь үнэлүүлээд, үнэлүүлж чадаагүй нь тэр хэвээрээ шороон дор орсон. Харин тэдний өмнөөс одоогийн МАН-ын дарга нар Монгол Улсын тусгаар тогтнолыг өмчлөх, улс төрийн карьераа өсгөх хэрэглүүр болгон ашиглах ёс суртахууны эрх байхгүй. Ерэн настай МАН-ын дарга нар хийгээд хорин настай ардчиллын лидерүүдийн ялгаа нь энэ.
Хэрвээ одоогийн МАН-ын дарга нарт байгуулсан гавьяа, нэр төр гэж байдаг бол сүүлийн 20 жилд энэ ард түмний төлөө юу хийсэн бэ, өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа энэ нийгмийн, энэ шинэчлэлийн хаана нь явсан бэ гэдгээ л ард түмэндээ хэлж өгөх ёстой. Өөр юу ч биш.
Б.СЭМҮҮН
“Ньюс мн”
URL: