Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг баривчилснаа тайлбарлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордонд нийслэлийн иргэдтэй уулзлаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалтад Улаанбаатар хотын удирдлагууд, манай улсад суугаа зарим орны Элчин сайд, дипломатч, олон улсын байгууллагын төлөөлөл болон нийслэлийн мянга шахам иргэн оролцсон.

Нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй хийх уулзалт гэсэн энэ үйл явдалдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигын талаар бэлтгэсэн илтгэлтэй ирсэн байлаа. Өвөлхөн л хотын агаарын бохирдол мэтийг шүүрч аваад л “Орохгүй асуудалгүй Ерөнхийлөгч боллоо…” хэмээн шүүмжлүүлж байсан нөхөр “Цаг хугацааны эрхээр утаа угаасаа ашгүй намжлаа. Ирэх өвлөөс урьтаж утаатайгаа тэмцэх дэвшил гаргая…” гэж хэлэх юм болов уу гэтэл нийслэлтэй холбоотой асуудлаар огт ярьсангүй. Авлигаар бэлтгэж ирсэн үгээ тав тухтайхан хэллээ. Ерөөсөө нийслэлийн иргэдийг сонгуулийн зорилготой ашиглахаар эхлүүлсэн төслийнх нь урьтал болж утаа униарын талаар санаа тавьж, уйлан донгодож байсан бололтой.

Тийн уулзалтаа нээсэн Ерөнхийлөгч авлигатай холбоотой асуудлаар бүтэн цагийн турш илтгэж, авлигын эсрэг өөрийгөө тэмцэж буйгаа яруу тодоор дүрслэн илэрхийлэв. Тэрбээр, Ерөнхийлөгчийн албан үүрэгт томилогдсон цагаасаа эхлэн авлигатай хатуу тэмцэж байгаа юм байна. Түүнийхээр өнөөгийн нийгэмд авлигын хэлхээ нь хүний биеийн анатомын бүтцээс ч илүү нарийн зохион байгуулалттай болжээ. Авлигын торонд идэгдсэн нийгмийг цэвэрлэх ажилд тууштай зүтгэхээ илэрхийлээд “Авлигын торонд орсон хүмүүсийг биш торыг нэхэж байгаа хүмүүстэй тэмцэнэ” гэж хэлэв. Түүний хэлж буй үг бүр өөрийн эрхгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгааны тайлбар мэт сонсогдсон. Иргэдийн зүгээс ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулсантай холбоотой олон асуулт ирүүлж, ямар учраас баривчилсныг ч асуулаа.

“Та Н.Энхбаярыг баривчлахыг үзсэн үү. Эсвэл унтаж байсан уу” гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мэдэж байлгүй яахав. Үйл явдлыг цэнхэр дэлгэцээрээ нүд цавчилгүй үзэж, АТГ-ийнхан уруу залгаж учрыг асуусан. Тэд ажлаа хийж байна гэсэн хариу өгсөн” гэж хариулав. Уулзалтаар яригдсан чухал сэдэв бол яахын аргагүй долдугаар сарын 1-ний хэрэг байв. Хамгийн гол нь сонгуулийг шударга зохион байгуулж, долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг дахин давтахгүй байх хэрэгтэйг давтав. Сонгуулийг хэрхэн явуулах талаарх асуултад УИХ-ын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулах нь зөв гэнэ. Иргэдийн зүгээс ирүүлсэн асуултад Ерөнхийлөгч хариулахдаа өнөөх “бөөс” гэдэг шиг л ярианы сэдвийг Н.Энхбаяр болон долдугаар сарын 1-ний хэрэг явдал уруу оруулж байв.

Ерөнхийлөгчийн хамгийн содон хариулт бол “Олигархиудын талаарх Таны бодол юу вэ” гэсэн асуулттай холбоотой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд олигархи гэж байхгүй. Энэ чинь орос үг. Харин монигарх гэж нэрлэвэл зохино” хэмээн шинэ нэр томьёо үүсгээд амжив. Олигархи гэх үгийн утгыг тээж буй аюул заналхийлэл, эрх мэдлийн “хаанчлал” огт хамаагүй үгийг өөрчлөх шинэчлэх нь л манай Ерөнхийлөгчид хамаатай. Нэртэйд нь тэр “Хэл шинжлэлийн эрдэмтэдтэй олигархи, монигарх гэдэг үгийн талаар арга хэмжээ зохион байгуулж, хөрөнгө санхүү гаргаж байгаа…” гэж яримаар байна. Хийх ёстой агуулга, чанар руугаа орохгүй хэлбэр буюу савангийн хөөсөнд найтаана гэдэг л энэ байх даа.

Ийнхүү Ерөнхийлөгчийн нийслэл рүү чиглэсэн улстөржилт гурван цаг гаруй хугацаанд үргэлжиллээ. Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсоноо мартсан уу, будилсан уу алин болохыг бүү мэд. МАН-ын “Ард түмнээ сонсъё” аяныг өрнүүлж, “Би бодохдоо” хөтөлбөрийг л үргэлжлүүлж байлаа. Тэрбээр “Ард түмнээ сонсъё. Ард олныхоо юу бодож явааг чих тавин чагнах хэрэгтэй гэж бодож явдаг. Би ингэж л боддог…” гэх үгсийг түлхүүр болгон түлхүү хэрэглэв. Уг нь АН-ын сонгуулийн нэгэн зорилгыг тээж л авлига, долдугаар сарын 1-ний талаар яриад байгаа болов уу. АН нь түүнд гомдож л байгаа байх.

Б.БАТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих