Хуулиас тэрсэлсэн 192 зөвшөөрөл хэний эрх ашгийг хамгаална вэ, АМГ-ын дарга Д.Батхуяг аа

Эрх мэдэлтэй болов уу, үгүй юу буруу замаар будаа тээх гээд байдаг яам, агентлаг, газрын дарга нар мэр сэр бий. Буруу замаар явсан нь эхнээсээ хууль хяналтын байгууллагаар мөрдөг­дөж, яллагдагчаар татаг­даж байсныг уншигчид мэдэх байх. Харин сүү­лийн үед Ашигт малтма­лын газартай холбоотой мэдээлэл чих халууцуу­лах болов. “Эрх мэдлээ ашиглан тусгай зөвшөө­рөл олгосон”, “Эзэмш­лийн лицензийг бусдад шилжүүлсэн”,”Тэр хуу­лийн төдийг зөрчсөн” хэ­мээн гомдоллож, энэ байгууллагаас болж шүү­хийн хаалга татагсад ол­ширчээ.

Ашигт малтма­лын гэх тодотголтой би­түү хатуу байдаг энэ га­зар­тай хол­боотой хууль бус үйлд­лүүд бидний анхаарлыг татсан юм. Гэхдээ эхний удаа “урт нэртэй” хуулийн эсрэг тэрсэлж Ашигт малтма­лын газрын дарга Д.Бат­хуяг эрх мэдлээ ашиг­лан 192 тусгай зөв­шөөрөл бусдад олгосон баримтыг энэ удаа сөхье.

С.Баярын гарын хүн гэгдэх тэрээр “Гол мөр­ний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиг­лахыг хориглох ту­хай” хууль мөрдөгдөж эхлэх зуур ар хударгаар нь тусгай зөвшөөрөл ол­гоод сууж байсан байх юм.  Түүний олгосон тус­гай зөвшөөрлийг бид он, сар, өдөртэй нь олж авсан юм. (Хажуугийн хүснэг­тээс харна уу) Хамаг л сайхан гол мөрөн, уул, ус тү­шиглэсэн газруудад тэ­рээр хууль зөрчин бусдад зөвшөөрөл олгожээ. Хар л даа.  Алтан од, Зоост-Уул, Бага ноён, Баян нуур, Хонгор толгой, Баян­тойрог, Алтан гадас, Алтан, Авдарын говь, Шаазгайн гол, Гурван тэс гээд  голдуу нутаг орных нь иргэд сүслэн залбирч биширч хүндэлдэг газ­рууд. Байгалийн үзэсгэ­лэнт тогтоц бүхий газрууд байх жишээний. Тусгай зөвшөөрөл олгосон энэ газруудын нэр нь гоё, чамин. Тухайн газраа тодорхойлсон ч байж бо­лох. Өвөг дээдэс маань зүгээр ч нэг Баянтойрог, Зоост-Уул гэх мэтээр нэрийдээгүй нь  лав. Гэтэл ийм газруудыг сорчлон өгчээ. Гол ус, ойн сав бүхий  хамгаалалттай  энэ газрыг бусдад өгөх гэж яарсны учир нь юу юм бол. Тэр дундаа “урт нэр­тэй” хууль мөрдөгдөж эхлээд ийм газруудад олгосон лицензээ татаж эхлэх тухай ярьж буй энэ цаг үед АМГ-ын дарга өөрөө ар хударгаар нь  ийм гоомой зүйл хийжээ. Тэгэхээр Д.Батхуяг тө­рийн албан тушаалт­ны­хаа хувиар энэ хуулийг нэг гараараа хэрэгжүүлж,  нөгөө гараараа “боо­милж” бай­сан болж таарч байна уу. Олгосон тусгай зөвшөө­рөл нь гол мөр­ний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаа­лал­тын бүс, ойн сан бүхийн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориг­лох тухай хуулиар хо­риглосон, хязгаарла­сан талбайтай давхцал­тай олгогдсон нь барим­таас харагдаж буй юм. Мөр­дөгдөж буй хуулийн эсрэг эрх мэдлээ ашиг­лан бус­дад олгосон энэ хууль бус тусгай зөвшөө­рөл хэний эрх ашгийг хамгаалж байна вэ. “Урт нэртэй” хуулиар бол ашигт малт­малын 245 лиценз ху­рааг­­дах тухай яригдаж байгаа. Лицен­зээ ху­раал­гасан аж ахуйн нэг­жүүд төрөөс нөхөн олго­вор авах юм. Дээрх 192 тусгай зөвшөөрлийн ли­ценз төрөөс олгогдох нө­хөн олговрыг сул хүртэх гэсэн ч байж болох.

Энэ хуульд заасан үндэслэлээр 245 лицен­зийг хураахад болохгүй зүйлгүй. Мэдээж тодор­хой хэмжээгээр ашигт малтмалын “акул” компа­ниудын эрх ашиг зөрчиг­дөх л байх. Тэглээ гээд яах вэ. Тэд лицензээ ху­раалгаснаар өнөөдөр идэх талхгүй болчих юм биш. Хамгийн гол нь ба­гахан баялгаас болж  бай­галийн үзэсгэлэнт, тогтоц  бүхий газраа сүйтгэж бо­лохгүй. Өнгөрсөн арав гаруй жил талхлагдсан газар шороо, хүнд ма­шинд туучуулсан ой мо­доо  оройтойгүй дээрээ хамгаалахын тулд энэ хуулийг гаргасан батал­сан. Өвөг дээдсээс өвлөг­дөн ирсэн өргөн уудам газраа  хамгаалах ха­риуц­лага энэ цагийнханд оногдсон учир энэ үеийн­хэн тэмцэж, хамгаалахыг оролдож буй хэлбэр. Хам­гийн гол нь энэ хуу­лиа биелүүлээд шударга ажиллаж чадах юм бол шүү дээ. Түүнээс хэн нэ­гэн нь Ерөнхий сайд болж, энэ салбарт богино настай хууль гаргаад да­раагийн хүмүүс нь ху­раагдсан лицензүүдийг өөр бусдад өмчлүүлэх асуудал байж болохгүй. Богдхан уулын дархан цаазат газрыг эрх мэдэлт­нүүд хэрхсэн билээ. Нэг сайд нь томилогдож  хууль гаргана. Тэгээд  ху­раа­на, дараагийн гарсан эрхэм бас нэгэн төсөл хэсэг бүлэг хүмүүстэй бо­ловсруулж батална, өнөө газрыг хуваарилж, дараа­гийнх нь хураах гэх мэ­тээр явсаар өнөөдөр талх­лагдаж гүйцсэн. Үүн­тэй адил  гол мөрөн, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн газрууд эрх мэ­дэлтнүүдийн ийм нэгэн тойрогт орчихгүй л бай­гаасай даа.

Угаасаа Ашигт малт­малын газар үе үеийн сайд, дарга нарын ан­хаар­лаа хандуулдаг га­зар яах аргагүй мөн. Гэх­дээ  ядаж л эрх ашгийн зөрчилгүй нэгнийг ирээ­дүйд орж ирэх баялгийн­хаа амсар дээр суулгаж байгаасай даа. Тодорхой нэр бүхий хэн нэгэн эсвэл намын эрх ашигт нийцүү­лэн тусгай зөвшөөрлийг бөөндсөн Д.Батхуяг  2009 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр энэ газрын  дар­гаар томилогджээ. Тэр­бээр энэ албанд очоод  удаа ч үгүй ийм хуудуутай зөвшөөрлүүдийг зориг­тойгоор олгосон байна. Түүний энэ үйлдлийг за­рим иргэд буруушаан хууль хяналтын байгуул­лагад хандахаар болжээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Үргэлжлэл бий


URL:

Сэтгэгдэл бичих