Сонгуульд нөөцлөөгүй юм бол тэр мөнгийг эргэлтэнд оруулаач!
БАЯЛГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЕ ГЭВЭЛ ӨӨР БОДЛОГО ХЭРЭГТЭЙ- Жил гаруйн өмнө л арилжааны хоёр банкаа алдаж, түүнийгээ дэлхийн эдийн засгийн хямралаас боллоо хэмээн буруутгаж суусан байгууллага бол Монголбанк. Одоо энэ байгууллага мундаг чадамжтай болсон. Ямар ч хямрал тохиолдсон ажрахааргүй валютын нөөцтэй гэнэ. Монголын эдийн засагт багтахгүй 1.8 их наяд ам.долларыг гадаадад байршуулжээ. Тийм болохоор Монголбанкны удирдлагуудад нь бяр амтагдаад сууж чадахгүй байгаа юм байх. Ус үзээгүй байж хормой шуув гэгчээр Монголбанкныхан туулай жилийн босгон дээр чадалтай, чалхтай болсноо ийн тунхаглалаа. Дээрээс нь дотоодын эдийн засгийн багтаамжаас их мөнгө орж ирэх хэтийн төлөвийг зурхайлаад байна. Мөн зэс, нүүрсний үнэ хаданд гарч, монголчуудын орлогын үүд нээгдсэнийг илтгэх сайн мэдээллүүд араасаа цуварч эхэллээ. Гэхдээ энэ олон баярт
мэдээллүүдийн ард монголчуудын эдийн засгийн бодлого хаашаа яваад байна вэ. Гаднаас орж ирж байгаа мөнгөө Монголбанк хянаж чаддаг уу. Таван толгой, Оюу толгойгоос орж ирж байгаа мөнгийг хянаж байна уу гэсэн асуудлууд олон нийтийг хүлээлтэд оруулж байна. Баялгаас их мөнгө “орж ирж байна”, “ирнэ” гэсэн таамаг төдийхнөөр хязгаарлагдсан их мөнгөний урсгал хэрхэн, яаж орж ирж байгаа нь өнөө ч ойлгомжгүй байна. Ойлгомжгүй байгаа асуудал л араасаа эргэлзээ, тээнэгэлзэл, хардлага төрүүлдэг. Нөгөө талаас Хөрөнгийн бирж нь гадаадад хөрөнгө оруулалтаар босч байгаа мөнгийг хянаж чадаж байгаа юм уу гэдэг нь бас тодорхой бус. Энэ нь иргэдийг болон холбогдох байгууллагуудыг хөндлөнгөөс хяналт тавих боломжгүй болгож байгаа юм. Үнэндээ мэдээлэл нь ч, төрийн бодлого нь ч бүрхэг, нууц, хаалттай.
Уг нь байгалийнхаа баялгийг захын иргэн хянах боломжтой, тодорхой байх ёстой. Гэтэл иргэдэд бүх үйл явц хаалттай. Хаалттай гэдэг нь мэдээлэл хомс. Эрх мэдэлтнүүд нь бодит байдлыг тайлбарлаж чаддаггүй, тойруулаад үнэн худал зүйл яриад байгаа нь ойлгомжгүй байдалд нэрмээс болохоос хэтрэхгүй. Тэр 1.8 их наяд ам.доллар хаанаас боссон мөнгө вэ гэдэг нь ч хаалттай, Засаглал нь хаалттай болохоор сайн засаглал энэ тэрийн тухай ярих нь илүүц. Уул уурхай, газрын баялгаараа хөгжсөн орнууд сайн засаглалынхаа хүчинд хөгжиж өндийсөн байдаг. Муу засаглалтай орны иргэд ядуу тарчиг хэвээрээ үлдсэн дэлхийн түүх бий. Тэгэхээр Монголбанкинд орж байгаа валютын нөөцтэй уялдаж байгалийн баялгаар орж ирж байгаа их мөнгө харагдах ёстой. Зэс, нүүрсний үнэ талийна гэж байна. Монголчуудын хувьд нөхцөл байдал сайхан л өрнөх шинжтэй. Харин үүнийг мөнгөний бодлоготойгоо яаж хэрхэн уялдуулах вэ гэдэг нь сонин. Хонконг, Лондон, Австралийн хөрөнгийн бирж дээр байгалийн баялгаас босгож байгаа хөрөнгө материал, тоног төхөөрөмж болоод буцаж орж ирж байгаа юм уу, үгүй юу. Хөрөнгийн биржтэйгээ Монголбанк ямар уялдаа холбоотой ажиллаж байна вэ. Энэ олон асуултад хариулахын оронд өнөөдөр төв банк валютын нөөцтэй боллоо хэмээн цээжээ дэлдэж сайрхан ярьж байна. Гадаадад хөрөнгөө нөөцлөөд яах юм бэ, монголчууд. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа салбар өчнөөн байна.
Монголбанк “Би баян” гэж хашгирч суухын оронд тэр хөрөнгийг хөдөлгөх хэрэгтэй. Хөдөлгөөд, эргэлдүүлээд хөрөнгө босгох нь чухал. Хөрөнгөтэй байна гэдэг хав дараад суухын нэр биш. Түүнийгээ улам арвижуулж, хүрээгээ тэлэх хэрэгтэй. Зах зээлийн зарчим нь энэ. Гадаадад валют байршуулаад байгаа ард түмний мөнгийг арай 2012 оны сонгуульд нөөцлөөд байгаа юм биш биз дээ. Зарим улстөрчид ийм таамаг дэвшүүлж байна. Үүнийг үгүйсгэх ч арга байхгүй. Тэдний таамагласнаар ирэх оны хагас жилээр хадгалаад байгаа, нөөцлөөд буй их мөнгө бүлт үсэрнэ гэсэн сөрөг таамаг ч мэргэжилтнүүд гаргажээ. Мэдээж тэр мөнгө сонгуулийн сунгаа бэлтгэл ажилд зарцуулагдах биз. Манай нийгэмд улс төр хэрхэн өрнөхийг таамаглан харах боломж алга. Гадаадад валют нөөцөлснөөр Монголд байгаа, дотоодынхоо мөнгөний хэрэгцээг хэр хангаж чадаж байна вэ гэдэг нь асуудал. Бодит эдийн засаг, хувийн секторт хэрэгтэй байгаа тэр мөнгийг Монголбанк хаахаас өөр зүйл хийхгүй байна. Үнэндээ үндэсний үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулж үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байгаа. Гэтэл Монгол мөнгөтэй мөртлөө үйлдвэрлэгчдэд хэрэгтэй мөнгийг нь шууд хаачихаад байгаа юм.
Мөнгөний бодлого үйлдвэрлэл дэмжих бодлого хоёрыг яаж уялдуулах вэ, энэ хоёрыг яаж баланслах вэ гэдэг нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ нь хаана байгаагаас хамаардаг. Энэ хэрэгцээг шийдвэр гаргагчид яаж тодорхойлж байна вэ гэдэг нь эндээс харагдах болов уу. Монголчууд өөрсдөө баялгийг үйлдвэрлэе гэж байгаа бол өөр бодлого явуулах ёстой.
Г.ЯЛГУУН
URL: