Газрын наймаачин + Нийслэлийн фракци=М.Энхболд

Манай улсын хууль бусаар баяжсан иргэдийн олонх нь 1990 оноос хойших хувьчлалын үйл явцаар төрийн томоохон обектуудыг хувийн эзэмшилдээ шилжүүлэн авсантай холбон тайлбарладаг.

Тухайлбал саяхны жишээ дурьдахад экс ерөнхийлөгч Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал зэргээс бэлхнээ харж болох юм.Харин хууль бусаар хөрөнгөжигчдийн хоёр дахь мөнгөний давалгаа нь газрын бизнес байсныг улс төр, бизнесийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг.

Тодруулбал, 1999, 2000 оноос хойш Нийслэл хотын газрын наймаа цэцэглэж эхэлсэн түүхтэй. Энэ үе бол Монгол Улсын ерөнхий сайд асан, одоогийн шадар сайд Миеэгомбын Энхболдын Нийслэлийн засаг даргаар ажиллаж эхэлсэн үе байлаа. М.Энхболдыг хотын захирагчаар ажиллаж эхэлснээс хойш нийслэлийн газрын наймаа эхэлсэн хэмээн үздэг. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны зургаадугаар сарын 7-ны өдөр батлагдсанаас хойш газрын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлжээ.

Гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэгүй газар олгох нэрийдлээр хөрөнгө, мөнгөтэй эрхмүүд хотын А зэрэглэлийн газрыг хувьдаа авч эхэлсэн нь тухай үеийн Нийслэлийн засаг дарга, хотын захирагч М.Энхболдтой салшгүй холбоотой байв. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д зааснаар газар өмчлүүлэх эрхийг тухайн дүүргийн Засаг дарга, нийслэлийн захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудал байв. Хэнд, хаана, ямар газар, хэр хэмжээгээр олгох дархан эрх нь Нийслэлийн засаг дарга М.Энхболдод байсан гэсэн үг юм. Энэ эрхээ тэрээр чадамгай ашиглаж хөрөнгөжсөн байдаг.

М.Энхболдын эрх мэдлийн “буянаар” нийслэлийн газрыг хувьдаа эзэмшиж, эргүүлэн худалдаж хөрөнгөжсөн томоохон газрын наймааны бүхэл бүтэн үе, фракци бий болсоныг дурьдаж болно. МАН дахь Хотын фракцийг шадар сайд М.Энхболд тэргүүлдэг. Энэ фракцид УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Хотын дарга Г.Мөнхбаяр, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй МАН-ын нөлөө бүхий эрхмүүд багтдаг. Үндсэндээ хот гэдэг их айлын эзнээр ээлж дараалан ажиллаж байсан эрхмүүд фракцийг бүрдүүлдэг.
Энэ фракцийн улс төр, бизнесийнхэн даргынхаа буянаар газрын бизнесээс чамгүй хөлжсөн эрхмүүд олон бий. Улс төрийн салбарын хүрээнд газрын наймаагаар баяжигсдыг бид дараа нэг бүрчлэн баримт түшин, жич-д нь дурьдах болно.

Бизнесийн салбараас дурьдвал, “Мон Уран” компанийн Б.Наранхүү гэх эрхэм газрын наймаагаар алдартай нэгэн. Түүний бизнесийн анхны гараа газрын бизнес байж, амжилттай ажилласанаар өдгөө хурдан морь, найр наадамд тэрбум төгрөг цацчихдаг үндэсний баяжуудын эгнээнд орчихсон тууж яваа. Улс төр, төрийн албан хаагчаас ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, бизнесийн салбараас Б.Наранхүү нар Н.Энхболдын газрын наймааг цэцэглүүлдэгээрээ алдартай, гол төлөөлөл нь. Тэдний талаарх нийтийн эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлэн өгч худалдаж байсан баримт дурьдах нь илүүц биз.

Дээрх эрхмүүдээр толгойлуулсан улс төр, бизнесийн сүлжээ хүчирхэгжин, сүүлийн 10 орчим жил улам бүр хүрээгээ тэлэн дүүрэг, хороодод хүртэл өөрийн хүмүүсээ шургуулж авсан байдаг гэнэ. Одоо ч гэсэн нийслэл, дүүрэг, хороодод Хотын дарга Г.Мөнхбаярын болон шадар сайд М.Энхболдын гэсэн хоёр фракци зэрэгцэн оршдог гэдэг юм билээ. Тэгэхлээр М.Энхболд гэдэг хүн газрын наймааны “Загалмайлсан эцэг” болхоос гадна хотын мафийн том “толгойлогч” гэсэн үг.

Харамсалтай нь одоо нийслэлийн газрын наймаа төгсгөл шатруугаа яваа хэмээн өгүүлэх хүмүүс олон байдаг. Учир нь зарж худалдах газар ховор үлдсэн гэнэ.

М.Энхболд Нийслэлийн засаг даргаар 1999 – 2005 онуудад, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2006-2007 онуудад, 2005 оноос 2007 онд МАХН-ын дарга, 2008 оноос өнөөдрийг хүртэл Шадар сайдаар ажиллаж буй нэгэн. Арав гаруй жил төрийн өндөр албан тушаалд сууж буй тэрээр хувьчлалын дараах газрын наймааны “автор” нь юм. Түүний газрын наймааны бизнес одоо ч өөрийн “мафийн” сүлжээгээрээ дамжуулан далдуур оршсоор байна.

Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих