ЭНХБАЯР ХЭЛЭЭД Л БАЙНА Ш ДЭЭ…
Надаас асуугаад, шалаад “ядаргаа” болоод байхаар нь үүнийг бичиж байна. Н.Энхбаярыг баривчилсан нь монголчуудыг хоёр хувааж, манайхан Энхбаярын “тал”, нөгөө “тал” болцгоов. “Буруу зөвийг” нь олох гээд бүгдээрээ ухаанаа тавиад туучихаж. Энэ “хөөрдөг” занг нь ашиглавал манайхныг хэд л бол хэд хувааж болно. Энэхүү “нөгөө талд” Ц.Нямдорж, Сү.Батболд, МАН, Засгийн Газар, АТГ, Цагдаа зэрэг “юм болгоныг” оруулж болж байна. Харин Энхбаяр “ганц”. Тэгээд л захидал бичээд байна. Үүнийг нь “гүйцэд уншсан” хүн байгаач юм уу, үгүй ч юм уу. Ганц хуудас захидал “зөв” уншчихаад дараа нь улс төр мөр гэж бай л даа, “тэнэгүүд” ээ…
Миний мэдэх Энхбаяр
Би Н.Энхбаярыг дэндүү сайн мэднэ, бараг юу бодож байгааг нь “мэдрэнэ” дээ. Ямар сайндаа “Олон жил дайсагнах, олон жил нөхөрлөх хоёр хүнийг танин мэдэх талаасаа адил үр дүнтэй” гэсэн зүйр үг зохиож байхав дээ…
Н.Энхбаярыг баривчилсан хэргүүд бол ямар ч баараггүй, эд мөрийн баримттай, баталгаатай хэрэг. Үүнд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. Харин түүний үйлдсэн олон хэргүүдээс ганцхан Энхбаярт хамаатай, олон хүн оролцоогүй, “жижиг” хэргүүдийг сонгосон нь хамгийн сонирхолтой…
Н.Энхбаяр асар их мэдээлэлтэй. Энэ нь түүнийг эрх мэдэлтэй үед л “хүн айлгах” хэрэгсэл болж байсан байх. Одоо эрх мэдэлгүй үед бол мянган мэдээлэл байгаад хэрэггүй л дээ. Яагаад гэвэл “том хэргүүд” дээр бол “энэ томчууд” голдуу бүгдээрээ нийлээд оролцчихсон байдаг юм. Тэгээд нэг нь албан тушаал буучихаад “илчилнэ” гэж “айлгаад” байхаар чинь “нөгөөдүүл” нь нийлж байгаад “дардаг” юм байгаа биз дээ…
Гэмт хэргийн ойлголтоор бол “хам хулгайг” нэг л хүн “үүрдэг” болохоос бүгдээрээ хэргээ хүлээдэггүй. Гэмт хэрэгтнүүдээс “суралцах юм” бас байдаг юм ш дээ. Энхбаяр “дүрмээр” тоглосонгүй. Тэр дүрэм “зохиож” байсан болохоос хэзээ ч дүрэм “биелүүлж” байгаагүй. Ингээд л гүйцээ…
Гол асуудал
Энхбаярын захидалд “олон юм” байгаа. Энд гол асуудлыг дурдсан байгаа. Энэ нь:
1. 2008 оны луйврын сонгууль
2. 2009 оны луйврын сонгууль
3. 7-р сарын 1-ний эмгэнэлт явдал
4. Оюу толгойг гадныханд өгсөн хариуцлагагүй гэрээ
5. Таван толгойд…шургалсан эрх баригчидын луйвар нийтдээ 5 “юм” байгаа.
Үүнээс болж “гол өрсөлдөгчөө дарж авах” гэсэн гэж зэмлэж байна. Тэр аль хэдийн “гол өрсөлдөгч” байхаа больсон ч өөрийгөө “том хэвээрээ” гэж ойлгож байгаа нь илт.
Нэг мөрийн дараа тэр 2008, 2009 оны луйврын сонгууль гэдгийг давтжээ. Үүнийг нийтдээ 3 удаа давтсан. “Гомдол” нь энэ мөн л дөө. Үүнээс болоод Оюу Толгой, Таван Толгой “буруу замаар” орсон гэж тэр “давтаж” байна. Зөвхөн мэргэжлийн хүн анзаарч болох эдгээр давталтын логик нь Энхбаяр байгаагүй байсан учраас “бүх юм буруу болсон” гэдгийг “батлах” явдал болно.
Яг системийн судалгаа шинжилгээгээр бол “буруу зүйл” Энхбаяр байгаагүйгээс биш, харин энхбаярын өөрөө зохиож бий болгосон систем улаан цаймдаа гарснаас, түүний “үйл хэргийг” үргэлжлүүлж байгаагаас болж байгаа.
Нөхөр ба дайсан
Энд Н.Энхбаяр санамсаргүй байдлаар “нөхөр”-үүдээ “тоогоор” нь дурджээ. Энэ нь:
МАХН: Н.Удвал, Л.Цог
МҮАН: М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон
БНН: Б.Жаргалсайхан, Түмэнжаргал
МНН: Маам, Батбаатар, Наранбаатар, Бум-Ялагч нар аж. Миний ойлгож байгаагаар энэ нь “хэтэрхий бага” хүчээс гадна хэтэрхий олон хутган үймүүлэгчтэй байна.
Дараа нь тэр “дайсан” байгууллагуудаа дурдаж байна. Энэ нь:“Шүүх, прокурор, АТГ, цагдаа бүхэлдээ эрх баригчдын гарын утсан хүүхэлдэй болж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн машин болсныг нотоллоо” гэсэн өгүүлбэр юм.
Ердөө л дөрвөн байгууллагыг дурдаж байна. Уг МАН л баймаарсан. Сонин байгаа биз…
Одоо тэр “дайснуудынхаа” нэрсийг шууд дурдаж байна. Энхбаярын “гол дайснууд” нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц, Б.Баабар нар болох нь тодорхой байна.
Өөр ямар ч “дайсны” нэр алга…
Н.Энхбаяр “2008 оны луйврын сонгуулийг хийлцэж, өөрөө 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн Ц.Элбэгдорж алхам тутамдаа хууль зөрчиж, хууль хяналтын байгууллагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс төрийн даалгавар өгч ажиллаж байгаа нь нэгэнт ил тод боллоо. Д.Дорлигжав, Л.Хурц (Уг нь Б.Хурц юм-Д.Г.) нар нь хуулийн дагуу биш харин хуулийг уландаа гишгэж ажилладаг, үнэнийг хэлэхэд өширхөн, хуулийн байгууллагыг эзэндээ үйлчилдэг хэрэгсэл болгосон хуулийн алуурчид болжээ. Монгол Улс маань гадаадын эдийн засгийн алуурчид дотоодын хуулийн алуурчдын гарт оржээ” гэж дүгнэж байна.
Тэгээд “Эд нарын дэглэм хараахан бэхжээгүй дээр нь хамтын хүчээр түлхэн унагаах хэрэгтэй” гэж уриалан дуудахын хамт “Цаашид ч миний амийг хороохыг завдахыг үгүйсгэх аргагүй!” гэдгийг анхааруулсан байна.
Энхбаяр их туршлагатай хүн. Тэр МАН, АН, Засгийн Газар, Ц.Нямдорж, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын нэрсийг дурдаж болох байсан уу ?! Мэдээж дурдах боломж нээлттэй байсан. Гэвч тэр дурдсангүй. Яагаад ?!
Дүгнэлт нь “Сонгуулиар саналаа МАН, АН-д битгий өг!”. Харин энэ уриандаа тэр өөрөө ч итгэхгүй байгааг би сайн мэднэ.
Захидалд ийн өгүүлсэн атал “холбоо барьж” чадахгүй, “захидал ч уншиж чадахгүй” балай тэнэг юмнууд нь МАН, Нямдорж энэ нар руу бүх төрлийн буугаар тасралтгүй “пулемётлох”, онож байгаа “юм” ганц ч байхгүй…
Улс төрийн байлдаанд нүдээ хурц байлгаж, “бай”-гаа сайн шагайж байж бууддаг болохоос биш, “хуучин бай” руугаа таамгаар галлавал гарцаагүй ялагдахын цондон. Хажуунаас чинь хүүхэд ч гэсэн буудчихвал Та нар “шууд дуусах” үнэхээр тэнэг новшнууд байна…
Ард түмэнд хэлэхэд одоо Ц.Элбэгдорж тэргүүтэй “ардчилсан нам”, Сү.Батболд тэргүүтэй “ардын нам” хоёр л “байлдаж” байна. Юу нь сонин байсийм, юугий нь “учрыг нь олох” гээд “тэнэгтээд” байгаам ?!
Ийм юм ойлгохгүй байж улс төр мөр гэж сүржигнэж давхих бол үнэндээ ичмээр л дээ. Цагаа тулбал “танай” Энхбаярыг МАН, Ц.Нямдорж “аврах” ч юм бил үү, хэн мэдлээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 19.
http://ganaa.mn/
URL: