Бодь группын гараар орж улстөржсөн “ухаант” үнэмлэх хэзээ иргэдийн гар дээр очих бол

Социализмын үед Монгол Улсын иргэн гэдгийг минь баталж байсан том улаан паспортаа гарын алганд багтахаар жижигхэн үнэмлэх болгож өөрчлөхөд “юм хөгжнөө гэж” хэмээн гайхаж байсан цаг саяхан. Харин энэ үе нэгэнт ард үлдэж ухаант үнэмлэх буюу цахим үнэмлэхтэй болохоор Монгол Улс зориг шулуудан ажилдаа орсон.

Маш олон төрлийн мэдээлэл багтаасан чипийг цахим үнэмлэхэд суулгаснаар банк, даатгал, халамжийн үйлчилгээ зэрэг олон газар иргэдээс иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт гэх мэт элдэв лавлагаа шаардахгүй болох давуу талтай. Түүнд суулгасан мэдээллийг цагдаа, эрүүл мэнд, банк, даатгалын байгууллага тусгай төхөөрөмжөөр уншуулаад мэдэх боломжтой учраас түүнийг ухаалаг үнэмлэх гэж нэрийдэж байсан. Цахим үнэмлэхийг үйлдвэрлэхэд зориулж 10.1 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.

Ухаалаг үнэмлэхийг сонгуулийн өмнө бэлэн болгож ард иргэд цахим үнэмлэхээр сонгуулиа өгнө гэсэн итгэл үнэмшлийг иргэд хэдийнэ өвөрлөөд байсан. Зөвхөн цахим үнэмлэхийг уншиж сонгуулийн саналыг тоолдог гэх машиныг хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө заран байж авч ирсэн болохоор итгэхээс ч яалтай. Харин энэ цахим үнэмлэх иргэдийн мэдэлд очих нь “цементэн дээр цэцэг ургуулах”-тай адил болох бололтой. Учир юу гэвэл 2012 оны сонгуулийн өмнө гаргах ёстой байсан дахим үнэмлэх амжихгүй болж монголчууд 2008 оны сонгуулийн дэг жаягаар хайрцгаа тэврээд хаа сайгүй явахаар боллоо.

Сураагүй юм биш явж л таарах байх. Үүнийг УБЕГ-ын дарга Н.Амарсанаа Төрийн ордны индэр дээрээс албан ёсоор “Бид 2012 оны сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг гаргаж чадахгүй. Сонгууль хуучнаараа хийгдэж таарах нь” хэмээн зарласан. Гэхдээ хийж чадахгүй бол улсын хөрөнгө болоод нийгмийн сэтгэлзүйгээр тоглох шаардлага байсан гэж үү.

Эргээд сануулахад Бодь групп цахим үнэмлэх хийх тендерт ялж бид хийж чадна хэмээн ам бардам дуугарч байсан. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нэг хүнийг телевизийн “од” болгож байгаа аятай өдөр бүр шахуу “Бид чадна аа, хэвлэх машин бүгд бэлэн, асуудалгүй. Сонгуулиас өмнө монголчууд ухаалаг үнэмлэхээ гар дээрээ авчихна” хэмээн өндөр дуугаар дуугарч байсан цаг саяхан.

Гэвч тэдний энэ том амлалт худлаа хийрхэл байсан нь тодорхой боллоо. Байтлаа өөрсдийн хариуцлагагүй ажлаа ах намууд болох МАН, АН хоёр руу чихэж тэдний буруу мэт харагдуулж, цахим үнэмлэхнээс бултаж чадсан.

Харин цахим үнэмлэхийг сонгуулийн өмнө гаргаж чадахгүй болсон шалтгаан нь Бодь групп АНУ-ын “Датакарт” компанитай хийсэн гэрээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл “Датакарт” компани цахим үнэмлэхний ой санамжинд суулгах мэдээллийн программ бүтээж түүнийгээ дөрөвдүгээр сарын дөрвөнд хүлээлгэж өгөх ёстой байв.

Гэвч “Датакарт”-ынхан дөрөвдүгээр сарын 22 хүртэл уг программыг хүлээлгэж өгөх бололцоогүй гэдгээ Бодь групп албан ёсоор хэлсэн байна. Тодруулбал, “Датакарт” компани сонгуулийн санал тоологч машинаас хамаарч өмнө нь суулгасан программдаа дахин өөрчлөлт хийх шаардлагатай тулгараад байгаа гэнэ.

Түүнчлэн Бодь групп нь Францын “Жамельто” компанитай гэрээ хийж нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 28-ны дотор илдэсийг нийлүүлж дуусна гэж байсан байх юм. Өөрөөр хэлбэл, 1.9 сая иргэний цахим үнэмлэхний илдсийг дээрх хугацаанд нийлүүлж дуусна гэж мэдэгдсэн. Гэтэл Бодь группынхан янз бүрийн шалтаг, шалтгаан хэлсээр хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын зургаанд эхний 60 мянган илдэс ирнэ гэж хэлжээ.

Энэ тооцоогоор бол зургаадугаар сарын нэгэнд хамгийн сүүлийн илдсийг нийлүүлж дуусах байв. Энэ бүхнээс харахад Бодь группын буруутай үйл ажиллагаанаас болж цахим үнэмлэхний хэвлэлт саатаж сонгууль хуучин журмаараа явах болоод байна. Үүнд цэвэр хариуцлагын асуудал явж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Ингээд ухаалаг үнэмлэх сонгуулийн өмнө гарч чадахааргүй боллоо. Ер нь анх гэрээ байгуулж байхдаа л сонгууль хэдийд болдог, гурав хүрэхгүй сая хүн амаа хэрхэн цахим үнэмлэхтэй болгох талаар мэдэж байж л хийх ёстой байсан биш гэж үү.

Сонгууль гэнэт болно гээд зарлачихаагүй байлтай. Магадгүй энэ нь 2008 оны сонгуулийн дараа болсон үйл явдлын нөхцөлийг бүрдүүлээд өгч байна уу. 2008 оны сонгуулийн дараа болсон Долоодугаар сарын нэгний үйл явдал товчхондоо сонгуулийн цэнхэр хайрцагт үл мэдэх нөхөр гар хүрч дүнг нь будилаантуулсан гэснээс л үүдэлтэй шүү дээ.

Дээрээс нь Цэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан боловч УИХ хүлээж аваагүй. Ингэхээр хүссэн ч эс хүссэн ч сонгууль хуучин дэг жаягаараа явна. Муу ёрлож бодож санаж байгаадаа ч хэлж байгаа юм биш хоёр дахь долоодугаар сарын нэгэн болохыг үгүйсгэхгүй. Үүнийг ганцхан би хэлж байгаа ч юм биш нийгэм тэр чигээрээ ийн бодож, болгоомжилж байна.

2008 оны сонгуулийн дараа болсон хэргийг дөрвөн жил улстөржүүлж ярьсан. Магадгүй 2008 оны долоодугаар сарын нэгэнд болсон үйл явдлыг дахин болгохын тулд ийм зүйл хийж байгаа ч юм билүү. Хэрэв ийм зүйл болбол үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Бодь группын буруу гэж үзвэл тэд гэрээнд заасны дагуу буюу хоцроосон хоног тутамд 0.1 хувийн хүүтэй мөнгөн торгуул төлөх юм. Энэ бол зүгээр мөнгөөр тооцогдох хариуцлага. Тэд үүнийг хүлээх ч үүрэгтэй. Харин сонгуулийн үеэр янз бүрийн асуудал үүсч мөнгөөр хэмжигдэхгүй их гарз хохирол учирвал яах вэ.

Магадгүй ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан бол Монголд ганцхан компани байдаг биш өөр компани руу эрхийг нь шилжүүлж болох байсан. Хэрэгтэй цаг үед нь хийгээгүй энэ цахим үнэмлэхийг ганцхан Бодид найдаад хүлээх шаардлага байсан. Цаашлаад ярих юм бол Бодь групп АН-ын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг гэх.

Хэрвээ үнэхээр ардчилсан үнэн шударга сонгууль явуулахыг хүссэн бол өнөөдрийн ийм байдлыг үүсгэхгүй эртнээс ярьж хэлж хариуцлагатай л ажиллах байлаа Бодь группынхан. Тэгэхээр шударга ардчилсан сонгууль Монголд болна гэдэг мянгуужингийн үлгэр шиг болж таарч байна. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж бий. Дөрвөн жилийн турш улстөржиж энгийн иргэд ажил үүргээ гүйцэтгэж явсан хүмүүсийг буруутан болгож орхисон энэ зүйл тэдэнд цочрол өгөөгүй бололтой. Нэг үгээр хэлбэл дараагийн дөрвөн жил ярих ажлаа бэлдэж байгаа нь энэ болж таарах нь.

Мөн өмнө нь хэвийн явагдаж байна гэх хариуг өгч байсан цахим үнэмлэхний ажил гэнэт АН хамтарсан Засгийн газраас гарч хоёр тийш болсон тэр үед ил болсон нь үүний цаана чухам юу нуугдаад- байгааг харуулж байгаа юм. Ард иргэдэд байх ёстой биеийнх нь байцаалтыг зүгээр нэг өгчихгүй яах гэж улстөржүүлж асуудал үүсгэж байдаг байна даа.

Эсвэл ухаантай үнэмлэх юм чинь өөрөө улстөржөөд байгаа юм болов уу. Юм хөгжинө өө гэж гэдэг үгийг ахиад нэг хэлмээр санагдаж байна. Магадгүй энэ улстөрчдийн сонгуулийн өмнөх ээлжит нэг тоглолт байх л даа. Гэхдээ хийвэл хийсэн шиг хийж, хийж чадахгүй бол дэмий юм ярьж улсын хөрөнгөөр тоглохоо болимоор юм даа.

Г.Төгс
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих