Үйлдвэрчний С.Ганбаатар Сант Маралыг авлигадсан уу

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ гэж заасан.

Харин Их Хурлын гишүүн болох гэсэн их санаатнууд үүнийг даанч нэг тоохгүй хуулийг улан доороо гишгэж байгаа. Тэдний нэг нь хууль ёсыг надаас бусад нь сахихгүй байна гэж өдөр бүр үглэж байдаг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар болчихоод байгаа нь харамсалтай. Ёстой нөгөө ам ажил хоёр алд дэлэм зөрөв гэдгийн хамгийн ойрын тод жишээ энэ болж байна.

С.Ганбаатар угийн зальтай зангаараа өөрийнхөө сурталчилгааг явуулж байгаа гэх. Энэ нь юу гэвэл Монголын ард түмний дунд С.Ганбаатар гэдэг хүн их нэр хүндтэй байгаа бөгөөд харин тэрбээр үүнийгээ нэг их сайн анзаарахгүй байгаа дүр үзүүлэх тактикийг сонгож авсан гэнэ. Өөрөөр хэлбэл бараг л Ганбаатараас бусад бүх хүн түүнийг тэнгэрт тултал магтаж, бүгдээрээ нийлээд УИХ-ын гишүүн болооч гэж гуйж байна гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх зорилготой юм байх.

Тийм ч учраас саяхан тэрээр «Сант Марал» сангийнхнаар өөртөө ашигтай судалгааг хийлгэх гэж байна гэсэн яриа тодорхой хүрээнд гарч байсан юм. Үүнийг сонссон хүмүүс «Арай ч үгүй байлгүй дээ. Тийм эрээ цээргүй юм гэж юу байсан юм» хэмээн ярьж байв. Гэтэл энэ үнэн болж шилдэг улстөрчдийн жагсаалтыг С.Ганбаатар тэргүүлжээ гэсэн мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр тавигдав.

Ер нь «Сант Марал»-ынхан улстөрчдийн захиалгаар судалгаа хийж таалалд нь нийцүүлдэг гэсэн яриа нэг бус удаа гарч байсан. Саяын судалгааг хийхийн өмнө С.Ганбаатар «Сант Марал»-ынхантай нэг бус удаа уулзаж ярилцсан нь дээрхийн нотолгоо биш үү.

Тэрбээр «Би шилдэг улстөрчийн эхний аравт гарцаагүй орно. Харин энэ надад хангалттай биш. Би эхний нэгд л нэрээ оруулмаар байна. Үүгээрээ намайг олон нийт өндөр зэрэгт хүлээж авах нь уу, үгүй юу гэдгийг тандаж мэдмээр байна. Та нар санал асуулгынхаа бусад асуултыг яг үнэнээр нь явуул. Харин шилдэг улстөрчдийн жагсаалтад л жаахан засвар оруулчих. Ингэж тохиръё. Тохиролцож болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ» гэжээ.
Ингээд л тэбрээр олон улстөрчийн толгой дээгүүр хээв нэг алхаж, амьдрал дээр биш ч гэсэн алаг эрээн цаасан дээр түрүү магнай болох нь тэр. Тэр ямар ч гэсэн хэлсэн амандаа хүрч, «Сант Марал»-ынхантай тохиролцож чаджээ. Харин энэ тохиролцооны цаана юу нуугдаж байгаа бол.

Сонгуулийн хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно гэсэн заалт бий. Гадаадын улс орнуудын сонгуулийн хуулинд ч яг ийм утга агуулгатай заалт байдаг. Тэр улсуудад сонгогчдын сонголтод хуурамчаар нөлөөлөх магадлал маш өндөр гэж үзээд сонгууль дөхсөн үед тодорхой хугацаанд улстөрчдийн рейтинг тодруулахыг хориглосон байдаг. УИХ-ын сонгууль дөхөж зарим нэг хүн эрх мэдлийн эрэлд шар махтайгаа хатаж байгаа манай Монголд ч гэсэн үүнийг авч хэрэглэх нь буруу биш гэдэг нь С.Ганбаатарын хуйвалдаанаас харагдаж байна.

Л.Гүнчин


URL:

Сэтгэгдэл бичих