“Юугаараа санал өгнө дөө”

Би одоогоор арван дөрвөн мянгын нэг. Цаашид ч бидний тоо нэмэгдэнэ. Бүлэг гэж хэлэхэд ч хаашаа юм. Ямар ч байсан нэг ашиг сонирхолтой болох гээд буй нийгмийн хэсэг. Энэ хэсгийг хэн бий болгочихов гэж асуувал, Ц.Нямдоржоос эхлээд нэлээд хэдэн хүнтэй хариуцлага тооцох асуудал сөхөгдөнө. Гол учир юу гэвэл, бидэнд цахим үнэмлэх ч, хуучин үнэмлэх ч олдохгүй болж таарах нь. Ингэхээр сонгуульд хэрхэн оролцох болж байна гэдэг асуулт гарч ирнэ. УИХ-ын сонгуулийн хуулиар “Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гээд заасныг харахаар ямар нэгэн байдлаар сонгуульд оролцох хаалга гаргах байх гэдэг нь ойлгомжтой байна. Харин нэг зүйл ойлгомжгүй байгаа нь надад боломж олгосон энэ хаалгаар сонгууль өгөх эрхгүй хэн нэгэн орчих вий гэдэг л байна.

ЦАХИМ ҮНЭМЛЭХ

Энэ сонгуульд цахим үнэм­лэх ашиглах нь тодорхой хэм­жээний луйвар булхайг хаана хэмээн төсөөлж байсан нь нурж буй бололтой. Улсын бүртгэлийн газрын даргын мэдээлэл ёсоор “бараг боломжгүй” болжээ. Ин­гэж хугацаандаа амжихаа боль­сон нь сонгуулийн санал тоо­лох машин нь хэт эн­гийн, анхан шатных тулд өн­дөр технологитой ухаалаг үнэм­лэхний кодчилол зөрсөнтэй хол­боо­той. Иймд энгийн зүйлд таар­даг болгож программчлах шаардлагын улмаас хойшлохоор болсон юм. Энэ ажлыг гүйцэтгэх АНУ-ын компани нь нэр хүндээ бодоод муу зүйл хийж өгөхгүй гэж. Гэвч үүнийг урьдчилан тооцоолох үүрэг УБЕГ-т байх ёстой, мөн мөнгөндөө горойж дурын газар гологдохоор машин авснаараа Сонгуулийн ерөнхий хороонд ч буруу гарцаагүй байна.

Гэвч бурууг өөрсдөөсөө болсон гэж хүлээн зөвшөөрөх бодол Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаад байхгүй бөгөөд Францын талаас ирүүлсэн мэдээллээр бэлдэцний нийлүүлэлт, ажилд “Улаан өндөгний баяр” сөргөөр нөлөөллөө гэх тайлбарыг хийж буй нь үнэндээ инээдэм. Хоёр намын бүлэг, УИХ-ын гишүүдийн хооронд бөөн асуудал, хэлэлцээр болж байж тохиролцсон зүйл энэ мэт шалтгаанаар болж унах нь. Тодруулбал, Хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэгчид хийхгүй, амжихгүй гэж гүрийгээд байвал цахим үнэмлэх унах нь.

ХУУЧИН ҮНЭМЛЭХ

Шинээр томилогдсон УБЕГ-ын дарга Л.Амарсанаа “Сонгуулийг цахим үнэмлэхээр заавал хийхгүй байж болно. УИХ-ын сонгуулийн хуулинд нь ч үүнтэй холбоотой заалт байхгүй” гэж мэдэгдсэн. Энэ үнэн, үнэхээр цахим үнэмлэх гэсэн үг УИХ-ын сонгуулийн хуулинд ганц ч байхгүй. Гэвч нэг заалтыг мартчихжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 43-р дугаар зүйлд Санал авах ажиллагааны талаар хуульчилж. Тодруулбал, 43.4-т “Хэсгийн хороо энэ хуулийн 43.1-43.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ иргэний үнэмлэхийг нь сонгогчдын нэрсийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудас олгоно” гэчихэж. Саналын хуудас өгөхийн тулд яалт ч үгүй иргэний үнэмлэхийг нь харж байж тулгах шаардлагатай гэнэ. Цахим үнэмлэх боломжгүй болсон тохиолдолд хуучин иргэний үнэмлэх дээр бууна. Сонгуулийн хуулийн дээрх заалтанд ч нийцэх нь. Гэвч цахим үнэмлэхний сураг гарсан даруйд хуучин үнэмлэхний хэвлэх ажил зогсчээ. Үүгээр зогсохгүй нэгэнт л ашиглахгүй юм чинь гээд бэлдэц татахаа ч зогсоож. Энэ талаар өнөөх Л.Амарсанаа “Энэ асуудлыг шийддэг нь бид биш, УИХ дээр үүнийг шийдэх байх. Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн өвөл иргэний цахим үнэмлэх хэвлэж эхэлнэ гэдэг үндэслэлээр одоо ашиглаж байгаа үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосон. Тиймээс одоо дахин шинээр хэвлэх хууль эрх зүйн хувьд ч боломжгүй” гэж. Эрх зүйн орчныг нь эргэн сэргээсэн ч хуучин үнэмлэхний бэлдэц ч мөн хаанаа ч хүрэхээргүй цөөхөн тоотой буюу улсын хэмжээнд 2000 гаран л бэлдэц бий аж. Хуучин үнэмлэхийг дахиж хэвлэнэ гэх шийдвэр гараагүй байгаа тул одоо ч энэ бэлдэцийг авчирч ирэх ажил эхлээгүй гэнэ. Ингэхээр бас л хуучин үнэмлэхээ дахиж хэвлүүлж сонгуульд оролцох боломж 2000 хүнээр л хязгаарлагдах аж. Тэгэхээр энд багтаагүй хүмүүсийн хувьд хуучин үнэмлэх боломжгүй болох нь.

ЛАВЛАГАА

Цахим үнэмлэхээс иргэний үнэмлэх рүү бууж буйн адил иргэний үнэмлэхгүй хүмүүс лавлагаан дээр унаж мэдэх нь. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон насанд хүрч шинээр иргэний үнэмлэх авахаар хүсэлт гаргасан иргэдийн тоо дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар 14 мянга гаран хүн байгаа, үүний нэг нь би гэдгээ дээр хэлсэн. Ингээд “Миний үнэмлэхний хугацаа дуусчихсан. Сонгууль дөхөж байна. Би яах вэ” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлалаа. “Хугацаа нь дууссан бол лавлагаа гаргаж өгнө. Уг баталгаан дээр цахим үнэмлэх гартал хүчинтэй гэх дардас дарж өгч байгаа” гэв. УБЕГ-ын газрын даргын тайлбараар бол “лавлагаа нь үнэт цаасан дээр хэвлэж байгаа, тамгатай, тодорхой дугаарлалттай” гэнэ. Гэвч иргэний үнэмлэхийг хуурамчаар, олон хувь үйлдээд байна гэх асуудлыг шийдэж чадаагүй байж лавлагааг шударгаар олгоно гэвэл олон хүнд эргэлзээ л төрөх болно. Үүнээс гадна “иргэний үнэмлэхийг тулгаж байж саналын хуудсыг олгоно” гэсэн заалттай ч нийцнэ гэж харагдахгүй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш иргэний үнэмлэх олгоогүй. Жилд 40-50 мянган хүүхэд төрдөг гэх судалгаа, энэ жилийн 18 настнууд гэдэг чинь ерээд оны хүн амын өндөр өсөлтийн үед төрсөн хүүхдүүд гэдгийг харвал 20 мянга гаруй залуу цахим үнэмлэх хүлээгээд цагаан хуудастай явахаар харагдана. Үүн дээр үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэний бичиг баримтгүй, лавлагааны хуудсаа ч аваагүй олон хүнийг нэмж тооцох хэрэгтэй болж байна. Тэгээд тэдгээр иргэдийг хэрхэн иргэний үнэмлэхтэй болгох вэ гэдгээ бодох биз.

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ДЭВТЭР

Хүний хөгжлийн дэвтрийг ашиглаж сонгуульд оролцох санааг Ахмадын чөлөөт холбооныхон гаргаад буй. Уг холбооны тэргүүн Г.Баасан энэ талаар “Хүний хөгжлийн дэвтрийг иргэний үнэмлэхний хамтаар ашиглах нь сонгуульд их тустай. Энэ дэвтэр нь өөрөө нууцлал, тамга тэмдэгтэй, иргэний оршин суугаа хаягийн бичилт хийсэн зэргийг нь бодсон ч хамт сонгуульд ашиглана гэхэд буруудах зүйл байхгүй. Манайд иргэний үнэмлэхийг олон хувиар илүү хэвлэдэг. Мөн хаягийн наалтыг олон хувь илүү гаргадаг. Гадаадад амьдарч байгаа, нас барсан, цэрэгт явсан гээд сонгуулиа өгдөггүй хүмүүсийн оронд саналыг нь өгдөг. Бас Монголд байгаа Хятад иргэдэд манай иргэний үнэмлэхийг олноор олгосон байгаа. Тийм учраас Хүний хөгжлийн дэвтрийг давхар тулгаж үзэх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Сонгуулийн бүртгэл, саналын асуудлыг хариуцах гол хүнээр МАН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг томилсон нь эдгээр эргэлзээг улам лавшруулж байна. Энэ нам нь өнөөдрийг хүртэл хулгайн аргаар сонгуулийн саналыг авч ирсэн гэж бодохоор их ноцтой байна. Чингэлтэй дүүрэг дээр 2008 оны сонгуулиар сонгуулийн саналын 100 хуудас хулгайлж байгаад баригдсан Баатарсайхан гэж нөхөр одоо Иргэний бүртгэл мэдээллийн газрын сонгуулийн ажил хариуцсан хэлтсийн дарга хийж байгаа. Ингэж хулгайчид албан тушаал өгч байгаа нь дээд шатанд саналын хулгай хийх нь гэж харахаас өөр арга алга. Тэдний энэ үнэмлэхний луйврыг гаргуулахгүйн тулд л 21 мянган төгрөгийн дэвтрийг ашиглах хэрэгтэй гээд байгаа юм.” гэж тайлбарласан. Үнэндээ “Хүний хөгжил” сангийн дэвтрийг үндсэлж санал өгөх гэдэг нь арай шударга байж ч магадгүй. Мэдээж банк бол бизнесийн байгууллага учраас луйвардуулахгүй нь тодорхой. Гэхдээ л одоогийн хуулинд ашиглах боломжийг нь тусгаагүй байна.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих