Ядуурал буурсан гэж үү

Монголын ядуурал буурч 29,8 хувьд хүрснийг Үндэсний статис­тикийн хороо, Дэлхий банкны мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт дуулгав. Тэдний хэлснээр Монгол Улсын ядуурлын хэмжээ 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 хувиар буурчээ. Ядуурлын хэмжээг  бүс нутгаар авч үзвэл баруун бүсийн ядуурлын хэмжээ 30.2 хувь, хангайн бүсийнх 38.9 хувь, төвийн бүсийнх 27.2 хувь, зүүн бүсийнх 34.3 хувь, Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9  хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Ядуурал буурч байгааг сонсоход таатай л байна. Нэг өрхийн, нэг хүний амьдрал дээшилж байвал Монгол Улс хөгжиж байна гэж итгэж болох юм.  Даанч өнөөдөр бодит байдал дээрх монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Үүнийг хотын захын гэр хорооллоор шүргээд гарахад л тодорхой мэдчихнэ дээ.

Өдрийнхөө хоолыг яая даа гэсэн өлөн зэлмүүхэн өрх, хог түүж ходоодоо борлуулж яваа иргэд, өдрөөс өдөрт үнийн дарамтад өртөж байгаа нийгмийн бодит амьдралтай харьцуулахад Монголд ядуурал буурсан  би лав итгэж чадахгүй нь. Магадгүй хотын гудамжаар хөл­­хөлдөж байгаа тансаг машин, дэлхийн брэндүүдээр өвчилсөн хийрхэл, булган шуба, алт мөнгөнд живсэн хэдхэн гэр бүлийн хэтэрхий тасархай амьдралаас  Монголд ядуурал буурсан гэж дүгнэх нь арай л өрөөсгөл болох байх. Яг үнэндээ, Монголын тэн хагас нь шахуу ядуу, ядуувтар амьдарч байгаа нь худлаа биш шүү дээ. Иргэд эх орныхоо хишгийг авахаар хэдэн өдөр дараалан оочерлохгүй, махны үнэ өслөө хэмээн мацаг барихгүй,шатахууны үнийн эсрэг жагсахгүй, жилийн зургаан хувийн хүүтэй зээлэнд хууртагдахгүй болсон цагт л ядуурал буурлаа гэж дүгнэж болох юм. Яагаад гэвэл ядуу иргэд л үнийн өсөлтөд нэрвэгдэж, төрийн халамжийг шүтэж амьдардаг юм шүү дээ.

Өнөөдөр нийгмийн сэхээтнүү­дийн нэг хэсэг нь цалингаа нэмүү­лэ­хийн төлөө ажил хаяж, айлгаж сүрдүүлж, өвгөд, хөгшид өнөөх сая, сая төгрөгийн өглөгт нь нүдээ унаган горьдож, ажилгүйдэл өмнөх жилийнхээс 10 мянгаар өсч, айлын орлого нь зарлагаа дийлэхээ боль­чихоод байхад ядуурал буурсан гэх ямар учиртай юм бол, Үндэсний статистикийн хорооныхон. Төрөөс цалинждаг, төсвийн байгууллага болоод ч тэр үү Үндэсний статис­тикийн хорооны мэдээлэл ерөн­хий­дөө хэтэрхий албархуу, хуурай­дуухан байдаг. Тиймээс тэд хуудуу­­тай судалгаа хийсэн гэхэд гай­хаад байх хэрэггүй л дээ. Харин Дэлхийн банкнынхан Монголын олон өрхөөр орж, олон хүний амьд­ралтай танилцсан, судалсан бай­гаа­сайдаа л гэж найдая.

Өнгөрсөн жил МУИС-ын дугуй танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Мөнгө­ний бодлогын дэд зөвлөл” хуралдаж, Монголд ядуурал 39 хувь болтол өссөнийг зарласан.  Хуралд оролсон эдийн засагчид, судлаачид эх орны хишгийг тарааж эхлэхээс өмнөхөн Монгол Улсын  ядуур­лын төвшин 32 хувьтай байсан бол 2011 онд ядуурлын төвшин 39,2 болт­лоо өссөн гэх мэдээллийг өгч байв.

Гэтэл  үүнээс хэдхэн сарын дараах­ан Үндэсний статистикийн хорооныхон өөр мэдээлэл өгч байгаагийн учир шалтгаан юу байв. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг гайхамшгийг Засгийн газар байнга рекламдах болсон. Тиймээс ч үр өгөөж багатай үсрэнгүй өсөлтийн талаар өөлөх хүн цөөнгүй.  Өнгөрсөн онд 17 хувьтай гарсан эдийн засгийн өсөлт болоод ирэх оны сүүлээр 5000 ам.долларт хүрэх нэг хүнд оногдож буй ДНБ-ний гайхамшиг харамсалтай нь Монголын жирийн иргэний амьдралд тоож наалдахгүй байгаа. Тиймээс Сангийн дэд сайдын хэлснээр, Монголын цөөхөн өрхөд хүртээмжтэй, харин ядуусын ядуурал буурсан гэх судалгааг хэн нэгнээр захиалгаар хийлгэсэн ч юм бил үү, хэн мэдэх вэ.  Ер нь Монголд хэн нэгнээс хараат бус  бие даасан судалгаа хийдэг байгууллага бараг байхгүй. Ихэнх судалгааны төвүүд бусдын захиалга, санхүүжилтээр л судалгаагаа хийдэг нь нууц биш.

Дэлхийн банкны мэргэжилтнүүд эдийн засгийн өндөр өсөлт иргэдийн амьд¬ралд  сайнаар нөлөөлж байгааг хэвлэлийн бага хурлынхээ үеэр онцолсон байна лээ. Эндээс харахад энэ судалгааг хэн нэгний захиалгаар хийв үү хэмээн хардмаар. Тус банкны мэргэ¬жилтнүүд ядуурал буурсан хэмээн дүгнэсэн  шалтгаанаа  хөдөөд малын тоо толгой өссөн, түүхий эдийн үнэ ханш тогтвортойгоор байнга өсч байгаа, иргэдийн банкин дахь хадгаламж нэмэгдсэн, дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өсөж байсан ч иргэдийн орлого буураагүй гэдгээр тайлбарлаж буй. Хөдөөд мал өссөн үү гэвэл өссөн. Энэ үзүүлэлтээр авч үзвэл Монголд ядуурал буурсан байж болох талтай. Харин иргэдийн хадгаламж нэмэгдсэн гэдэг нь хадгаламж нээсэн иргэдийн тоо өссөн үү, эсвэл өмнө нь хадгаламжтай байсан иргэдийн хадгаламж нэмэгдсэн үү гэдэг хоёр асуулт тавигдаад байгаа. Яагаад гэвэл энэ нь хоёр өөр агуулгатай, хоёр өөр ойлголт учраас. Дэлхийн банкныхан хэдийгээр ядуурал буур¬сан ч Монголын олон өрх ядуу хэвээр байгааг анхааралдаа авахыг Засгийн газарт сануулсан байна лээ. Мөн Монголд сүүлийн жилүүдэд баян ядуугийн ялгаа хэт их гарсныг дуулгасан. Тэгэхээр Монголд ядуурал буурсан гэдэг нь бас эргэлзээтэй мэдээлэл байгаа биз. Эндээс харахад Монголд ядуурал буугаагүй, баян ядуугийн ялгаа харин хэт их гарчихсан юм биш үү. Ямарч байсан монголчууд 21 мянган төгрөгийн төлөө үүр цүүрээс үдшийн бүрий болтол оочерлохоо больсон цагт л Монголын ядуурал буурчээ гэвэл илүү үнэмшилтэй дүгнэлт болох биз ээ.

Ж.ЭРХЭС


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих