Хилчдийн өндөр нууцлалтай дайн тулааныг хэзээ зогсоох вэ

Цагаан сарын шинийн нэгэнд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх газрын дарга нар биесээ хутгалж, гэмтээсэн байна. Энэ талаар Хилийн цэргийн хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Баасанжаргалаас тодруулахад “Ийм хэрэг гарсан. Гэхдээ ажлын цагаар бус амарч байхдаа маргалдаж, улмаар биедээ гар хүрсэн юм байна лээ. Тиймээс манайд хамааралгүй энэ хэргийн талаар шалгаж байгаа цагдаагийн газраас мэдээлэл ав” гэсэн хариулт өгсөн юм. Ямартаа ч өнөөдөр хилийн цэргийн удирдах газар шуурхай хуралдаан хийсэн боловч энэ хэргийг ажлын бус цагаас болсон гэдэг балай шалтгаанаар нам дарахаар шийджээ. Гэхдээ хилчдийн дунд сүүлийн үед “уламжлал” болоод байгаа нэгнээ барьцаалах, цэргүүд нь даргаа хөнөөхийг завдах, тэр ч бүү хэл дарга нар нь энэ байдалд хачир нэмж, хоорондоо эвдрэлцэх, илд мэсний урлагийг нэгэндээ гайхуулах гэх мэт таагүй байдал үргэлжилсээр байна. Тухайлбал баталгаатай эх сурвалжийн хэлснээр оны өмнө Говь-Алтай аймагт мөн дээрх гэмт хэрэгтэй адил үйлдэл болжээ. Мөн энэ талаар тус албанаас тодруулах гэсэн боловч эрс үгүйсгэлээ.
Гэхдээ хилийн заставуудад үүсээд байгаа таагүй байдал, борооны дараах мөөг гэдэг шиг шил шилээ дарсан гэмт хэрэг тийм ч шинэ үзэгдэл биш юм. Учир нь одоогоос арван жилийн өмнө хилчдийн хооронд зөрчил болоод дарга нар нь цэргээ дарамтлах байдал хэрээс хэтэрч байв. Үүний улмаас ойр ойрхон буудалцаж, дарга нар нь хоорондоо хутга мэс барин сүлбэлцэн нэг ёсондоо дайны байдалтай байсаар удлаа. Уг нь тэд эх орныхоо торгон хилийг хамгаалах үүрэгтэй. Түүнээс сархдын балгаа гаргаж, дарга нь цэргээ тамлах, цэрэг нь өшрөхсөндөө даргаа барьцаалдаг салбар биш гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Гэтэл энэ бүхний дараа гарынхаа чилээг гэмгүйхэн гаргаж, хүн гэмтээсэн албан тушаалтан нь зохих ёсны хариуцлага хүлээгэдэг гэвэл худлаа. Нэг үгээр хэлбэл тодорхой бус. Харин ч өндөр дээд албан тушаалтнууд нь эх орноо хамгаал гэж гарт нь атгуулсан буугаа мөр зэрэгцэж яваа үүрэг нэгт нөхөд рүүгээ чиглүүлэгсдэд ял зэмлэл, хүртээх тухай төлөвлөхөөс өмнө гарсан хэргийг хэвлэл мэдээллийнхэнд яаж мэдэгдэхгүй байх вэ гэсэн асуултад хариулт олохоор толгойгоо гашилгадаг нь ч нууц биш. Сүүлийн үед зэвсэгт хүчнийхэн хүний эрхийг дээдлэж, дарамт шахалтыг халахын төлөө ажиллаж буйгаа сайрхцгаах болсонтой адил одоо хилчнээс нь хилчний амийг аврах, цэргээс нь цэргийн эд эрхтнийг бүрэн бүтнээр нь хамгаалах талаар ярих цаг нэгэнт болжээ. Өнгөрсөн болоод өнөө цаг шиг энэ мэт дайны байдалтай гэмт хэргийг нуун дарагдуулсны хилчдийн биесээ агнах үзэгдэл нь намдахгүй ч байж болох шүү дээ. Гэтэл тэр нууж хаацайлсных нь “буянаар” гэмээ ухаарах ёстой нөхөд одоо бүр давардаг болж. Муу хүнд үг буу дуулга, мухар үхэрт ус бүү үзүүл гэдэг шиг төрийн тэргүүний санаачилсан “Өршөөлийн тухай хуульд” хэд хэдэн хилчин хамруулж өгөхийг хүссэн байна лээ.
Саяхан манайд хойд хөршийн зөн билэгтнүүд ирэхэд нь С.Зориг агсны хэргийн тухай асуухыг олон хүн хүссэн билээ. Одоо тэд дахин ирвэл “Хилийн цэрэгт хүүгээ явуулж болох уу, эсэн мэнд ирэх болов уу” гэж олон аав ээж, асууж ч болох юм.
Ямартай ч тогооны хөө шиг дагтарсан энэ байдалд анхаарч Хилчдийн дунд өрнөөд байгаа өндөр нууцлалтай дайн тулааныг хэзээ зогсоох юм бол доо.

Д.Гэрэлхүү


URL:

Сэтгэгдэл бичих