Телевизүүдийн чаат гэмт хэрэг өөгшүүлэгч болсоор байна
Телевизийн чаатын зар бусдыг гэмт хэрэгт даллан дуудагч болсоор байна.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө ТМ телевизийн чаатад хүн зодуулах зар өгч, гүйцэтгэгч нар нь захиалгаа хэтрүүлэн хүний амь хохироосон хэрэг гарч байсан. Жил гаруйн өмнө Орхон аймагт мөн л чаатаар танилцсан охиныг хүчирхийлсэн, мөн нийслэлд бага насны охин чаатад зар өгч танилцан бэлгийн харьцаанд орсон гэх зэрэг бусармаг явдал цөөнгүй гарч байсан билээ.
Дээрх ноцтой хэргүүдийн мөрдөн байцаалт дуусаж, хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа Нийслэлийн прокурорын газраас Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газар болон Харилцаа, холбооны зохицуулах хороонд мэдэгдэл өгч, телевизийн чаатуудад хязгаарлалт, хяналт тавихыг анхааруулж байсан боловч төдийлэн үр дүнд хүрсэнгүй. Түүгээр ч зогсохгүй чаатаар бусдыг залилан мэхэлж дээрэмдсэн хэрэг гарлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг, Зайсангийн аманд байрлах “Хан богд” амралтын газарт нэгэн эмэгтэйг хүлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд гарчээ. Хохирогч О ТМ телевизийн чаатаар “Зөөврийн компьютертэй эмэгтэйгээр санхүүгийн тайлан, баланс, жилийн эцсийн тайлан тэнцэл яаралтай гаргуулна. Өндөр цалинтай” гэсэн зар гарахыг үзээд утасны дугаарыг нь тэмдэглэн авч холбогджээ. Утсыг нэгэн залуу авч өөрийгөө “Хан богд” амралтын газрын ерөнхий менежер гэж танилцуулаад ирэхийг урьжээ. Нэгдүгээр сарын 11-нд хохирогч О тус амралтын газарт очиход уг залуу угтан авч гэрт оруулан, улмаар санхүүгийн “А” тайлан гаргуулсан байна.
Тайлан гаргаж суусан О-г нөгөө залуу гэнэт багалзуурдаж, хутга тулган “Дуугүй байхгүй бол ална шүү” гээд орны цагаан хэрэглэлээр гар хөлийг нь хүлж, зөөврийн компьютер, гар утас, төлбөрийн карт, бэлэн мөнгийг нь дээрэмдээд зугтжээ. Энэ хэргээс хойш нэг их удалгүй ТМ телевизийн чаатаар гэмт этгээд “Зөөврийн компьютертэй эмэгтэйг өндөр цалинтай ажилд яаралтай авна” гэсэн зар илгээж, улмаар хохирогч Н-тэй “Оргил” рашаан сувиллын ойролцоох худалдааны төвийн үүдэнд болзсон байна. Зар өгсөн хүн Н-ийг дагуулан Туул гол дагуу явж байгаад далан руу түлхэж унагасан гэнэ.
Улмаар зөөврийн компьютер, гар утас, 500 орчим мянган төгрөгийг нь дээрэмдэн зугтжээ. Уг хоёр хэргийг ХанУул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр илрүүллээ. Уг хэргийг тус дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн сурагч, 18 настай Б.Түйлдсэнээ хүлээсэн байна.
“Өнөөдөр”
URL: