14-ний нараар мөнгө “босгодог” байж
Жил бүрийн хоёрдугаар сарын 14 бол “Гэгээн хайр”-ын өдөр. Энэ мөчийг арилжааны байгууллага, худалдаа наймаач, хүнс үйлдвэрлэгч, тээвэрлэгч, урлаг соёлын гээд бүхий л мэргэжилтэн гоё байлгахыг хүсцгээх болж. Тиймээс хэвийн боовны тухай яриа намжаад л өнгө өнгийн цэцэгсээр чимэглэсэн зөөлөн дулаан үгтэй сурталчилгаанууд сэтгэл сэргээдэг болсон юм. Харин би энэ уран цэцэн үг, олон өнгийн сурталчилгаанд баясаад “мөнгө босгох” боломжтой үеэ алдсанаа одоо л гэнэт ухаарав.
Манайхан өнөө үед баяр ёслол бүрийн маргааш өглөөний нараар ариусдаг болсон гэдгийг би яагаад эрт санасангүй юм бол. Шинэ жилийн шинэ өглөө булган дээл, богино гуталтай нөхөд өглөөний нарыг харахаар хэдийг ч хамаагүй төлдөг тухай дуулж байсан юм. Улмаар сар гаруй хугацааны дараа буюу хаврын тэргүүн сарын шиний нэгний нарыг булган дээлээ үнэгэн малгайгаар сольж, европ хувцасаа үндэсний загвараар өөрчилөн дахин шинэ нарыг харахаар хошуурдаг билээ.
Энэ үзэгдэл “эрт” үеэс буюу одоогоос дөнгөж аравхан жилийн өмнөөс эхтэй аж. Тиймдээ ч утааны цаанаас бус цэвэр тунгалагаар нь нарыг харж, ариусагчид сүрэг сүргээрээ болоод орилолдож байхыг сүүлийн жилүүдэд телевизээр цөөнгүй удаа харсан удаатай. Харин үүнээс өмнө монголчууд нутгийнхаа шүтлэгтэй оргилын овоонд чулуу өргөж, зам мөрөө гаргадаг байжээ. Тэр ч бүү хэл зарим овоон дээр дарс задлах, орь дуу тавихыг ихэд цээрлэдэг байж. Гэтэл миний мэдэхээр Хийморийн овоон дээр олуулаа хашгиралдаж, тус газарт хөглөрөх олон машин сархадын лонхыг төр мөнгөөрөө зайлуулж хаясан юмдаг.
Ийнхүү сүсэг бишрэлдээ хөтлөгдөж, сайн гэсэн бүхнийг хийдэг болсон энэ цагт надаас өөдтэйхөн нөхөр бол хэдэн ядуу найзуудтайгаа нийлээд “Гэгээн хайр”-ын өдрөөр дурлалт хосуудад “Валентины шинэ нарыг харуулах” хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулж болох байж. Ийм ажил зохион байгуулсан бол бага ангийн сурагчдаас эхлээд сүжиг нь хэтэрсэн олон хос хамрагдах нь лавтай. Учир нь мөн л арваад жилийн өмнөөс христед итгэсэн хосууд нүгэлт орчлонгоос ангижирч, бурхны оронд хамт одохоор зэрэгцэн суугаад судсаа ханасан, өөрсдийгөө боомилсон, өдрөөс үсэрсэн тохиолдог цөөнгүй гарсан удаатай.
Тийм болохоор “Энэ өглөөний наран ургахыг хостойгоо хөтлөлцөн байж, утаагүй газраас харвал гэр бүл баталгаажиж, идээ будаа элбэг дэлбэг байна. Хүүхэдгүй гэр бүл хүүхэд олно гэх зэргээр баахан бурсан бол ч чамлахааргүй мөнгө “босгож” болох байсан юм билүү.
Үүн дээр жил ирэх бүр гэр бүлийн салалт ихсэж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч, хараа хяналтгүй хүүхдийн тоо буурахгүй байгаа зэрэг үзүүлэлт тоо баримтууд тус болох л байсан.
Тэгээд л хос залууст сарнай гардуулж, шинэ нарыг харах гэж цэцэг бариад шивнэж суух тэдний ачаар халаасаа дүүргэсэндээ бардаад л сайхан байхгүй юу. Даанч тийм тохиороо энэ жил бүрдсэнгүй.
Гэхдээ энэ шинэ санаа биш юм. Хэлбэр нь л өөр болохоос манай сийрэгхэн толгойтнууд энэ аргаар он удаан жил туршлага хуримтлуулсаар ирсэн түүхтэй. Улсын хэмжээнд бүрэн бус тоогоор 6000 гаруй лам, үүнээс дутахгүй бөө, удган, зөн билэгтэн гээд ихэнх нь энэ замаар хөлжсөн байдаг. Тэдний зарим нь ажлаасаа халагдсаны дараа гэнэт татаж унаад л бөө болчихсон байх нь ч цөөнгүй. Мөн алсын бодолтой эх эцгүүд хүүгээ сурлага муутай ч өлсгөхгүйг нь бодож бурхны илчээр өргөмжлөн лам болгосон нь ч бий. Харин энэ бүхэн эцэс сүүлдээ оюун санааны мунхарал болж нөлөөлсний гайгаар шүтлэгтэй нэг нь жилд хоёроос гурван удаа шинэ нарыг харж, ариусах шаардлагатай болоод байгаа юм. Шинэ нар ийм эрэлт хэрэгцээтэй байхад 14-ний нарыг л алт болгодог байж.
URL: