З.Алтай: Хөгжлийн банк үлгэр байжээ
УИХ-ын намрын чуулганы төгсгөлийн өдөр эрхэм гишүүдийн бөөндөж баталсан олон шийдвэрийн нэг нь Хөгжлийн банкны тухай хууль байв. Гэвч цөөнгүй гишүүн уг хуулийг эсэргүүцэж байсан юм. Сөрөг байр суурьтай гишүүдийн нэг болох УИХ-ын бие даагч гишүүн З.Алтайтай ярилцлаа.
-Хөгжлийн банк байгуулах тухай хуулийг батлахад та эсрэг байр суурь илэрхийлсэн. Яагаад ийм банктай болохыг эсэргүүцсэн хэрэг вэ?
-Хөгжлийн банктай болно гээд уг нь их сүрхий чухал юм ярилаа л даа. Үндсэндээ дэмжиж байсан юм. Арав, хорь, гучин жилийн дараа Монгол Улс дэд бүтэцдээ ямар хөрөнгө оруулах вэ, ямар сайхан аз жаргалтай, хөгжилтэй улс орон болох вэ. Хаанаас мөнгө төгрөг зээлж хэнд өгөх вэ гээд чухал юм ярьцгаалаа. Гэтэл хорь, гучин жилийн дараах сүрхий сайхан асуудлаас гадна өнөө маргаашийн амьдрал гэж хоолой дээр хутга тавьсан асуудлаа огт хөндсөнгүй. Уг нь би тойргоороо явж сонгогчидтойгоо уулзахдаа “Хөгжлийн банк гэж мундаг банктай болох нь ээ” гэж ярьсан. “Монгол Улсын Засгийн газар өөрөөрөө дэнчин тавьж байгаад жилийн 0,75 хувийн хүүтэй асар их хэмжээний мөнгө гадна, дотноос аваад ард иргэддээ өчүүхэн бага хэмжээний хүүтэй, урт хугацаатай зээл олгож жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, ард түмнээ ажилтай, мөнгөтэй болгож амар сайханд нь жаргуулах нь ээ” гээд би үүнд нь итгэж явсан. Сонгогчдодоо ч ингэж ярьсан. “Амгалан тайван байцгаа. Удахгүй амьдрал сайхан болно. Хөгжлийн банк байгуулж бид сайхан жаргана” гээд явсан чинь сая Засгийн газраас оруулж ирж батлуулсан хувилбараар бол энэ маань үлгэр байжээ.
-Чухам юу нь үлгэр байв?
-Засгийн газар өөрөөрөө дэнчин тавиад тэр их мөнгийг авна гэж байгаа. Авсан мөнгөө ямар нэг барьцаагүйгээр Засгийн газар өөрөө баталгаа гаргаад, тендэрт ялсан гадна дотнын янз бүрийн компаниудад зээл өгнө гэж байгаа. Явж явж хэний мөнгийг, хэнд, ямар ч барьцаагүйгээр тараах гээд байна гэдэг надад их сэжиг төрүүлж байна. Монгол Улсын өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадаад дотоодоос авсан их хэмжээний зээл дээр 2011, 2012 онд дахиад их хэмжээний өр зээл аваад тараагаад өгчихье гэсэн асуудал яриад байна. Хорин жил зээл аваад бид юунд зарцуулж, яаж ашиглалаа. Монгол Улсын хөгжил, жирийн ард түмний амьдралд ямар нэмэр боллоо гэдэг учир битүүлэг. Одоо болтол бид зээлээ төлж чадахгүй байгаа. Бөөн өр ширтэй яваад л байгаа. Гэтэл Хөгжлийн банк гарч ирээд 20 жил цуглуулснаас илүү их хэмжээний өр тавиад эзэн холбогдогч нь бараг байхгүйгээр тараагаад өгчихье гээд уналаа. 200, 300, 500 сая, тэрбум ам.долларын зээл дээр чинь тэр компаниуд ямар юмныхаа баталгааг гаргаж чадах юм бэ. Тэдэнд зүгээр л өгчихье гэсэн гэнэн хонгор юм яриад сууцгааж байна.
-Баталгаагүй зээлд хэн хариуцлага тооцох юм бэ, Засгийн газар уу?
-Тэгж асуухаар Засгийн газар гээд байгаа юм. Засгийн газар чинь мөнгө үржүүлж, ургуулж бий болгодог газар биш шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр л Засгийн газар дэнчин тавиад энэ зээлийг хэн нэг танил талдаа ар, өврийн хаалгаар өгнө л гэсэн үг шүү дээ. Мөнхийн Засгийн газар ч гэж байхгүй. Жил гаруйхны дараа энэ Засгийн газар солигдоно. Хэн тэгээд хариуцлагыг хүлээх юм. Дараагийн Засгийн газар эдний өмнөөс хариуцлага хүлээхгүй шүү дээ. Түрүүчийн Засгийн газар л баахан мөнгө тараагаад хаячихсан шүү дээ, бид мэдэхгүй гэсэн асуудал гарна.
-Танд энэ зээлийг ашиглах талаар хувилбар байна уу?
-Минийхээр бол Монголын ард түмний нэрийн өмнөөс, ашигт малтмал, газар нутгаараа барьцаалаад авч байгаа энэ хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг нэн түрүүнд жижиг, дунд үйлдвэрт зориулж, иргэдийг ажилтай болгоход зориулмаар санагдаад байгаа юм. Гэтэл тэр хэрэггүй. Наадах чинь арилжааны банкаар явдаг юм. Хөгжлийн банк бол бага гарын жижиг сажиг хүнд зээл өгдөг банк биш. Том акулуудад хэдэн зуун сая, тэрбумаар нь өгдөг банк гээд байгааг би ойлгохгүй л байна. Хөгжлийг дагасан, ирээдүйг харсан дэд бүтэц, том хэмжээний зүйлд хөрөнгө оруулна гэдэгтэй санал нэгдээд байгаа боловч яг өнөөдөр манай ард түмэнд, нийгэмд тулгараад байгаа хамгийн чухал асуудалд наалдахгүй байгаа нь хачирхалтай байна. Өнөөдөр иргэдээ ажилтай, цалинтай болгомоор байна шүү дээ, хамгийн түрүүнд. Энэ бол хамгийн нэгдүгээр асуудал. Хорь гучин жилийн дараахыг яриад, ёстой гоё болно гээд л суух юм бол ард түмэн өнөөдөр тайван амгалан байж чадах уу. Амьдралд итгэх итгэл байна уу. Гэрэл гэгээ олж харж чадаж байна уу, үгүй юү. Чадахгүй. Энэ ажилгүй, бухимдсан, ядуурсан иргэд нэг өдөр босоод ирвэл яана. Юун 20, 30 жилийн ирээдүй, юун Монголбанкны ерөнхийлөгчийн хоёр их наяд ам.доллар авдар дүүрэн сагаад байна гэдэг мөнгө чинь хэнд ч хэрэггүй болно шүү дээ. Аяга хоолтойгоо байх гэдэг чинь өнөөдрийн манай иргэдийн, эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудал биш юм уу.
-Хөгжлийн банкнаас биш, арилжааны банкнаас зээл ав гэж Засгийн газар хэлээд байгаа юм биш үү?
-Өнөөдөр арилжааны банк гэж юу юм бэ. Хэдэн хувийн хүүтэй зээлийг ард иргэдэд олгодог билээ. Тэр өндөр хувийн хүүтэй зээлээр байр ч авч чадахгүй, жижиг, дунд үйлдвэр ч хөгжүүлж чадахгүй. Зээл авснаас үхсэн нь дээр гэсэн бодлого явж байна шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын баталгаагаар гадаад, дотоодын олон улсын байгууллага, сайн санаат улс орнуудын дэмжлэгээр жилийн 0,75-аас хэтрэхгүй хүүтэй зээл авмагцаа арилжааны банкуудад мөнгийг нь байршуулчихдаг. Монгол Улсын ард иргэд, Засгийн газар, хөрөнгөөр барьцаалсан зээлийг тийм бага хүүтэй авмагцаа эргүүлээд ард иргэддээ тав, зургаа, арван хэдэн хувийн хүүтэйгээр зээлүүлж шулан мөлжих луйврын ажил хийгээд эхэлдэг. Хэнийг дэмжсэн төрийн бодлого юм бэ энэ. Хэний өмнөөс баталгаа гаргаж зээл аваад, хэнд эргүүлж худалдаад байгаа юм. Ийм банк, санхүүгийн төрийн бодлого байдаг юм уу. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, гадна дотноос орж ирж байгаа нэн хөнгөлөлтэй зээл, тусламжийн бүх мөнгө хэний халаасанд орж байгаа юм. Бүгдийг арилжааны банкаар тарааж байгаа шүү дээ. Тэгээд арилжааны банк нь хэнийх юм. Болохгүй бол арилжааны банкуудаас энэ зээлийг татаж авъя. Хөгжлийн банкаар том зээл тараадаг юм бол Хөдөлмөр эрхлэлтийн сан, Жижиг, дунд үйлдвэрийн сан гэж өчнөөн тэрбум төгрөгийн сангуудыг нийлүүлээд яагаад Төрийн банкаар дамжуулж урт хугацаатай, бага хүүтэйгээр иргэдээ дэмжиж болдоггүй юм.
Ард иргэдийн өөрсдөө бий болгоод төрд хадгалуулсан мөнгийг улс авангуутаа арилжааны банкуудад өгөөд, арилжааны банкууд нь эргүүлээд түүнийг өндөр хүүтэй зээл болгоод буцааж өгч луйвар хийж байна. Энэ системийг задалж, эвдэж болдоггүй хэрэг үү. Өнөөдөр Хөгжлийн банк том зээлдэгчдэд зээл олгох л юм бол төр жирийн иргэдийн үйлчлүүлдэг арилжааны банкны зээлийн хүү, хугацаанд яагаад анхаарал тавьж болдоггүй юм бэ. Өнөөдрийнхөө асуудлыг шийдээгүй байж 20-30 жилийн дараах асуудалд яагаад санаа тавиад байгааг ойлгохгүй байна. Энэ бол буруу бодлого оо, найз нар аа.
Хөгжлийн банкнаас их зээл баталгаагүй авсан нөхөд дараа нь “Надад төлөх хөрөнгө байхгүй, Хоёр чих огтол оо” гэвэл яах юм. Иргэний хуулиар шийтгэлээ гээд яах юм, алах юм уу тэр хүнийг. Гадаадад гараад зугтвал яах юм. Мөнгө, хөрөнгөтэй холбоотой зөндөө гашуун туршлагыг бид 20 жилд үзлээ шүү дээ. Яаж банк дампууруулж, яаж идэж уудгийг, яаж зээл эргүүлж төлөхгүй завшдагийг хангалттай үзлээ. Сая баталсан Хөгжлийн банкны хууль дээр хариуцлагын тухай асуудал алга. Хэн хариуцагч вэ гэхээр Засгийн газар л гэдэг. Засгийн газар гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр л дэнчин тавьж байгаа хэрэг. Ийм маягаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн бодлогыг явуулаад 20-30 жилийн дараах хөгжил гэсэн инээдтэй үлгэр зохиож яриад байгааг буруу гэж үзэж байна. Чуулганы сүүлийн өдөр үлгэр ярьсаар байгаад цонхны цаадах өнөөдрийн амьдралаа харсангүй. Хаанаас яаж, ямар зээл авах вэ л гээд суух юм. Таван зуун сая ам.долларын дэнчин тавьдаг хөрөнгөтэй компани өнөөдөр Монголд байдаг юм уу. Байхгүй бол баталгаа гаргаснаараа Засгийн газар л гаргана биз гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ. Би ч гэсэн тэгвэл УИХ-ын гишүүний нэрээ ашиглаж 200 сая ам.доллар зээлээд бултчихъя л даа. Хэдүүлээ зээл хөөцөлдөцгөөе, ерөөсөө. Сүүлд нь Иргэний хуулиар ороход миний чихийг огтлохгүй нь ойлгомжтой. Гэхдээ ингэж болохгүй шүү дээ.
-Хууль гарчихлаа. Цөөнх болсон гишүүд дийлсэнгүй. Тэгэхээр үүнийг засах боломж бий юү?
-Хуулийг нэгэнт батлаад гаргачихсан. Гэхдээ эсэргүүцсэн гишүүн олон байсан. Олонхиороо түрээд л баталчихлаа. Ийм л түргэн түүхий хууль гаргаад байна даа, найз нар. Сэхээ байвал эргэж харах байлгүй.
Д.ОЮУНЦЭЦЭГ
URL: