Циркээсээ холдох дургүй гэр бүлийн хоёр
Улсын циркээс төрөн гарсан цөөхөн гавьяатын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Жанчивдоржийнд өнжлөө. Гавьяаттай уулзахаар хуучин цирк буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль дээр очив. Цэнхэр өнгөтэй спорт цамц, цирк гэсэн бичигтэй малгай өмсчихсөн манеж дотор зогсож байлаа. Тэрээр өдгөө Хөгжим, бүжгийн коллежийн циркийн ангид багшилж байгаа ажээ. Биднийг хараад “За миний тухай бичих нь ч яахав. Хоёр охиныг минь элдвээр биччих юм биш биз дээ” гээд нухацтай гэгч нь харж байна. Түүний хоёр охин аав шигээ циркийн жүжигчид. Мөн “Камертон” хамтлагийн Д.Болд, Б.Эрдэнэбат нарын гэргий гэдгийг хүмүүс мэдэх болохоор ааваас нь элдвийн юм шалгаагаад байдаг бололтой.
Ингээд бидэн рүү сүрхий харснаа инээд алдаж “За манай өрөө рүү орох уу даа” гээд дагуулж явав. Гэрэлгүй, харанхуй хонгилоор явсаар түүний ажлын өрөөнд орлоо. Гандаж, хуучирсан бүтээлэгтэй хүрэн буйдан, модон ширээ, сандлаас өөр тавилга гэхээр зүйл алга. Харин цонхныхоо тавцан дээр циркийн холбогдолтой номнууд өржээ. Өөрийнх нь ширээн дээр Хөгжим, бүжгийн коллежийн 70 жилийн ойд зориулан гаргасан ном, “Төв нутгийн хүмүүн шастир” гэсэн хоёр ном байв. Ж.Жанчивдорж гуай “Төрсөн нутаг, төрөлх сургууль хоёроос минь гаргасан алдартнуудын номонд намайг оруулсан, би их азтай” гээд номоо үзүүлэв. Төв аймгийнхан 2008 онд эрхлэн гаргасан номондоо Өндөрширээт сумын уугуул Ж.Жанчивдорж гуайн намтрыг оруулсан юм байна.
ЦИРКЧИН БОЛСОН НЬ
Ж.Жанчивдорж гуайг бага байхад аав нь бурхны оронд заларч ээж, эгч, хоёр дүүтэйгээ үлджээ. Дунд сургуулийн сурагч байхдаа хот руу шилжиж ирсэн гэнэ. Хотод ирээд гэрийнхнээ тэжээхийн тулд ажил хийхээр болжээ. Тэр үед бага насны хүүхдээр ажил хийлгэдэггүй байсан учраас насаа хоёроор нэмж 16-тай гэж хэлээд Төмөр замд ажилд орсон гэнэ.
Намар хичээл эхлэх үед V сургуульд элсэн ороод өдөр нь хичээлдээ явж, шөнө нь нүүрс зөөдөг болжээ. Тэгтэл ээж нь бурхан болж эгч Ж.Хандсүрэн, дүү Ж.Лхагвасүрэн, Ж.Тувааннайдан нарынхаа хамт нагац эгч Цэвэлмаагийнхаа хаяаг түших болж гэнэ. Ингээд хичээлдээ явж байтал нэг өдөр ангид нь саарал хослол өмссөн хүн орж ирээд бие хаа сайтай хүүхдүүдийг сонгон авч “Циркийн сургуульд орох уу” л гээд байж. Тэр үед тааруу амьдралтай хүүхдүүдийг нэг бол техник, мэргэжлийн сургууль руу, нэг бол тэтгэлэг өгдөг сургуулиуд руу дуртай явуулдаг байсан учраас захирал нь ч Ж.Жанчивдоржийг аваад яв гэжээ. Ингээд Хөгжим, бүжгийн дунд сургуулийн дэргэдэх циркийн сургуулийн сурагч болж. Тэр үед сургууль дээр нь ирж сонгож авсан хүн нь МУГЖ Ж.Дамдинсүрэн гуай байсан гэнэ. Хэдэн биеэ яаж тэжээх вэ гэдгээ л бодно уу гэхээс ирээдүйд ямар мэргэжилтэй болох, цирк гэж юу байдгийг мэдэлгүй энэ газар очжээ. Тэр үеийн цирк өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй. Хангамж сайтай, сард 200 төгрөгийн тэтгэлэг өгнө. Дээрээс нь өнчин өрөөсөн гээд түлээ, нүүрс ч өгдөг байсан ажээ. Ингээд циркийн сургуулийн сурагч болоод явж байтал хамаг бие нь булраад, өвчин ороод сүйд болж. Тэгэхээр нь больдог ч юм билүү гэж бодоод хэл, чимээгүй гэртээ хэд хонож гэнэ. Тэгсэн нэг өдөр Ж.Дамдинсүрэн багш нь улаан мотоциклио унаад хайсаар байгаад хүрээд иржээ. Багш нь загнасан ч үгүй цирк дээр авчирч баахан зураг үзүүлээд “За чи циркт орвол ийм мундаг хүн болно. Олон хүнийг баярлуулсан сайхан ажил даа” гэжээ. Ятгалга, ухуулга хийснээр мань хүн урам орж циркийн урлагт нэг мөр сэтгэл шулуудсан аж. Ингээд сургуулиа амжилттай төгсөж, акробатчин болоод анхны тоглолтдоо оролцжээ. Тэр үед нагац эгч нь ирж үзээд “Пээх миний хүү чинь аймаар юм үзүүлдэг юм байна ш дээ” гэж байжээ. Харин дүү нар нь “Ахаа таны толгой зүгээр үү” гэж санаа нь зовсон байртай асууж байсан гэдэг.
Ж.Жанчивдорж сургуульд байхдаа алдарт алиалагч Цээеэ, “Үүрийн цолмон” гэдэг “Агаарын хаан” номерыг анхлан санаачлан хийсэн МУСТА М.Ганболд, “Монте Карло”-гийн наадмаас Монгол Улсад анхны мөнгөн алиалагч авчирч байсан уран нугараач, МУГЖ Оюунчимэг нарын алдар суут циркчидтэй нэг ангид сурч байжээ. Ангийнхныхаа талаар ярихдаа юм л бол алиалагч Цээеэ гуайг ярьж байв. Нэг анги учраас хоёулаа их дотно, дээрээс нь залуу хүмүүсийн адал явдал дуусдаггүй байсан гэдэг. “Манай Цээеэгийн хэлсэн үг, байгаа байдал нь цаанаа л нэг “ёрын” шүү. Хэлсэн үгэнд нь инээхгүй байхын аргагүй. Марзан хүн гэж байдаг даа. Тийм хүн биш. Ёстой нэг алиалагч л байх ёстой хүн. Уг нь акробатчин юм шүү дээ. Манай Ж.Дамдинсүрэн багш Цээеэг мөн л тавдугаар сургуулиас сонгож авчирч байсан юм. Багш маань хүн танихдаа ээ дээ мөн гаргуун хүн шүү. Саяхан гавьяат болсон Хишигдаваа, МУ-ын дархан аварга Д.Дамдин нарыг циркэд олж ирж байсан” гэлээ.
Циркийн шинэ үзүүлбэр хийх бодол байнга төрж түүнээ ч амжилттай хэрэгжүүлсэн гэнэ. Тиймээс ч давах шаттай тулах тэнцвэр, тэмээ, сарлагтай акробат, шидэх банзнаа үсрэх, хос акробат зэрэг 70 гаруй үзүүлбэрийг шинээр санаачлан тоглож байжээ. Түүний Монголын үзэгчдийг төдийгүй тив, дэлхийг шуугиулсан үзүүлбэр нь давах шаттай тулах тэнцвэр. Энэ нь духан дээрээ 6-7 метрийн урттай төмрийн тэнцвэрийг олж тогтоогоод оройд нь хоёр уран нугараач тоглуулангаа 2-3 метрийн өндөртэй шатаар өгсөж, урууддаг үзүүлбэр. Ийм үзүүлбэр анх санаачлаад багшдаа хэлэхэд багш нар нь “Маш сайн байна. Хийгээд үз. Чадна шүү” гэж урамшуулж байсан гэдэг. Тухайн үед циркийнхэн шинэ үзүүлбэр гаргах, сайн ажиллаж байвал цалинг нь тэр хэрээр нэмдэг байжээ. Тиймээс Ж.Жанчивдорж гуай хамгийн өндөр цалинтай хүмүүсийн нэг байсан гэдэг. Харин 1990-ээд оны эхээр маш том хөтөлбөр боловсруулж гадаадын улс, орноор аялан тоглолт хийж ирээд цирктээ 200 мянган ам.доллар авчирч өгч байжээ. Тэрээр энэ тухайгаа “Хэрээс хэтэрсэн хөрөнгө гэдэг шунал. Хэрвээ байгаа хөрөнгөөрөө болгож байвал тэр чинь амьдрал юм шүү дээ. Тэр үеийн 200 мянган ам.доллар гэдэг чинь маш их мөнгө. Гэр бүлээрээ гадагшаа аялан тоглолт хийгээд ирэхэд мэдээж хэрэг цирк надаас мөнгө нэхэхгүй. Гэхдээ цирк намайг ядуу байхад өсгөж өндийлгөсөн. Тиймээс хамт олондоо эргээд тус болъё гэж бодож байлаа. Тэр үед чинь манай цирк бараг цалингаа тавьж чадахгүй хэмжээнд оччихсон байсан юм” гэсэн юм.
Ингэж хөөрөлдөөд сууж байтал 13 цаг болж түүний хичээлийн цаг болжээ. Өрөөнөөс нь гарав. Харанхуй хонгилоо хараад “Ирэх жил яамнаас манай сургуулийг засварт оруулна гэсэн. Дараа та нарыг ирэхэд гуталтайгаа ч явмааргүй гоё болчихсон байх вий” гэж байна. Манеж руу гарч ирэхэд өмнөх цагийн хичээл хараахан дуусаагүй байв. Харин өөдөөс гуч орчим насны эмэгтэй хүрч ирээд мэнд усаа мэдэлцээд, бие хааг нь асуугаад зогсчихлоо. Түүний анхны шавь нарын нэг гэнэ. Тэрээр багшийнхаа талаар “Манай багш ёстой мундаг. Бид нарыг үнэхээр сайн сургасан. Жааяа багшаараа анхныхаа суурийг тавиулж байлаа. Суурь сайтай учраас хэр барагтайд ганхахгүй ээ. Ганхсан ч учиртай ганхана шүү. Багштайгаа бид хамгийн анх сарлагтай акробатын үзүүлбэрийг хийсэн. Багш өглөөний зургаа, долоон цагт хүрээд ирнэ. Тэгээд сарлагаа бэлдэнэ. Багшийн нягт хариуцлагатай зан чанар, он удаан жилийн туршлагын үндсэн дээр бид сарлагтай акробатыг амжилттай тоглож чадсан” гэв. Ер нь анхнаасаа зөв техникээр сурсан жүжигчид алдаа гаргаад байдаггүй гэнэ. Харин нэгэн гэнэтийн, золгүй тохиолдлоор агаарт акробат хийж байсан жүжигчин бэлтгэлийн үеэр өндрөөс унаж нуруунаас доош мэдээгүй болж байсан гашуун түүх байдаг гэнэ. Дэлхийд ч мөн бэлтгэл, тоглолтын үеэр эмгэнэлтэй явдал тохиолдсон түүхүүд бий гэсэн. Оросын бар сургагч эмэгтэй тоглолтынхоо үеэр барандаа бариулж газар дээрээ нас барж, түүнээс болж аюултай араатан амьтдыг манежинд гаргахгүй байх талаар шуугиж байжээ. Харин Ж.Жанчивдорж гуай “Үзүүлбэрийн үеэр буруу үйлдэл л хийвэл алдаа болно” гэж байсан юм.
Ингээд бид гэр рүү нь очъё гэж шавдуулсаар шавь нараас нь, бусад багш нараас нь чөлөө авахуулаад гэр рүү нь явахаар болов. Циркийн сургуулиасаа гаран гартлаа л “Манай цирк” гээд циркийнхээ талаар тасралтгүй ярина. Үүдээр гарахдаа хүртэл “Циркээс өөр тийшээ би хаашаа ч явахгүй ээ. Энэ газар л намайг өдий зэрэгт хүргэсэн. Залуу цагтаа ажиллачихлаа, энэ үедээ бараадаад явж байвал болно. Яв гээд хөөсөн ч явахгүй ээ” гэж байсан юм.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЦИРКИЙН ЖҮЖИГЧИД
Ж.Жанчивдорж гуай “Ланд круйзер-105″ унадаг юм байна. Цагаан өнгөтэй машинд нь суугаад гэр рүү нь хөдөллөө. Гэр нь “АСА” циркийн дэргэдэх байр гэнэ. Замын хөдөлгөөнд тун ч болгоомжтой, хянамгай ханддаг талаараа ярьж байлаа. Угаасаа тэтгэврийн насны хүн залуучууд шиг давхиад байх тохиромжгүй биз дээ гээд инээж байна. Гэрийнх нь гадаа иртэл тэрээр “Манай хөгшин гэртээ байхгүй байгаа. Энэ доор оёдлын цех ажиллуулдаг юм. Ороод гарах уу” гээд подваль руу орчихов. Араас нь дагалаа. Гэргий Л.Дашдулам нь “За байз ажил ихтэй байдаг. Ховдын нэг дуучин дээл хийлгүүлж байгаа юм. Хүний захиалгыг цагт нь өгөхгүй бол болохгүй. Итгэлийг нь алдчих вий. Юутай ч та нар манайх руу түрүүлээд орцгоож байх уу даа” гэлээ. Л.Дашдулам гуай мөн л циркийн хүн. Циркэд насаараа оёдлын мастер хийжээ. Жүжигчдийн хувцас хунараас эхлээд амьтдын хувцас зэрэг оёхгүй хувцас түүнд байхгүй. Мастер оёдолчин тэрээр тэтгэвэртээ гарсан ч гэсэн циркчдийнхээ болон урлагийнхны хувцас, дээл зэргийг оёж байгаа ажээ. Ингээд бид гэрийн эзэнтэй хамт гэрт нь орлоо. Энэхүү хоёр өрөө байрыг 1970 онд циркээс өгч байсан гэнэ. Цирк өгсөн юм болохоор энэ байраа зараад, ийш тийшээ нүүе гэсэн бодол огт байдаггүй гэсэн. Гэртээ оронгуутаа “Би ч мэдсэн юм шиг өнөө өглөө шалаа арчсан юмаа. Тэгэхгүй бол хөгшин бид хоёр зарим өглөө орноосоо сугараад л шууд ажилдаа явна шүү дээ” гэж байна. Хөгшин гэртээ их ажилтай бололтой. Гал тогооны өрөө рүү ороод цай, хоол болоод явчихав.
Ж.Жанчивдорж гуайнх ам бүл дөрөв. Том охин Ж.Бямбажав, бага охин Ж.Бямбасүрэн нар нь тусдаа гарчихсан болохоор хөгшинтэйгөө хоёулхнаа байдаг ажээ. Зочны өрөөний тавилгууд дээр олон улсын уралдаанаас болон циркээс авч байсан цомуудаа өрчихөж. Эдгээр цом Ж.Жанчивдорж гуайн гэр бүлийн нандин өв гэнэ. Өөрсдийн хөдөлмөрөөр, олон улсаас олж авсан болохоор мөнгөөр үнэлэгдэхгүй ч гэлээ гэр бүлийнх нь үнэ цэнэтэй зүйл ажээ. Мөн ханандаа дүүргийнхээ “Авьяаслаг гэр бүл” болж байсан өргөмжлөлөө хадсан байв. Дээрээс нь энд, тэндгүй охидынх нь зураг. Нугарч эхэлж байх үеэс нь эхлээд гэр бүл болж айлын эзэгтэй болсон үеийнх нь зурагнууд энэ гэрийн хамгийн гол чимэглэл бололтой. Зочны өрөө, унтлагын өрөө зэрэгтээ хоёр охин, хүргэцүүл болон зээ нарынхаа зургийг жаазлан өлгөсөн байв. “Камертон” хамтлаг дөнгөж л байгуулагдаж байх үеийн Болд, Эба хоёртой хоёр охин нь авахуулсан зураг сонирхол татаж байв. Мөн өнгөрсөн зун төрийн ордонд “Монгол поп” тоглолтын үеэр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний өмнө хоёр охин, хоёр хүргэнтэйгээ авахуулсан зургаа томоор угаалгаад хоймортоо тавьжээ. Гэртэй нь танилцаж байх зуур гэрийн эзэгтэй ороод ирлээ. Орж ирээд “Өө манай хөгшин гэрээ цэвэрлэчихээ юү. Би ч сая санаа зовоод л байлаа” гэсээр гал тогооны өрөө рүү оров. Тэрээр ажил ихтэй учраас бууз тавьчихаад “За манайд өнжинө гэсэн юм чинь гэртээ байгаа юм шиг байгаарай. Энэ хөргөгчинд идэж уух юм зөндөө байх шиг байна. Хиам зүсээд идээрэй” гээд ширээ засч эхлэв. Хоёр хөгшнийг анх хэрхэн танилцаж, нэг гэрт орсныг нь сонирхоход Ж.Жанчивдорж гуай “Бид хоёр чинь циркэд л танилцсан хүмүүс. 1974 онд гэр бүл болсон. Дунд нь хольсон, сольсон юм байхгүй” гээд инээж байна.
Ж.Жанчивдорж гуайн хоёр охин гурав, дөрвөн настай байхаасаа л нугарч эхэлжээ. Монгол Улсын ардын жүжигчин, төрийн соёрхолт Цэнд-Аюушийн шавь нар гэнэ. Нугараач охид зургаан настай байхдаа анхныхаа тоглолтод оролцож байжээ. Аав, ээж хоёр нь циркийн хүмүүс учраас хоёр охин хар нялхаасаа л цирктэй холбогджээ. Тиймээс бараг сонголтгүй шахам циркийн жүжигчид болсон гэсэн. Уран бүтээлч хүмүүс учраас хар багаасаа биеэ даасан гэж аав нь ярьж байна лээ. Гадаад орнууд руу тоглолтоор их явдаг байсан гэнэ. Сүүлд АНУ-д арваад жил нугарч байгаад иржээ. Тэнд байхдаа гоо сайхны сургууль төгссөн гэнэ. Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн нар мөн л Монголын циркийн анхдагчдын нэг. Анх бурхны дүр бүтээж нугарч эхэлсэн төдийгүй модерн чиглэлээр нугарч байсан юм байна. Эднийх циркийн буянаар дэлхийн ихэнх оронд очоод үзчихсэн гэж байлаа. Гэрийн эзний хувьд Африкийн орнуудаас бусад ихэнх улсаар явж байсан гэнэ лээ.
ДУУЧИН ХҮРГЭЦҮҮЛТЭЙ БОЛСНООС ХОЙШ “КАМЕРТОН”-Ы ФЭН БОЛЖЭЭ
Аав, ээж хоёр нь охиддоо их амь байдаг гэсэн. Тиймдээ ч харь оронд олон жил ажиллаж байхдаа нэг, нэг шар толгойтой юм дагуулаад ирэх вий гэхээс битүүхэндээ айж явдаг байжээ. Харин дуучин хүргэцүүлтэй болж байгаагаа хэзээ мэдсэн тухай асуухад “Би ч азтай хүн дээ. Миний хоёр амин эрдэнэ маш сайн залуустай гэр бүл болсон. Охин хүүхэдтэй хүн чинь тэдэндээ байнга санаа зовно. Одоо найдвартай хүмүүст хоёр охиноо өгсөн болохоор сэтгэл амар, санаа зовох зүйлгүй сайхан юм” гэлээ. Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн нар нэг удаа Америк явах өглөөнөө “Бид хоёр явж хөгжмөө бичүүлчихээд ирье” гээд гараад явжээ. Тэгээд нисэх онгоцны буудал руу явах цаг нь болчихоод байдаг, хоёр охин нь алга гэнэ. Тэгсэн чинь гэрийнх нь утас дуугарч “Бид хоёр машинаар нисэх дээр оччихъё. Та хоёр бидний юмыг аваад шууд яваад оч” гэжээ. Тэгээд очиход Эба, Болд хоёртой очиж байсан гэнэ. Аав нь эндээс л “сэжиг” авч, охидоо тэр хоёртой үерхээд байгааг нь мэджээ. Сүүлд хоёр охин нь Монголд ирсний дараа Эба, Болд хоёр эднийхээс салахаа байсан гэсэн. Харин гэрлэх үед Ж.Жанчивдорж гуай “Адилхан урлагийн гэр бүлийнхэн учраас баян тансаг амьдралаараа миний хоёр охиныг дээрэлхээд байхгүй юм даа” гэж олзуурхан бодоод охидоо өгч байсан гэнэ. Өдгөө том охиных нь дөрвөн хүүхэдтэй, бага охиных нь гурав дахь хүүхдээ хүлээж байгаа өнөр өтгөн айл болжээ.
Ж.Жанчивдорж гуай хоёр хүргэндээ ам сайтай юм. “Манай Болдоо үнэхээр хөдөлмөрч хүн шүү. Би тэднийхийг анх айл болоход байр авч өгч байсан юм. Тэрийг зарж, байраа шинэчлэхдээ “Аав аа, би одоо матийтал ажиллана аа” гэж байсан. Үнэхээр матийтлаа ажилладаг. Дэндүү хөдөлмөрч, сэтгэлгээ сайтай” гээд магтаад авна лээ. Эба ч мөн газар тариалангийн бизнесээ сайн хийдэг, эр хүний зангарагтай залуу гэсэн. Хэдэн жилийн өмнө гэртээ амарч байтал хүргэцүүл нь утасдаад байрны гадаа гараад ир гэжээ. Жаахан гайхасхийгээд гартал одоо унаж байгаа Ландыг нь бэлэглэж байсан гэнэ. Энэ мэтчилэн Эба, Болд хоёр хадам аав, ээжийгээ баярлуулах нь олонтаа. Эба өөрийн барьж байсан хөөргөө хадам аавдаа бэлэглэж байсан гэсэн. Хоёр хүргэнтэйгээ ам зөрж үзэв үү гэхэд инээд алдаад “Манай хоёр хүргэн чинь надтай битгий хэл хоёр охинтой минь ч ам зөрж үзээгүй байх шүү” гэлээ. Тэрээр анх Эба, Болд хоёртой танилцаж байхдаа “Камертон” гэж ямар хамтлаг байдгийг ч сайн мэддэггүй байсан гэнэ. Харин сүүлд хүргэн нь болсноос хойш хүүхдүүдийнхээ дууг сонсдог, фэн нь болжээ. Тоглолт хийхэд хамгийн хөгшин үзэгчид нь хөгшин бид хоёр л байдаг байх даа гэж байлаа. Циркчин ихэнхдээ удам дамждаг мэргэжил болохоор зээ нараасаа циркчин болгох уу гэхэд заавал циркийн хүн бол гэхгүй ч урлагийн хүн лав байгаа байх аа гэж байлаа.
Өдгөө Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн нар улсын циркэд харьяалалтай байдаг гэсэн. Мөн гэр бүлийнхээ бизнест туслахын зэрэгцээ гоо сайхны сургууль төгссөн учраас хамтлаг, дуучдын нүүр будах зэрэг ажил хийдэг гэж байна лээ.
Ж.Жанчивдорж гуай өөрийн нэр дээр мал хуйгүй. Хөдөө байдаг хамаатных нь айлууд өвөл идшийг нь явуулдаг ажээ. Тиймээс хоёр хүргэнийхээ идшийг давхар захидаг гэсэн. Гэхдээ хүргэцүүлийнх хоёр хөгшин шиг өөхтэй мах идээд байхгүй. Гуяны мах голдуу иддэг гэсэн. Харин цагаан сараар нэг гэртээ бөөгнөрч байгаад гурван гэрийнхээ буузыг хийдэг гэж байлаа. Эба, Болдынх залуу гэр бүл ч гэлээ ууц тавилгүйгээр тэрүүхэн тэндээ тэмдэглэдэг гэнэ. Ж.Жанчивдорж гуайн гэр бүлийнхэн цагаан сарыг маш өргөн хүрээнд тэмдэглэнэ. Үр хүүхэд, ах дүү нараас нь эхлээд шавь нар нь, циркийнхэн нь гээд бүгд ирцгээдэг, бие биетэйгээ уулздаг учраас цагаан сар гэр бүлийнх нь хамгийн сайхан баяр ажээ.
Ж.Жанчивдорж гуайн нэг өдөр өглөө зургаан цагт циркээ тойрч гүйснээр эхэлдэг гэсэн. Гүйж явахдаа өглөөний дасгалаа хийчихээд гэртээ ирж цайгаа ууна. Насаараа биеийн тамирын дасгал хийж бэлтгэл хийгээд сурчихсан учраас нас нь жар гарсан ч гэлээ хөнгөн шингэн хэвээрээ. Харин хүнд юм өргөж байсан учраас хөл нь жаахан муудсан гэсэн. Тэрээр өглөөний дасгалынхаа дараа ажил, амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон цирк рүүгээ явчихдаг ажээ. Тэнд шавь нартайгаа манежин дотор өдрийг өнгөрөөгөөд нар нэлээд доошилсон хойно гэртээ ирдэг гэсэн. Гэрийн эзэгтэй Л.Дашдулам гуай ч мөн адил оёдлынхоо цехэд өнждөг ажээ. Ингээд орой хэн түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийдэг гэнэ лээ. Охидууд нь хүүхдүүдээ хүнээр харуулчихдаг учраас хоёр хөгшнөөс барагтай бол тусламж эрээд байдаггүй гэсэн. Харин гадагшаа явах үед нь гэр орныг нь эргэж тойрдог гэж байлаа.
Хийсэн бүтээсэн, хэлэх ярих юмтай гавьяат маань шавь нарынхаа хүсэлтээр тун удахгүй өөрийнхөө намтраар ном бичиж эхлэх гэж байгаа гэнэ лээ. Тэрээр дараа ирж хууч хөөрөөрэй гэсээр биднийг үдсэн юм.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
URL: