Д.Энхбат: Хоёр нам нэгдэнэ гэдэг хурим хийхтэй л адил

Ногоон нам, Иргэний зориг намтай нэгдэхээ мэдэгдэж сүй тавьсан билээ. Харамсалтай нь энэхүү хуримыг намын хэсэг нөхөд нь эсэргүүцэх болсон. Тэр ч бүү хэл, өнгөрсөн долоон хоногт Ногоон намын Ёс зүйн хорооны гишүүн Чинзориг хэвлэлийн бага хурал зарлаж, намын даргаа намаас хөөсөн талаар мэдэгдсэн юм. Энэ талаар Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.

-Таныг намаас хөөсөн талаар Ёс зүйн хорооны гишүүн тань мэдээлэл хийж байсан. Энэ талаар танд албан ёсоор мэдэгдсэн үү?

-Монголын гурван иргэн хуралдаад чамайг Монгол Улсын иргэн байхаас хаслаа гэж хэлбэл танд ямар санагдах вэ. Нэгдүгээрт, та гайхна. Хоёрт, яагаад тэгж байгаа юм бол гэж бодно. Чинзориг гишүүний хийсэн хэвлэлийн хурлыг үзээгүй. Харин энэ талаар хүмүүс надаас асуухаар нь л мэдсэн.

-Та Чинзоригтой одоо хүртэл уулзаагүй юм уу?

-Би Чинзориг гишүүн рүү залгасан. Гар утас нь залгаатай байна лээ. Өнөөдөр мэдээллийн хэрэгсэл олон болж, дуртай хүн хэвлэлийн хурал хийх болсон цаг. Мөн улс төрийн намын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нээлттэй. Нам хэдэн мянган гишүүнтэй би­лээ. Тэгэхээр хэдэн мянган араншинтай байх нь гарцаагүй. Иймээс энэ үйлдэл бол миний хувьд, онцгой үзэгдэл боллоо гэж бодохгүй байна. Иргэний зориг намтай нэгдэх асуудлыг жилийн өмнөөс ярилцсан. Таван удаагийн бага хурлаар хэлэлцлээ. Одоо гишүүдийн санал хэлэлцүүлэг явагдаж байна. Сарын дараа намын Их хурал маань болно. Урьдчилсан байдлаар гишүүдийн 80-90 хувь дэмжиж, 10 хувь нь эсрэг саналтай байгаа. Эсрэг саналтай хүн байгаад би огт гайхгүй байна.

Энд нэг зүйлийг тодруулахад, Чинзориг гэж хүн хоёр зүйлийг ойлгоогүй байна лээ. Нэгд, улс төрийн нам яаж ажилладгийг тэр хүн огт ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын Ёс зүйн хороо хэзээ ч зохион байгуулалтын асуудал хэлэлцдэггүй. Харин намын гишүүдийн ёс зүйн байдал буюу хэрэлдсэн, зодолдсон, авлига авсан гэхчлэн асуудлыг хэлэлцдэг. Гэхдээ өөрөө санаачилж хэлэлцэхгүй. Хэн нэгэн гишүүний гомдлын дагуу хэлэлцэнэ. Яг шүүхтэй ижил үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Хэрэв ийм асуудлыг хэлэлцвэл дүгнэлтээ бага хуралд өргөн барьдаг. Түүнээс биш өөрөө шийдвэр гаргадаггүй. Улмаар хэн нэгэн хүнийг намаас хөөдөггүй. Тэгээд ч манай улсад тухайн иргэн ямар ч хэрэг хийсэн Монгол Улсын иргэн байхаас татгалзуулдаггүй биз дээ. Учир нь үзэл бодол гэдэг өөрөө мөнхийн зүйл. Харин ганцхан намын гишүүнчлэлээс хасч болдог юм.

-Ёс зүйн хороо намын даргын асуудлыг авч хэлэлц­дэг юм уу. Энэ талаар тодор­хой хариулт өгнө үү?

-Яг үнэн. Намын даргын асуудлыг хэзээ ч Ёс зүйн хороо хэлэлцдэггүй. Намын их хурлаар эл асуудлыг шийдвэрлэдэг юм.

-Чинзориг дарга Ёс зүйн хорооны гишүүн мөн юм уу?

-Би хоёр жилийн өмнө намын дарга болсон. Тухайн үед намын Ёс зүйн хороог сонгосон юм билээ. Тэгэхэд Ёс зүйн хороо байгуулагдаагүй. Чинзориг бол өмнө нь байсан гишүүн.

-Тэгвэл Ёс зүйн хорооны гишүүн биш гэсэн үг үү?

-Түүнээс хойш Ёс зүйн хороо дүрмээ батлуулаагүй. Нэг ч удаа хурлаа хийгээгүй. Иймээс өнөөдөр түүнийг мандаттай эсэхийг нь хэлэхэд хэцүү.

-Намын дарга дур мэдэж, С.Оюун гишүүнтэй нэгдэж намаа татан буулгалаа гэж байсан?

-Энэ бол Чинзориг дахиад л улс төрийн нам яаж ажилладаг процетурыг ойлгохгүй байгаагийн илрэл. Ямар ч намын их хурлаар шийдэгдээгүй асуудлыг оруулдаггүй. Жишээ нь, Ногоон намын ногоон тугийг шинэ нам авна гэж тохирсон. Үүнийг шийдээгүй хэрнээ их хуралд оруулж болохгүй. Тохиролцоогүй асуудлыг манай их хурлын гишүүд батлахгүй. Их хурал бол намын гүйцэтгэх байгууллага буюу удирдлага. Ийм учраас намын удирдах зөвлөл, намын даргын үүрэг нь бүх гэрээ хэлэлцлийг тохироод үүнийгээ батлуулахаар их хуралд оруулах ёстой. Мөн тохироогүй зүйлийг гишүүдээр хэлэлцүүлдэггүй. Жишээ нь, би намынхаа 100 гишүүнийг хуралдуулаад энэ тугийг авна гэчихвэл эхний хүн л “Иргэний зориг намынхан яах гэж байгаа юм” гэж асуувал “Мэдэхгүй” гэвэл “Тэгвэл бид хуралдаад яах юм” гэнэ биз дээ. Бүх зүйлээ тохирч гэрээгээ үзэглээд, дараа нь гишүүдээрээ хэлэлцүүлэх учиртай. Дараа нь их хурлаа хийнэ. Таван удаагийн бага хурлын эхнийхээр нь ажлын хэсгээ байгуулсан. Хоёр нам тохиролцоход амаргүй. Бид зарим зүйл дээр буулт хийж, заримд нь нөгөө тал буулт хийнэ. Ийм маягаар таван удаа жилийн турш хуралдаж байж гэрээгээ үзэглэлээ. Одоо гишүүд, их хурлаараа хэлэлцүүлж болохоор боллоо.

-Тэгвэл Ногоон нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ёс зүйн хороогүй ажиллаж байсан гэсэн үг үү. Ёс зүйн хороог яагаад байгуулаагүй юм бэ?

-Хоёр жилийн өмнө болсон их хурлаас хойш их хурал дахин болоогүй. Тэгэхээр Ёс зүйн хороог байгуулах боломж байгаагүй. Сарын дараа хоёр намын нэгдсэн хурал болно. Түүгээр зохион байгуулалтын асуудал яригдана. Их хурал, Ёс зүйн хороогоо байгуулна.

ОЙЛГОСОН Ч ОЙЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА ХЭСЭГ НӨХӨР БИЙ

-Эсэргүүцээд байгаа  нөхдийг хэн нэгний захиалгаар ийм алхам хийж байна хэмээн үзэх хүн цөөнгүй байна. Танд иймэрхүү байдал ажиглагдсан уу. Намын даргын хувьд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Би айхтар том улс төр бодохгүй байна. Магадгүй тийм зүйл байж мэдэх. Гэхдээ би үүнийг мэдэхгүй. Миний ойлголтоор хоёр янзын хүн бий. Хэд хоногийн өмнө манай намын 30 гишүүн цуглаж надтай уулзлаа. Яг л 10 хүний ес нь дэмжлээ. Дэмжээгүй хүмүүсийг харж байхад МАН, АН-ын захиалгаар явж байгаа хүн байгаагүй.

-Тэгвэл ямар хоёр янзын хүн гэж?

-С.Оюун та хоёр хуйвалдаад байгаа юм уу гэж асуух нэг хэсэг. Хуйвалдаагүй гэхээр “Тэгээд би яагаад урьдчилж мэдээгүй юм” гэх юм. Тэгэхээр Иргэний зориг нам, манай хоёр тохироогүй зүйлийг ил гаргаад байж болдоггүй. Жишээ нь, манай тугыг авахаар санал болголоо гээд ярихаар Иргэний зориг нам дургүйцнэ биз дээ. Тохироогүй зүйлээ ярилаа гэж. Энэ бол ажил хэргийн зүйл. Хоёр дахь нь, намыг ногоон сүм гээд ойлгочихсон хэсэг нөхөд. Хэнтийн өндөр ууланд сүм байгуулаад ариун бурхандаа мөргөж ертөнцөөс тасарна. Яг үүн шиг хэсэг гишүүн Ногоон намыг ногоон сүм гэж бодоод байх шиг. Монголын бохир улс төрд оролцохгүй юм байх. Улс төрийн хүчин л юм бол бид энэ халуун тогоонд орох хэрэгтэй. Түүнээс биш уулын мухарт сүм байгаад яах юм. Тэгвэл нам байх хэрэггүй. Магадгүй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн л байхад болно.

-Улс төрд оролцохгүй байх нь тэдний зорилго гэж үү?

-Нэгэнт улс төрд орох юм бол парламентад хэдэн кноп дарахаас бүх асуудал шийдэгддэг. Чи тэгвэл нөлөөтэй болох хэрэгтэй. Ингэхийн тулд ижил бодол санаатай хүмүүстэй хамтрах хэрэгтэй. Тэгээд ч гурав дахь утга нь ногоон үзэл бол МАН, АН-ын хүн байгаль сүйтгэдэг, Ногоон намын хүн гэхээрээ хамгаалдаг ойлголт биш. Хүн бүр л байгаль дэлхийд сэтгэл зовниж байна. Иймээс хамтарч, нэгдэх нь зүйтэй. Энэ нь нээлттэй процесс. Үүнийг хэн нэгэн өмчилж болохгүй.

-Хуучин намын дарга хоёр нам нэгдэхийг хамгийн ихээр эсэргүүцэж байх шиг байсан. Та Басандорж гуайтай уулзаж ярилцаж үзсэн үү?

-1990 онд Ногоон нам байгуулсан Басандорж нарын нөхөд жинхэнэ ногоон, сүүлд нь орсон бид тал ногоон гэж ярьж болохгүй биз дээ. Хоёр хоногийн өмнө орсон гишүүн 20 жилийн өмнөх гишүүн хоёр адилхан. Цэвэр ариунаараа тэр сүмдээ байх нь Монголын ард түмний төлөө нам биш. Хувь хүмүүсийн клуб юм. Хэрэв Монголын  ард  түмний төлөөлөл мөн л юм бол зодолдохтой нь зодолдож, тэврэлдэхтэй нь тэврэлдэх хэрэгтэй. Өнгөрсөн 17 жилд байсан намын хэв загвар арилахгүй байна. Тийм ч учраас 15 жил намын дарга байсан Басандорж хэвлэлийн бага хурлыг зохион бай­гуулсан. Би Басандорж даргад нэг л зүйл хэлсэн. Та 15 жил үүнийг хийхгүй яасан юм. Хэн ч саад болоогүй. Сүүлийн хоёр жил хагаст манай намын хэдэн хүн парламентад орлоо. Ногоон намыг босголоо. Шинэ залуучууд нэгдлээ. Мөн Ерөнхийлөгчийг сонгуульд ялалт байгуулахад нь голлох үүрэг гүй­цэтгэлээ. Одоо шинэ улс төрийн хүчнүүдийн гол намуудын нэг болох гэж байна. Хоёр жил хагасын дотор бид үхтлээ л ажилласан. Гэтэл тэр хүн 17 жилийн турш энэ бүхнийг хийхгүй яасан юм. Өнөөдөр Иргэний зориг намынхан гээд ад үзээд байх нь утгагүй. Иргэний зориг намынхан ч биднийг ад үзэж болно. Монгол Улсад геопилитик, уул уурхай, байгаль экологийн хувь ч гэсэн үндэсний том асуудал тулаад байхад цэвэр ариун ногоон гэхийн оронд тулгамдсан асуудлыг яаж даван туулах уу гэдэг нь чухал. Үүний төлөө л явах хэрэгтэй.

-Ногоон нам татан буугдаж, Иргэний зориг намтай эвслээ хэмээн намын нөхөд ярьж байсан. Үнэхээр Ногоон нам татан буугдаж байгаа юм уу?

-Улс төрийн намын тухай хуулиар хоёр нам нийлдэг эсвэл нэгддэг. Нийлнэ гэдэг нь хоёулаа үйл ажиллагаагаа зогсооно. Татан буугдана гэдэг намууд тарахыг хэлнэ. Хоёр нам хоёулаа үйл ажиллагааг зогсоовол улсын бүртгэлд 19-д бүртгэгдэнэ. Аль нэг нь зогсоож, нөгөөдөө нэгдвэл хамгийн анхныхаар нь бүртгэгдэнэ. Ногоон нам гуравт, Иргэний зориг нам дөрөвт учраас бараг ялгаагүй. Хоёр нам адил тэнцүү эрхтэй оролцоно. Тэгэхээр 100 хувь манайхаар ч, тэднийхээр ч явахгүй. Ярилцаад үзэл бодлын хувьд ногоон туг, логог авья. Шинэ намын удирдлагад эхний ээлжинд Ногоон намын удирдлагыг дэвшүүлье. Хариуд нь бид үйл ажиллагаагаа зогсоож Иргэний зориг намд нэгдэх юм. Энэ бол наймаа биш. Нарийн учир шалтгаантай.

-Тэгвэл Ногоон нам Иргэний зориг намд нэгдсэн нь илүү ашигтай гэсэн үг үү?

-Иргэний зориг нам бол аймаг, дүүргүүд дэх намын үүрүүд нь бие даасан бүтэцтэй. Ногоон нам бол нэвт, босоо удирдлагатай. Аймгийн намууд нь бие даасан бол нам болгон шийдвэр гаргах эрхтэй. Улмаар 20 нам шийдвэр гаргана. Манайх шиг хэрүүл болвол асуудал хоёр жилээр хойшилно. Харин Ногоон нам ганц шийдвэр гаргана. Ингээд аль ч талаас бодсон Ногоон нам техникийн хувьд хялбар.

-Намын гишүүд хэн нь эхэлж санал тавьсанаар нь асуудлыг дө­вийл­гөөд байсан. Үүнд ялгаа бий юу?

-Энэ ямар ч хамаагүй зүйл. Гарын үсэг зурах 15 минутад хэн нь хэндээ нэгдэж байгаа нь сонин. Нэгдсэний дараа хэнд ч хамаагүй. Хоёр хүн хурим хийхтэй адил. Хэн нь хурим хийх санал гаргасан нь батлуулахаас өмнө сонин болохоос дараа нь сайхан дурсамж төдий. Хэнд нь ч давуу эрх байхгүй. Үүнтэй адил.

-Хоёр нам нэгдэж Ногоон намын туг, логог авахын тулд тохиролцож чадахгүй наймаалцсан гэдэг үнэн үү?

-Огтхон ч наймаалцаагүй. (Ширээн дээрх Ногоон намын тугаа заав)Туган дээрх цагаан нь хүн, ногоон нь байгаль буюу хүн байгаль гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй Иргэний зориг нам, ногоон нь Ногоон нам. Манай лого хоёр намын үзэл баримтлалд илүү ойр. Өнгө, үзэл санаа ч адил. Техникийн хувьд Ногоон нам нэгдсэн нь хоёр намдаа хоёуланд нь ашигтай. Ингэж гол үзэл санааны хувьд нэгдэж байгаа болохоос биш хэн нь түрүүлж санал тавьсан нь жижиг асуудал.


ОЮУТНУУДЫГ ХӨЛСНИЙ ЦЭРЭГ ШИГ АШИГЛАДГАА ЗОГСОО

-Эсэргүүцээд байгаа нөхдүүдийг өмнөх сонгуулиар намынхаа эсрэг ажиллаж байсан гэсэн. Энэ талаа­раа тодруулаач?

-Үүнийг гишүүддээ ойлгуулж байгаа. Гэвч ойлгохыг хүсэхгүй хэсэг нөхөд бий. Тэд  2008 оны сонгуулиар намынхаа эсрэг ажилласан. Тухайн үед нь арга хэмжээ аваагүйдээ харамсаж байна. 2008 оны сонгуулиар Иргэний эвслийн эсрэг ажиллаж байсан хүмүүс өнөөдөр иргэний эвслийг хамгаалж байгаа юм гэнэ. Миний инээд хүрч байна. Үнэхээр эмгэнэлтэй, өрөвдөлтэй юм нь энэ. Тухайн үеийн бичлэг нь бидэнд бий. Иргэний эвсэл бол МАХН-ын захиалга, эсэргүүцэж байна гэсэн зураг. Энэ бол улс төрийн шог гараа.

-Хоёр нам санамж бичигт га­рын үсэг зурдаг өдөр намын ги­шүүд хэрүүл маргаан үүсгэж бүр барьцалдаж авч байсан. Мөн эсэр­гүүцэлд оюутнуудыг татан орол­цуулсан гэх мэдээлэл бий?

-Чингис зочид буудалд чухам юу болсон талаар өгүүлсэн зургийг харсан уу (Хоёр нам нэгдэхийг эсэр­гүүцсэн залуус нүүрээ далдалсан зураг харуулав). Дээд сургуулийн оюутнуудад мөнгө өгч үймүүлсэн. Би өөрийн нүдээр хараагүй. Мөнгөө өгөхгүй бол тарахгүй байгаа талаар намын гишүүд хэлсэн. Уг нь хуучин намын дарга хүн өөрөө профессор, багш хүн. Гэтэл оюутнуудыг дүн, мөнгөөр шахаж улс төрийн тоглоом хийж байдаг. Энэ бол зөвхөн Ногоон намын асуудал биш. Би БСШУ-ны сайд, Техникийн их сургуулийн рек­торт албан бичиг хүргүүлсэн. Ямар­ваа нэгэн улс төрийн намууд ингэж оюутнуудыг хөлсний цэрэг шиг ашиг­ладгийг зогсоо. Ядаж багш нарынхаа түвшинд хориглох хэрэгтэй. Мөнгөөр ажилласан оюутнуудыг сургуулиас хасах ч юм уу хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй. Намын гишүүн бол хамаа алга. Намынхаа үнэмлэхийг үзүүлээд явбал тэр хүний эрх. Мөнгөөр ингэж явуулдгийг болих хэрэгтэй. Одоохондоо оюутнууд байна, удахгүй 40 мянган нинжаг хөлсөлбөл яана. Ингээд бодохоор улс төр өөрөө маш бохир. Иймээс үүнийг болиулаач гэсэн хүсэлт тавьсан.

САЛХИНЫ ЧИГ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА

-Та хуучин намын дарга энэ бүхний ард байгаа гэсэн үг үү?

-Надад баримт байхгүй учраас хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Энэ бол зохиомол, 2008 оны сонгуульд бидний эсрэг ажиллаж байсан хүмүүсийн үйлдэл.

-Тэд чухам юу хүсээд байгаа юм бол?
-Чинзориг шиг хүнд ямар ч ашиггүй байх. Яагаад ийм үйлдэл хийгээд байгааг би мэдэхгүй. Гэхдээ гадарлаж байна. Монголд улс төрийн шинэ гуравдагч хүчин үүсч байна. С.Оюун бид хоёр нийлээд учиргүй хүчтэй болохдоо биш. Гол нь салхины чиг өөрчлөгдөж байна. МАХН гэх гуравдагч хүчин задарч үүсч байгаа бол бид нэгдэж мэндлэх нь. Динамик нь өөр. Бид нэгдэхийн тулд зодолдож байна. Энэ бол сайхан хэрэг. Шинэ улс төрийн хүчин төрөх нь ердийн зүйл. Хэсэг нөхөд эсэргүүцэх нь байх. 18 жил явсан хүмүүст тийм амархан дэмжээд гараа өргөх зүйл биш л дээ. Үүнийг ойлгож байна. Харин хөлсний оюутнууд, зохиомол зүйл хэрэггүй. Чинзоригийг намын гишүүд, их хурлын хэлэлцүүлэгт оролцоод үз. Тэгээд намын гишүүдээ уриалаад миний эсрэг зүйл ярь. Түүнээс биш зугтаачихаад далдуур хэвлэлийн бага хурал хийгээд байх нь зохимжгүй.

-Иргэний зориг нам нэгдэх асуудлыг тайвнаар хүлээж авлаа. Танай намтай адил бужигнасангүй?

-Иргэний зориг нам биднээс илүү туршлагатай. Манайх 20, Иргэний зориг нам 18 жил болсон хэдий ч тэд 10 жил парламентад байсан. Манайх парламентад хоёрхон жил л байсан нам. Тэгэхээр манай гишүүд улс төрийн амьдралыг сайн мэдэхгүй. Мөн Иргэний зориг нам урьд нь БН намтай нэгдэж гал, усан дундуур яваад үзчихсэн. Иймээс тэд үүнийг тоохгүй, ийм зүйл байдаг л юм гэсэн байдлаар хүлээж авсан. Харин манайх бужигналдаад. Гэхдээ галт тэрэг явдгаараа л явна. Гишүүдэд хэлдгээрээ л хэлнэ. Аль болох ойлгуулахыг хичээнэ. Та нар үнэхээр улс төрд оролцьё гэвэл галт тэргэнд суугаад яв. Тэднийг хэн ч буулгаагүй. Миний бодлоор улс төрийн процест гишүүдийн 10 хувь нь ойлгохгүй байх нь байгалиасаа байдаг л зүйл. Ганцхан үүнийгээ улс төрийн нам яаж зохицуулж байгаа нь сонин. Түүнээс тийм хүмүүс байгаа нь сонин биш. Намынхаа гишүүдэд анхнаас нь зөв ойлгуулаад хэлээд л явья. Бүр болохгүй нь зам сална биз. Товчоор хэлвэл, намын даргын үүрэг бол гэрийн даалгаваар хийх. Үүнийг ойлгох эсэх нь тэр хүний асуудал.

-2008 оны сонгуулиар намынхаа эсрэг ажиллаж байсан хэсэг нөхрийг өдий болтол намдаа байлгаад байгаагийн учрыг ойлгохгүй юм?

-Тухайн үед би шинэ дарга. Дэндүү дипломат зан гаргаад “соёлтой” байсандаа буруутчихлаа. Тэр үед нь намаас хасах ёстой байж. Хасаагүй шалтгаан нь өмнө нь 20 жил намд байсан хүмүүсийг шинэхэн даргынхаа хувьд хүндэтгэсэн юм. Гэхдээ юм өөрчлөгддөггүй юм байна. Тэдэнд зохих арга хэмжээг нь авна. Гэхдээ энэ бол нэн тэргүүний зорилт биш. Намын гишүүд тэр нөхдүүдийг хоёр дахь удаа яах гэж байгаа талаар асуух үед нь “Уучлаарай би өмнө нь буруу юм хийжээ. Одоо алдаагаа засья” л гэж хэлнэ дээ.

Л.НИНЖСЭМЖИД


Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих