Эрхэм гишүүдээс ард түмэн “MCS”-ийн байруудыг нь “нэхэж” байна
-МАН-ын гишүүд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ группээс авсан байруудаа бичихээ мартсан бололтой-
Албан тушаалтнууд хөрөнгө орлогоо юутай ч мэдүүлжээ. Харин жинхэнэ үнэнээр нь бичсэн нь чухам хэд юм бол оо. “Монголын мэдээ” сонины өчигдрийн дугаар болон “MMinfo.mn” сайт өчигдрийн дугаартаа албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн эхээр нь нийтэлсэн билээ. Тэгвэл сайтад орсон мэдүүлгийн дор уншигчид цөөнгүй сэтгэгдэл бичсэний олонхи нь эрхэм гишүүдээс “MCS”-ийн байрыг нь нэхжээ. Нэгэн уншигч “Нямдорж сайд 170 саяын орон сууцтай гэж мэдүүлгээ бөглөсөн байна. Тэгээд яагаад түрээсийн байранд амьдардаг байна аа” гэсэн бол бас нэгэн уншигч “Нямка сайдад тойргоос нь гэр олговол таарна” гэсэн байна. Бас нэгэн уншигч “Өмхий новшнууд үхэж байсан ч “MCS”-ээс авсан байраа бичихгүй л дээ. Хэрвээ бичвэл би авлига авсан нь үнэн гэдгээ зүгээр л хэлээд өгдөг юм байгаа биз дээ. Тэгэхээр наадуул чинь эрүүдэн шүүсэн ч бичихгүй л дээ” гэсэн байх юм. Бас нэгэн уншигч “Бадамжунайд юу л байна, мөнгө байдаг гээд байсан хоосон шахуу юм байна. Нөгөө их идсэн юмаа хэний нэр дээр болгочихсон юм бэ” гэж асуужээ. Түүнчлэн “MMinfo.mn” сайтын нэгэн идэвхтэн уншигч “Танай сайт чинь саяхан л баахан байрны эздийг нэрлээд байсан даг. Одоо араас нь яваач ээ. Тэр зарласан байрнаас чинь хэн ч алга” гэж зөвлөсөн байна. “Алдартай MCS-ийн байрууд нь алга болчихоор өөр юу ч байсан нууж болох нь л дээ” гэж нэгэн хүн халагласан нь ч байна.
Энэ мэтчилэн уншигчид олон талаас нь санал бодлоо илэрхийлсэн байна. Тэдний ингэж асууж, маргаж, бухимдах нь аргагүй. Засгийн газрын зарим сайд нар Ж.Оджаргалын MCS группээс байр авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Сайд нар MCS-ээс байр авсан эсэх, авсан бол ямар үнээр худалдаж авсан, түрээсэлж байгаа эсэхийг хууль хяналтынхан л шалгаж тогтоох ёстой. Сайд Ц.Нямдорж телевизийн эфирээр MCS-ийн 300 мянган долларын үнэтэй байранд зүгээр л найзын журмаар гуйгаад амьдарч байгаа ухааны юм ярьж байсан ч ХОМ-тээ 170 саяын үнэ бүхий орон сууцтай хэмээн бөглөжээ. Бас хаанаас ямар байр гараад ирэв ээ. Арай хоёр хүүхдийнхээ барьсан гэх байшинг булаагаад авчихсан юм биш байгаа. Уг нь Ж.Оджаргал баян баян гэхдээ арай ч 300 мянган долларын үнэтэй байрандаа жирийн нэгэн сайдыг өрөвдөөд үнэгүй суулгана гэж юу байхав дээ. Тэнэг хүн ч үүнд итгэхгүй. Түүнчлэн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ХОМ-тээ гурван орон сууцтай гэж мэдүүлээд нэг тэрбум 960 саяар нийтэд нь үнэлсэн байна.
Жирийн иргэдийн амьдардаг гурван өрөө орон сууц “үсрээд” л 100 саяын үнэтэй. Тэгвэл 300 гаруй сая төгрөгийн үнэтэй гурван байртай гэхээр эргэлзээ төрөөд байгаа юм. Ямар өндөр үнэтэй хауснууд вэ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын 1.5 хувийг нь эзэмшдэг байсан MCS-ээсээ авсан гэх байр нь 750.000 ам.доллар буюу тэрбум орчим төгрөгийн үнэтэй тансаг байр гэсэн. Тэгвэл Ц.Мөнх-Оргил гишүүний нэр дээр зургаан орон сууц байдаг бөгөөд нийтэд нь хоёр тэрбумын өртөгтэй гэж мэдүүлжээ. Тэгэхээр MCS-ийнхэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг нь Хууль зүйн сайд асныг, одоо байгаа сайдыг нь ч бас “худалдаад авчихсан” уу, хахуульдаад авчихсан уу гэдгийг одоо л шалгах хэрэгтэй болох нь. Авлигатай тэмцэх газрынхан юуны тулд хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг билээ. Одоо л энэ 76-гаас “но”-той гэгддэг нөхдийг нэрсийнх нь дэс дарааллаар дуудаж байцаах хэрэгтэй. Дуудаад ирэхгүй бол “дивандаж” байгаад ирүүлэх хэрэгтэй. Тэд үнэхээр л ийм өндөр үнэтэй олон байр, байшин худалдаж авсан юм бол ямар эх үүсвэрээр худалдаж авсныг нь шалгах хэрэгтэй.
Энэ удаагийн ХОМ-т дурьдсанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жилийн орлого 40 саяар буурч, харин гэр бүлийнх нь орлого 17 саяар нэмэгдсэн байна. Ерөнхий сайд С.Батболдын өөрийн орлого энэ жил 51 сая болсон бол өмнөх жилд 193 сая 339 мянган төгрөг байжээ. Харин түүний гэр бүлийн орлого 96 сая байсан бол энэ жил 151 сая төгрөг болсон хэмээн мэдүүлсэн байна. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн өөрийнх нь орлого 33 сая 807 мянган төгрөг болж өссөн бөгөөд өнгөрсөн жил 18 сая 849 мянган төгрөгийн орлоготой байжээ. Гэр бүлийнх нь орлого тав дахин нэмэгдсэн дүнтэй байна. Энэ мэтчилэн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт ихээхэн өөрчлөлт орсон гэж болохоор байна. Д.Балдан-Очир гишүүн ганц муу “Лексус”-тай байснаа нэмж “Ланд-200”-тай болсон байхад Б.Бат-Эрдэнэ аваргын 345 бод мал үржиж 400 болсон, кёкүшюзан гишүүн Д.Батбаяр ч энэ жил 76-гаас хамгийн баянаар дахин тодорч байна. Тэрбээр дан хонь ямаа нийлсэн 1000 гаруй малтай байснаа бараг хагас мянган бодтой болж баяжсан байх жишээтэй. Бас хоёр ч машин нэмж худалдаж авсан байна.
Энэ жилийн ХОМ-т нэг л зүйл нэмэгдсэн байна. Энэ бол УИХ-ын гишүүд уул уурхайн баялгаас хувь хүртэж эхэлсэн явдал. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гансүх, Х.Наранхүү, Д.Хаянхирваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр, М.Энхболд, нар “Эрдэнэс Тавантолгой”-ноос хувь хүртэж, Д.Батбаяр “Уорлд майнинг”-ийн 15 хувь, Б.Чойжилсүрэн “Сауд гоби коэл транс”-ын 50 хувь, “Сауд гоби блейк гоулд” ХХК-ийн 100 хувь эзэмшдэгээ мэдүүлжээ. Түүнчлэн УИХ-ын 76 гишүүнээс Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, П.Алтангэрэл, Э.Бат-Үүл, Ц.Батбаяр, С.Баяр, Л.Болд, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ж.Энхбаяр, З.Энхболд нар хөл дүүжлэх хувийн унаагүй, улсын машинаар ажил албаа залгуулдаг бол хамгийн үнэтэй машинтай эрхмүүдээр Х.Баттулга /лимузин хаймер/, Ш.Сайхансамбуу /форд-305/, Сү.Батболд /Рэнж ровер/, С.Баярцогт /Рэнж ровер/, кёкүшюзан гишүүн Д.Батбаяр /Хаммер эйч/-ээрээ баярхаж байна. УИХ-ын эрхэм гишүүдээс нийтдээ 18 хүн хувьдаа “Лексус”-тай бол Д.Загджав гурван ширхэг “Лексус”, Н.Ганбямба хоёр ширхэг ийм хүлэгтэй юм байна. Бас эднээс 25 хүн “Ланд”-аар гангардаг юм байх. Энэ мэтчилэн эрхэм гишүүд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Авлигатай тэмцэх газар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ийнхүү зарлалаа. Нийтдээ 58251 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстойгоос 25 албан тушаалтан хугацаанаасаа хоцорч, 64 албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна. Гагцхүү АТГ-ынхан жил бүр авдаг ХОМ-ийн мөрөөр хэр үнэн зөв мэдээлснийг нь эргэн нягталж шалгадаг байх хэрэгтэй дээ.
Б.ЦЭЛМЭГ
URL: