БИДНИЙГ БАЛАЙРЧ АЙХ ХООРОНД…
Биднийг нам мамын нэр мэр, нүүрсээ зарна зарахгүй, өгнө өгөхгүй гэж балайрч байх хооронд дэлхийн нүүрсний баланс маш өөр бүтэцтэй болчихлоо. Бид л тэнэг царайлчихаад хэдэн ногоон унагах гээд улс төр хийж байлдаж байна. Энэ чинь XXI зуун, алив эдийн засаг маш хурдан өөрчлөгдөж байгааг харах, мэдрэх ёстой бус уу…
Австралийн Квисленд мужид болсон үерийн улмаас дэлхийн томоохон уулын олборлогч компани – Rio Tinto Group, BHP Billiton Ltd. болон Xstrata Plc коксжих нүүрснийхээ ачилтыг хойшлуулах шийдвэр гаргасныг саяхан Bloomberg мэдээлэв. Ингэснээр коксжих нүүрс дунджаар 12,4 хувь буюу тонн нь 253 $, эрчим хүчний нүүрс дунджаар 15.1 хувь буюу тонн нь 131,8 $ болж өсөв.
Энэ нь Австралийн эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна дэлхийн нүүрсний балансад ихээхэн өөрчлөлт оруулж байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэгцээ үүнээс болоод зогсохгүй нь мэдээж хэрэг бөгөөд харин ч шинэ эх үүсвэр хайх нь гарцаагүй юм.
Өөрөөр хэлбэл үерийн улмаас нүүрсний үнэ 25 хувь өсчээ. Нүүрсний үнэ сүүлийн хоёр жил дараалан өсч байгаа бөгөөд дэлхийн нүүрсний экспортын 33 хувь нь Индонезид, 24 хувь нь Австралид ногддог гэдгийг бид мэднэ. Үерийн улмаас Автралийн ордуудын 85 хувь нь ашиглалтын өмнөх хэмжээндээ хүрэхгүй олборлолт хийх болов.
Yieh.Corp-ны мэдээллээр одоо нүүрсний үнэ 275 $ болж өссөн байна. Өдөр тутам мэдээлэл өөрчлөгдөж байгаа учраас янз бүрийн тоо хэлж байна. Австрали нь дэлхийн коксждог нүүрсний гуравны хоёрыг нийлүүлдэг бөгөөд Квислендэд 90 хувийг нь олборлодог байна. Мөн McCloskey Group-ийн шинжээчид коксждог нүүрсний үнэ 2011 онд тн нь 300 $ хүрэх бөгөөд дараа нь аажмаар буурна гэж үзэж байна.
Оросууд ч үнээ нэмж, Восточный боомтод нүүрсний үнэ 20 хувь өсч, тн нь 126 $ болжээ. Энэ үер дунд хугацааны шинж чанартай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа боловч нүүрсний үнэ дараа жил ч өндөр хэвээрээ байна гэж дүгнэж байна.
Өнгөрсөн 5 жилд нүүрсний олон шинэ орд нээсний үр дүнд Өвөр Монголд хайгуул хийж илрүүлсэн нүүрсний нөөц 741,39 тэрбум тонн хүрснийг Хятадын Xinhua саяхан мэдээлэв. 2006-2010 он буюу Хятадаар 11 дүгээр таван жилийн төлөвлөгөөний үр дүнд Өвөр Монголд гэхэд 510 тэрбум нүүрс нэмж олсноор тэд Хятадад нүүрсний нөөцөөрөө эхний байрт орох болжээ. Энэ аварга ажилд 140,38 тэрбум юань зарцуулжээ.
Зөвхөн өнгөрсөн 2010 онд Өвөр Монголд нийтдээ 340 мянган км.квадрат талбайн геологи хайгуулын ажил хийсний үр дүнд 30 тэрбум тн нүүрс, 60,48 тэрбум тн төмрийн хүдэр болон бусад асар их ашигт малтмал олжээ. Өнгөрсөн 2010 онд Өвөр Монгол 782 сая тн нүүрс олборлосон байна.
Хятадын нүүрсний ассоциацийн прогнозоор 2015 гэхэд хятадын нүүрсний хэрэглээ 3,8 тэрбум тонн болно гэж мэдэгдэж байна.
Түүнчлэн ойрын 5 жилд Оросоос наад зах нь жил тутам 15 сая тн нүүрс авахаар болжээ. Дараагийн 20 жилд энэ хэмжээг 20 сая тн болгож өсгөхөөр тохирчээ. Ер нь бол Хятадын эрчим хүчний хэрэглээний 80 хувь нь нүүрс байдаг аж.
Оросын статистикаар сүүлийн жилд хятадад нүүрс нийлүүлэх хэмжээ 15 дахин өсч, 12,09 сая тн болсон бөгөөд энэ нь Хятадын гадаадаас авч буй нүүрсний 10 хувь болох аж.
Азийн облигацийн компанийн нүүрсний нөөцийн мэргэжилтэн У Ци “хөрш орнуудаас нөөцийн импортыг хөгжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой. Энэ өсөлт аядуу байхыг харгалзвал нүүрс худалдан авах тухай одоогийн гэрээнүүд нь Хятадын нүүрсний зах зээл болон нүүрсний үнэд онцгой нөлөө үзүүлж чадахгүй” гэж мэдэгдэв. Хятад одоогийн байдлаар оросоос нэг тн нүүрсийг 87 $, коксыг тн-ыг нь 111 $-оор авч байна.
Өнгөрсөн оны сүүлчээр оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” (товчлол нь СУЭК), хятадын China Datang Corporation хоёр оросоос хятадад нүүрс нийлүүлэх гэрээ Бээжинд хийжээ. СУЭК Буриад болон Хакасаас 1 сая тн нүүрс олборлон Забайкальск-Манжуураар дамжуулан Хятадад гаргах аж. СУЭК түүнчлэн Их Британи, Хятад, Солонгос, Нидерланд, Япон, Польш, Финландад нүүрс нийлүүлэх аж.
Datang бол Хятадын улсын эрчим хүчний корпорацийн хуучин бааз дээр байгуулагдсан хамгийн том компани юм байна. Datang-ийн мэдэлд 23 муж, 5 өөртөө засах оронд байдаг эрчим хүчний 116 үйлдвэрүүд харъяалагддаг байна. Харин СУЭК нь оросын дотоод зах зээлийн 30 хувь, оросын экспортын дөрөвний нэг гаруйг хангадаг аварга эд аж.
Оросууд хятадаас ихээхэн хэмжээний зээл авсан бөгөөд үүнийхээ хариуд Чукотка, Тува, Якут, Магадан, Забайкалскийн нүүрсний ордуудад хөрөнгө оруулах, нүүрс авах олон гэрээ хийсэн буюу хийхээр ярилцаж байна. Оросын нүүрсний нөөц учир тоймгүй бөгөөд Засгийн газар нь ч дэмжлэг үзүүлж, татварын хуулиндаа өөрчлөлт оруулан нүүрсний уурхайнуудад хөнгөлөлт үзүүлсэн байна.
Гэхдээ саяхан СУЭК, Русский уголь болон Стройсервис гэсэн 3 том корпорацийг Дангаар ноёрхохын эсрэг (антимонополь) алба Дотоод яам, Төрийн Думтай хамтран шалгаж өрсөлдөөний болон бусад олон хууль зөрчсөн, үнэ хөөрөгдсөн картелийн гэрээ байгуулсан гэж хэрэгт унагаад байна. Энэ нь Оросын сонгууль болон улс төрийн өрсөлдөөнтэй холбоотой болов уу. Хэрэв асуудал ноцтой хэмжээнд хүрвэл хамгийн их хохирлыг СУЭК хүлээх бөгөөд тэд олон улсын зах зээлд IPO гаргах гэж бэлтгэж байсан аж.
Тувагийн Улуг-Хемийн сав газар гэхэд л 20 тэрбум тн, түүний дотор 14,5 тэрбум тн коксждог нүүрсний нөөцтэй. Нийтэд нь Элегестийн буюу монголоор Элстийн сав газарт гэхэд л 14 гүний уурхай, 5 ил уурхай, 15 баяжуулах фабрик барихаар оросууд төлөвлөөд байгаа аж.
Нүүрсний ашиглалттай холбоотой маш олон нэр томъёо байдаг юм байна. Бассейн буюу сав газар хамгийн том нь бололтой. Бассейн гэдэг нь ашигт малтмал, манай тохиолдолд нүүрсний асар их нөөц агуулсан, тэр нь тасралтгүй болон хэсэгчлэн үргэлжилсэн асар том талбайг эзэлдэг сав газар юм байна. Дараа нь бидний нэрлэдэг орд буюу орд газар ордог бөгөөд нэг бассейнд хэд хэдэн орд газар байж болдог аж.
Нүүрс бүхий ордыг яран илээр ашиглаж буйг разрез буюу ил уурхай гэж дүйлгэж болно байх. Манай Багануур, Шарын гол зэрэг нь ил уурхай. Дараа нь шахт буюу гүний уурхай. Налайхын уурхай ийм байсан.
Дээр дурдсан тоо баримтаас үзэхэд манай Таван Толгой бол хойш болон баруун тийш сунаж тогтсон, нилдээ үргэлжилсэн аварга том бассейн болох нь тодорхой байна. Ухаандаа дээр дурдсан баттай баримтаар Өвөр Монголд 741,39 тэрбум тонн нүүрс байхад Монголын хил хүрээд бараг хоосон болж 6,4 тэрбумын нөөцтэй ганцхан Таван Толгой байна гэхэд итгэх хүн цөөн буй за.
Миний ойлгож байгаагаар Таван Толгойн бассейн олон арван орд газраас бүрдэх бөгөөд эдгээрийг Ухаа худаг, Олон Овоот, Баруун Цанх, Зүүн Цанх гэж нутаг орных нь нэрээр нэрлэж байна. Энэ олон газар усны нэр хүний толгой эргүүлэх аятай нөхцөл болдог аж. Үүний дээрээс гадаад, дотоодын компаниуд байн байн нэрээ сольж байгаа нь бүр учрыг нь ойлгохын аргагүй болгодог байна.
Манайх 162.3 тэрбум нүүрсний нөөцтэй, энэ нь Австралиас ч илүү гарах бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг гэсэн “гадаад” тоо байна. Манай улсад 200 гаруй нүүрсний орд байдгаас 50 нь ашиглагдаж байгаа аж.
Орос болон Хятадын нүүрсний асар их нөөцтэй харьцуулсан логик дүгнэлтээр бол Монгол Улсын нүүрсний нийт нөөцийг буруу тооцоолсон байна, эсвэл илрүүлсэн нөөцийн нийт хэмжээг нийтэд мэдээлэхгүй байна.
Зөвхөн “Энержи Ресурс”-ийн мэдэлд буй Тавантолгойн нийт талбайн дөрвөн хувь болох Ухаа худагт нийт нөөцийн 1.4 тэрбум нь багтахаас гадна хамаг кокс нь тэнд байдаг аж. Мөн МАК, “Энержи ресурс”, “Саусгоби сэндс” зэрэг компани нүүрсний томоохон уурхай ашиглаж, мөн “Професи ресурс”, “МоЭнКо” зэрэг олон компани үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод байна. “Хүннү коал” компани нүүрсний хайгуулын 14 төсөл хэрэгжүүлж, гурван нүүрсний уурхай барих төлөвлөгөөтэй байна. Дээрээс нь “Монгол 999” гэх нэгдэл үүн дээр орно гэж чармайж байна. Таван Толгойг аль хэдийн ашиглаад эхэлчихэж.
Энэ нь зүйрлэвээс одоогийн Налайхын уурхайн нинжа нарын томсгосон хэлбэртэй болж, дур дураараа энд тэндээс нь ухаж аваад түргэн зарах өрсөлдөөнд орж байна. Ямар ч эмх цэгц, замбараа гэж алга болжээ.
2010 оны эхний 8 сарын байдлаар Монголоос Хятад руу имтортолсон нүүрсний хэмжээ 139-169 хувь өсчээ. Шивээхүрэн–Цэхэгээр 225,5 сая долларын 5,02 сая тн, Гашуунсухайт-Ганц модны гаалийн боомтоор 4,3 сая тн нүүрс гаргажээ.
2006 оны 10 дугаар сард Линхэ-Цэхэгийн төмөр замыг барьж эхэлсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сард анхны бүрэлдэхүүнээ хүлээн авчээ. Энэ зам нь дорно зүгт Линхэ Баяннуурын хотын хэсэгт эхэлж, хоёр улсын хил дээрх Цэхэгийн хилийн боомт дээр дуусдаг бөгөөд нийт урт нь 768 км болно. Энэ төсөлд нийтдээ 4,27 тэрбум юань зарцуулсан байна. Гэтэл манай яриад байгаа төмөр зам болон бусад үйлдвэрүүдийг хэний, ямар хөрөнгөөр барих нь огт тодорхойгүй байна.
Энэ бүхнээс дараах дүгнэлт хийх хийж болно.
1.Монгол Улс нүүрс болон ашигт малтмалын асар их баялагтай. Таван Толгой бол түүний өчүүхэн хэсэг.
2.Монголын нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил асар эрчимтэй хийж байна. Хайгуулаар олсон нүүрс, бусад ашигт малтмалын нөөц болон хайгуулын ажлын цар хэмжээ, компаниудын нэрсийг нийтэд зарлахгүй байна.
3.Таван Толгойн бассейны орд болгон дээр дурын компаниуд уурхай нээж ашиглалт явуулж эхлээд байна. Зүйрлэвээс олон компани нэг буюу хэд хэдэн “дошин” дээр гараад дараад “хэвтчихжээ”.
4.Энэ нь нүүрсний асар их нөөцийг хэрхэн яаж ашиглах, хааш хэнд худалдах асуудлыг ихээхэн түвэгтэй болгож, улс төр-геополитикийн ноцтой асуудал болгон хувиргаж байна. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гэх шог нөхөр “гуя авсан бол хүзүүтэй нь давхар ав” гэдэг зарчим барина гээд давхиж явна. Коксждог нүүрсэнд энгийн нүүрс дагуулж “зарах” гэж социализмын үеийн дэлгүүрийн худалдагч шиг сэтгэж байгаа царай нь энэ. Харамсалтай нь тэр хоёр нь жигд холилдчихсон орд газар хорвоод байдаггүй юм билээ. Хэрүүлийн гол шалтгаан энэ юм.
5.Улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд Таван Толгойн бассейнаас аль болох их хувийг хүртэх, чингэхдээ аль болох их кокстойг нь авах улс төрийн тэмцэлд орж, Таван Толгойг ашиглах асуудлаар нэгдсэн шийдвэр гаргах боломжгүй шахам болгож байна. Бусад ордын хувьд ч гэсэн ялгаагүй ихээхэн хурц тэмцэл эхэлж байна.
6.Санхүүгийн хувьд олон улсын зах зээлд гарах гэж оролдож буй боловч дан дангаараа болон ганцаараа гадаадтай харилцах тэнэг эрмэлзэл нь улс төр-эдийн засгийн ихээхэн будлиан тарих нь ямар ч эргэлзээгүй.
7.Олон том гүрний дунд ашигт малтмалаа урьдчилан барьцаалж, хэт эмх замбараагүй “бүтээн байгуулалт” амлах нь үлэмж аюултай. Иймээс улс төрийн зэрлэг, дүрэмгүй өрсөлдөөнийг таслан зогсоож, нийт үндэстэнд ашигтай шийдлийн хувилбарыг олохоос нааш энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
Бид ингэж балайрч байгаад “гуя ч байхгүй, хүзүү ч байхгүй” үлдэх өндөр магадлалтай…
Судлаач Д.Ганхуяг
URL: