“UNITEL”-ийн түүхий алим мэт үйлчилгээ

Үүрэн холбооны гуравдагч оператор “UNITEL” компани анх үйлчилгээгээ эхэлж байхдаа ногоон алимыг маркетингийн ажиллагааныхаа “символ” болгон
ашиглаж байлаа.Харамсалтай нь нов ногоон алимыг Монголчууд түүхий гэж үздэг бөгөөд үнэхээр ч тус компаний түүхий үйлчилгээ өдгөө хэрэглэгчдийг бухимдуулж байна. Тус компани чанартай үйлчилгээ үзүүлж, түүндээ тохирсон хөлсөө авах ёстой гэдэг бизнесийн энгийн дүрмийг мэддэггүй мэт. “UNITEL” -ийн дараа төлбөрт үйлчилгээ болох “MY LIFE” -ийн брэндингийн стратеги, нийгэмд буй болгосон имиж нь асар ядуу агаад хэрэглэгчдийг “хавханд” оруулах аргыг хэрэглэдэг.

Жишээлбэл: Сонгодог багцын хэрэглэгч багцаа дээшлүүлэх боломжтой байдаг бол бууруулах боломжгүй байдаг. Энэ нь хэрэглэгчээ хүндэлсэн, тэдний эрэлт хэрэгцээг харгалзсан гэсэн үйлчилгээнийх нь сурталчилгаа, имижээс эрс ялгаатай төдийгүй харин ч мөн чанар нь хэрэглэгчдэд тулгасан агуулгатай юм.

Мөн тус компаний техникийн опетарууд ийм хариуцлаггүй ажилладаг юм уу? эсвэл байгууллагын хяналт, уялдаа холбоо сул юм уу? хэрэглэгчдийг хохироосон олон үйлдэл байнга гардаг нь “ёс” мэт. 88115… дугаартай хэрэглэгчийн утсанд сүүлийн хоёр сарын турш “Төлбөрийн нэхэмжлэл” огт ирээгүй мөртлөө нэг өглөө л үйлчилгээг нь хязгаарлаж орхидог болжээ. Хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээ хэрэглэгчээ ингэж үл тоож болох уу?

Хэрэгтэй мессежээ цаг тутамд нь илгээдэггүй мөртлөө хэрэгтэй, хэрэггүй сурталчилгаа байнга явуулж ,иргэдийн бухимдлыг барна.

Амарбаясгалант хийдийн шинэ суврагын нээлт “UNITEL” -ийн хэрэглэгчдэд тийм чухал хэрэгтэй мэдээлэл юм болов уу? Эсвэл корпорацийн удирдлагуудын бизнес хэрэглэгчдийн эрх ашгаас илүү юм болов уу? Монголд 10 аад жилийн түүхтэй 4 үүрэн холбооны оператор үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ өдөр бүр ямар ч шүүлтүүргүй, зогсоо зайгүй “spam” явуулж байсан түүх үгүй. Зарим тохиолдолд үйлчилгээтэй холбоотой хэрэгтэй мэдээлэл хэрэглэгчдээ хүргэх нь зайлшгүй. Гэхдээ “MY LIFE” -ийн хэрэглэгч нэгэнд “ID” -гэх оюутны үйлчилгээнийх нь шинэ хэрэглэгчдэд үзүүлэх хөнгөлөлт ямар хамаатай байж болох вэ?

Энэ мэт “түүхий үйлчилгээгээ” сайжруулахгүй явах аваас “UNITEL” компани “уртын зайнд хол гүйхгүй” байж мэднэ. Учир нь хэрэглэгчийн эрэлтийг харгалзсан бараа, үйлчилгээ л урт насалдаг жамтай.

“Sonin.mn”
Т.Баярбат


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих