Ц.ШАРАВДОРЖ: Ц.НЯМДОРЖИЙН АСУУДЛЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЯРИХ БАЙХ
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос цаг үеийн сэдвээр зарим зүйл тодрууллаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай тогтоолыг хэсэг гишүүн өнгөр сөн даваа гаригт өргөн барьсан. Үүнийг хуулийн ямар хугацаанд хэлэлцэх ёстой вэ?
-УИХ-ын дэгийн тухай хуулиар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг холбогдох Байнгын хороо эхлээд авч хэлэлцэнэ. Байнгын хороо дүгнэлтээ гаргасны дараа долоо хоногийн дотор чуулганаар ярина. Хуулийн заалт ийм байгаа учир уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх байх.
-МАХН-ын даргыг баривчлах үед байсан УИХ-ын дөрвөн гишүүний нэр дээр хуулийн байгууллагаас албан бичиг ирүүлсэн тухай мэдээлэл байна. Тэр бичиг “Хууль сахиулах үйл ажиллагаанд саад болсон учраас шалгахыг зөвшөөрнө үү” гэсэн агуулгатай гэж ойлгосон.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамт байхад нь хуулийн байгууллага бидний эрүүл мэнд, бүрэн эрхэд халдлаа гэсэн гомдлыг тэдгээр гишүүд тавьсан. Үүнийг хянан хэлэлцэнэ. Түүнээс хуулийн байгууллагаас УИХ-д ямар нэг бичиг ирүүлээгүй.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан эсэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдах уу?
-Хуралдах, эсэх талаар одоогоор яриагүй байна. Ер нь УИХ-ын гишүүн ч адилхан Монгол Улсын иргэн. Зохих хуулийн үндэслэлгүйгээр түүний эрхэд халдах учиргүй. Иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар заасан халдашгүй эрхээ эдлэх л ёстой.
-УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгаа шинжилгээний төвөөс Оюутолгойн гэрээг судлаад “Монгол Улсад ашиггүй болжээ” гэсэн дүгнэлт гаргасан тухай хэсэг гишүүн мэдээлэл хийхдээ дурдсан. Энэ талаар тодруулаач?
-Гишүүд мэдээлэл хийхдээ надаас асуугаарай гээд хэлж байна лээ. Энэ талаар зөв ойлголт өгөх учир тай юм байна. Оюутолгойн гэрээг олон талаас нь ярьж, шүүмжилж байна. Оюутолгойн гэрээний асуудлаар Судалгааны төв сая шинээр дүгнэлт гаргаагүй юм. 2009 оны гуравдугаар сарын 4-нд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хорооноос “Айвенхоу майнз Монголия Инк” компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах гэрээний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулсан. Уг Ажлын хэсгийн хэрэгцээнд зориулан Судалгааны төвөөр холбогдох судалгаа хийлгэх захиалгыг Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан надад ирүүлсэн.
Захиалга ирсэн учир өргөн хүрээнд судалж, бодит дүгнэлт өг гэсэн үүргийг Судалгааны төвд өгсөн. Ингээд судалгаа хийж, дүгнэлтийг 2009 оны дөрөвдүгээр сарын 3-нд Байнгын хороонд хүргүүлсэн юм. Бид төслийн хэмжээнд үзсэнийг онцолъё. “Монгол Улсын эзэмших 34 хувьд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, энэ эх үүсвэрийг хөрөнгө оруулагч талаас зээлснээр ирээдүйд хүртэх ногдол ашгаасаа хэрхэн төлөхийг тооцож үзлээ. Монгол Улс 2022 оноос ногдол ашиг авч эхлэх хүртлээ 3.7 тэрбум долларын зээл, хүүгийн хуримтлагдсан өртэй болох юм байна. Энэ өрийг ногдол ашиг авч эхлэх үеэсээ төлөх юм бол эхний жилдээ 408.3 сая доллар гэх мэтээр шатлан бууруулах замаар 63 дахь жилдээ л төсөвт ямар нэг дарамтгүйгээр төлдөг болно” гэдгийг л хэлсэн.
Жилд дунджаар 200 сая долларын ногдол ашиг хүртэнэ гэж тооцоход 60 гаруй жилийн турш улсын төсөвт тодорхой хэмжээний дарамт ирнэ гэдгийг хэлсэн юм. Гэрээний эхний 30 жилд Монгол Улс 656.3 сая долларын өртэй байна гэсэн тооцоо хийсэн. Улмаар манай талын 34 хувьд ногдох эрх бүрхэг, засах олон асуудал байна гэдгийг дүгнэлтдээ онцолсон. Түүнээс хойш дахин Судалгааны төв дүгнэлт гаргаагүй.
С.УУЛ /Mongolnews.mn/
URL: