“Петрочайна дачин тамсаг” компанийнхан 1,3 тэрбумыг төлөхөөр боллоо

Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компаниас нөхөн сэргээлтийн төлбөрт 1.3 тэрбум нэхэмжилсэн шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт арав гаруй цаг хуралдан нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргажээ. Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн тэргүүн Б.Баярмаатай уулзан шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа.

-Та бүхэн хоёр жил гаруй хөөцөлдсөөр амжилтад хүрлээ. Байгаль дэлхийд хайр гамгүй хандан, газар нутгийг сүйтгэж буй зарим нэг уул уурхайн компаниудад цочроо өгсөн байх?

-Одоогоос хоёр жилийн өмнө бид нэхэмжлэлээ шүүхэд анх удаа гаргасан. Энэ ажилд зөвхөн манай эвсэл бус тухайн орон нутгийн удирдлага, иргэд нэгдсэн учир бид амжилтад хүр лээ. Гадаадын хөрөнгө оруу лалттай том компанитай жижиг ТББ заргалдана гэдэг амаргүй байдаг юм байна. Бусад компанид цочроо өгч, монголчууд газар нутгийнхаа төлөө зүтгэдэг юм байна, шүүх нь бие даасан шийдвэр гаргадаг гэдгийг ойлгуулсан шийдвэр гарлаа гэж бодож байна.

-“Петрочайна Дачин Тамсаг” компанийг хариуцлагагүй ажил хийж буйг мэдсээр байж өмөөрч, хаацайлсан төрийн түшээ байсан гэдэг. Шүүх хурлын явцад өмөөрсөөр байсан уу?

-Тус компанийг өдий болтол нөхөн сэргээлт хийхгүй, хариуцлагагүй ажлаа үргэлжлүүлэхэд Газрын тосны хэрэг эрхлэх газар нөлөөлж, боломж олгосон. Компанийн үйл ажиллагааг зөвхөн Газрын тосны хэрэг эрхлэх газар хянаж шалгана гээд хуульд заасан. Гэтэл хянах ёстой газар маань өөгшүүлж, хууль бус ажлыг нь дэмжиж байсанд бид харамсдаг. Шүүх хуралд Газрын тосны хэрэг эрхлэх газар гуравдагч тал болон оролцсон бөгөөд шүү хийн шийдвэр гаран гартал өмгөөлж хам гаалсаар байсан. Газрын тосны газарт дохио болж, хууль бус ажлыг нь дэмжиж байсан албан тушаалтандаа хариуцлага тооцох байх.

-Шүүхийн шийдвэрээр олгохоор болсон 1.3 тэрбум төгрөг нөхөн сэргээлт хийхэд хүрэлцэх үү?

-Хаана ч хүрэхгүй. Энэ нь зөвхөн хэсэгхэн газарт тогтоосон нөхөн төлбөр. Матадаас Бичигтийн боомт хүртэл эвдэрч сүйдсэн газар, хөрс, экологийн үнэлгээг гаргаагүй. Шүүх хурлаар зөвхөн хөрсний үнэлгээг тогтоосныг шийдвэрлэсэн. Экологийн үнэлгээ хийх дадлага туршлага бидэнд дутмаг байгаа нь анзаарагдлаа гэв. Дорнод аймгийн Матад сумын ИТХ-ын дарга Ц.Энхмаа “Манай сумын нутагт 2005 оноос хайгуулын ажил хийж байгаад 2010 оноос олборлолтоо эхэлсэн. Олборлолт эхлэхээр байгаль орчинд хор хөнөөл ихээхэн учирч, хүнд даацын машин хөрсийг эвдэлж, өвс ногоо ургах ямар ч боломжгүй болгосон.

Тус компанийнхан хүнд даацын машин явах замаа стандартын дагуу тавиагүй учир хайрган хучилттай зам нь хэдхэн хоноод эвдэрсэн. Тиймээс замын хажуугаар олон салаа зам гарч, хүн мал амьдрах боломжгүй болсон. Энэ талбайг Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тусгай хэрэгцээт газар гэж тодорхойлоод ашигладаг. Бид тэр гэрээг нь нэг ч удаа үзээгүй, хуулиас дээгүүр нууц гэрээ гэж байдаг гэсэн. Газар нутгийнхаа төлөө тэмцсэн хүмүүс стратегийн өмгөөлөл авснаас хойш тодруулбал, 2009 оноос тус компани нөхөн сэргээлтийн тухай ярих болсон. Удаа дараа шаардлага тавьснаар өнгөрсөн жилээс биологийн болон экологийн нөхөн сэргээлтийг хийж эхэлсэн. Нутгийн ард түмний хичээл зүтгэлээр газар нутгаа сэргээх боломжийг шүүхээр олгосонд баяртай байна” гэв.

Х.СҮРЭН /Нууц/


URL:

Сэтгэгдэл бичих