“Жи Мобайл” компани хөдөө, орон нутгийн иргэдийг “шулж” байна

Монголын үүрэн телефоны үндэсний оператор “Жи Мобайл” компаний үйлчилгээ бусад сүлжээнүүдийг бодвол хөдөө, орон нутгийн иргэдэд хамгийн ойр байдаг нь. Монгол орны хаанаас ч хэзээ ч сүлжээ алдалгүй барьдаг гэж бардамнадаг тус компанийхан сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэдийг хэтэрхий “шулах” болсон хэмээн иргэд гомдоллох болжээ.

Учир нь “жи мобайл”-ын утас нь сар бүр 10 мянган төгрөгөөр үйлчилгээний эрхээ сунгуулах ёстой байдаг. Гэсэн ч сүлжээ нь доголдож, гадагшаа дуудлага хийх болон дуудлага хүлээн авах боломж бага байдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Тухайлбал Хөвсгөл аймгийн Чадмань-Өндөр сумын иргэдийн хувьд бүтэн жил шахуу “Жи мобайл”-ынханд гомдол гаргаад байгаа гэнэ. Тус сумынхан бараг бүгд шахуу “Жи мобайл”-ын хэрэглэгч бөгөөд сар бүр 10 мянган төгрөгөөр эрхээ сунгуулдаг ч сард ганц хоёрхон өдөр л сүлжээ орж, ярих боломж гардаг байна.

Тиймээс “Жи мобайл”-ын операторууд руу утас цохиж, сүлжээгээ хэвийн оруулахыг хүсдэг ч үйлчилгээний ажилтнууд “засвартай байна, шалгаж байна” гэх нэрийдлээр амыг нь тагладаг аж. Ийнхүү жил гаруйн хугацаанд мөнгө төлсөн ч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа иргэд хотод байгаа хамаатан саднаараа дамжуулан “Жи мобайл”-д санал хүсэлтээ ирүүлсэн ч одоог хүртэл сүлжээнийхээ доголдолыг арилгахгүй байгаа бөгөөд заримдаа бүр гомдол, саналаа хэлсэн хэрэглэгчдийг загнаж, зүхэсээр утсаа тасалдаг аж.

Түүнчлэн тус суманд байрлуулсан “Жи мобайл”-ын антений доор сумын иргэд өдөр бүр очер, дараалал үүсгэн нэг нэгээрээ ярьдаг бөгөөд нэг хүн утсаараа дуудлага хийсэн тохиолдолд бусад утасных нь сүлжээ унаж ямар ч ажиллагаагүй болдог байна. Ийнхүү хэрэгцээтэй тохиолдолд холбоо барих боломжгүй байгаадаа бухимдсан иргэд картын бараанд очерлож байгаа мэт “Жи мобайл”-ын антений доор өдрийг өнгөрөөсөөр байгаа аж.
Tags /Нууц/


URL:

Сэтгэгдэл бичих