МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хойшлуулжээ
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Р.Раш, Д.Балдан-Очир, Д.Загджав, Ц.Шинэбаяр нарын гишүүд өчигдөр өглөө Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Ч.Улаан гишүүнээс бусад нь уулзалтаас гарч ирээд хэвлэлийнхэнд үг унагасангүй. Нэг хэргийн төлөө зүтгэж байгаа учраас хийж байгаа үйл ажиллагааны талаар тус тусдаа тайлбарлах бус нэг нь төлөөлж ярихаар тохирцгоосонтой энэ нь холбоотой юм байна. Ч.Улаан гишүүний ярьж байгаагаар гишүүд намын даргадаа гурван санал тавьжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах бичиг өргөн барьсан гишүүд нэгдсэн зохион байгуулалтад орчихсон. Тиймээс цаашид гишүүдийн төлөөлөл болох нэг хүн уг асуудлаар нам, төр засгийн удирдлагуудтай уулзана гэдгээ хэлсэн байна. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, тавьсан шаардлагыг дарга нарын зүгээс аль болох шуурхай шийдвэрлэж байхыг сануулжээ. Нэг намынхан байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие бие рүүгээ дайрч довтлохгүй байхыг намын даргадаа анхааруулсан байна.
Намаас ямар ч шийдвэр гарсан бай элдэв шахалт дарамтаас айхгүй гэдгээ гишүүд илэрхийлсэн бололтой. Ц.Нямдорж сайдыг огцруулах байр сууриасаа хэзээ ч буцахгүй хэмээн хатуу хэлсэн дуулдана. Ц.Нямдорж сайдын асуудал дээр МАН олон түмэнд улс төрийн өндөр соёлтой гэдгээ харуулсан шийдвэрийг Удирдах зөвлөл, бүлгийн хурлаасаа гаргах хэрэгтэйг зөвлөсөн байна. Тэгээд ч хариуцсан ажлаа мэдэхгүй, өөрийнх нь тушаалаар хөдөлдөг албатууд нь шөнө дөлөөр хүн баривчилж байхад “Мэдээгүй,. унтаж байсан” хэмээн хэлж суусныхаа төлөө Ц.Нямдорж сайд огцрох өргөдлөө өгөх ёс суртахууны эр зоригтой байх ёстойг намын даргадаа хэлээд орхисон бололтой. Эцэст нь төр засгийн зүгээс ашигт малтмалыг ашиглах явцдаа ард түмнийхээ эрх ашгийг бодолцохыг гүйцэтгэх засаглалын тэргүүнд сануулаад авчээ.
Ингээд үдээс хойш МАН-ын бүлэг хуралдсан юм. Энэ өдөр уг нь Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч хойшлуулжээ. Ц.Нямдорж сайдын хувьд өөрөө алдаагаа ухамсарлаад огцрох эр зориг гаргахгүй. “Намайг явуулна гэвэл та нар өөрсдөө цуг огцроорой” хэмээн цамнасан учраас дарга нар нь түүнийг суудлаас нь унагачихаж чадахгүй байгаа гэх. Ямар сайндаа УИХ-ын гишүүн С.Баяр Ц.Нямдорж сайдыг өмөөрч өнгөрсөн даваа гаригийн бүлгийн хурал дээр нэлээд бухимдсан сурагтай байна. Өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэх байсан тэр өдрийн хуралд Ц.Нямдорж сайд суугаагүй гэнэ лээ. МАН-ын дарга нар ийм байр суурьтай байгаа учраас Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг мөддөө хэлэлцэхгүй “унжих” төлөвтэй. Түүнийг огцруулах хүсэлтэй гишүүдийн зүгээс ч намаа шаардаад нэмэргүй нь хэмээн шантарч байгаа дуулдана. Нөгөө талаас АН-ынхны байр суурь өөрчлөгдөж магадгүй болчихоод байгаа тухай яриа гарчээ. Тэд “Ц.Нямдорж сайд огцорвол өөрт нь болон МАН-д сонгуулийн өмнөх эерэг сурталчилгаа болно” хэмээн үзэж, эргэлзэх болсон сурагтай.
Харин өчигдрийн бүлгийн хурлаар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг ярьжээ. Мөн УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах уу, үгүй юу хэмээн маргааныг хэлэлцээд ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Аргаа барахдаа аль аль асуудалд Гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр ханд гээд орхижээ.
Я.МӨНГӨН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: