Шударга бус өрсөлдөөний талбар буюу өнөөгийн Монгол Улс

Шударга бус өрсөлдөөний талбар буюу өнөөгийн Монгол Улс Шударга бус өрсөлдөөн гэхээр мах, бензиний үнэ төдийхөн санаанд буудаг байсан цаг өнгөрчээ. Шударга бус өрсөлдөөн гагцхүү эдийн засгийн салбарт гардаг гэж боддог байснаараа бид маш том алдаж.

Алдаагаа яг одоо л залруулахгүй бол болохгүй болтлоо ужгирчихсан байна. Аймаар биш гэж үү. Алдаа буюу шударга бус өрсөлдөөн эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бизнес, төр захиргааны байгууллага тэр бүү хэл төр засаг, улстөрийн хүрээнд үүрээ зассан хулгана мэт тухалчихаж. Эдийн засгийн салбарт өрнөх шударга бус өрсөлдөөний талаар ярихаа энэ удаа түр азная.

Тэртээ тэргүй монголчууд ханатлаа харж мэдэрч байгаа учраас. Эрүүл мэндийн салбарт гэхэд л ор хоног хүлээсэн ард иргэд, арын хаалгаар урдуур дайрах эрхтэн дархтан хатуу хайрцагтай чихэрхэн төдийд илбэдүүлэн эгэл түмнээ алагчлах үзэгдлээр тайлбарлачихаж болно.

Боловсролын салбарт аль олон танил талтай ах дүү амраг садан нь хөрөнгө зоос арвинтай нь төрийн тэтгэлэг, түмний татварын мөнгөөр гадаадад сурч, муугаа мэдэхгүй өөрийгөө тэнгэрийн жигүүртэн хунтай зүйрлэх эмгэнэлт байдлаас шударга бусыг ажчихаж болно. Үхэлтэй хүртэл шударга бусаар өрсөлдөж тулдаг мөн ч бөх зурх шүү. Монгол хүний зүрх. Бизнесийн өрсөлдөөн ч бас л бэрхтэй. Элдэв татвар татааснаас мөн л томчуудын хамгаалалтанд багтагсад бултаад үлдчихдэг. Бусад нь тэдний өмнөөс үйлээ эдэлж үстэй толгойгоо үгтээдэг нь худлаа юм биш. Ингээд бодоод байсан чинь энэ бүх шударга бус өрсөлдөөний гол эх үүсвэр нь дээр толгойд сууж буй нөхөдтэй үй зайгүй холбоотой байх юм.

Ингэхэд бид хаана юу хийж явнаа. Шударгаас шударга өрсөлдөж байж л ардчиллыг цогцлоон ардынхаа эрхийг бататгах ёстой биш билүү. Аль эсвэл дэлхийн түүхэнд тэмдэглэгдээгүй цоо шинэ нийгмийг цогцлоох гэж байгаа билүү.

Худлаа биш ээ. Эдийн засагт шударга бус өрсөлдөөний талаар бид маш чухалчилж авч үздэг маань. Хэн нэгэн давуу байдал олж аваад түүнийгээ хамгаалах гэж оролдсоор бүх эдийн засгийг ч нурааж болдог учраас анхаарахгүй чухалчлахгүй гээд ч яах юм билээ. Гэхдээ бид яг үүнтэй адилхан нэг үзэгдэл Монголд явж байгааг олж харалгүй өдийг хүрчихсэн байна, цаана чинь. Олж хараад даруй засах ёстой асуудал чинь яг энэ байна.

Юун наадам, юун цагаан cap гэдэгчлэн юун бензин, махны үнэ… Анзаараагүй явсаар өдийг хүргэсэн асуудлын дэргэд тэр чинь жинхэнээсээ “чепуха” байна. 2012 оны сонгуулийг угтсан үймээн бужигнаан ирээдүйн их хурлын гишүүн болохыг санаархагч, төрийн эрх баригч болохыг тэмүүлэгч намуудын алалцааныг ч энэ удаа алгасъя. Улс төрийн хүрээнд ноёрхлоо тогтоосон шударга бус өрсөлдөөнийг зохих хэм хэмжээ, зөв, жам ёсных нь голдрилд нь оруулахгүйгээр ямар ч амжилт олохгүй.

Хууль бусаар олж авсан давуу байдлаа он удаан жил хадгалахыг хүсэгчдийн санаархал басхүү төлөвлөгөөг таслан зогсоохгүйгээр монголчууд хол явахгүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ гэдэгт би итгэж байна. Одоо улстөрчид, улс төрийн намууд тэрхүү хууль бусаар шударга бус өрсөлдөөн өөрөөр хэлбэл луйврын аргачлалаар өөрсдөдөө зориулан бий болгосон давуу байдлаа хамгаалахаас өөр ашиг сонирхолгүй байна. Энэ байдал даамжирвал Монголын хөгжилд хэрхэн чөдөр тушаа болохоор барахгүй /одоо ч болж буйг анзаарсу/ сүйрэлд хүргэх аюул дагуулсаар байгааг тодруулах шаардлага Монгол түмний өмнө тулгарчихлаа.

Монгол хүний төлөө үзэл санаа гэж байхгүй болсныг монголчууд ойлгох цаг ирчихсэн юм биш үү. Хувьчлал, гадаадад зорчих эрх, одоо сонгуулийн шинэчлэл гээд ардчилсан болоод зах зээл, эдийн засгийн шинэчлэл бүрийг эсэргүүцэж хөгжлийг хойш татаж байгаагийн гол шалтгаан нь зүгээр л эрх баригчдын олж авсан, эдэлж хэвшсэн давуу байр сууриа алдахгүй байхын төлөөх тэмдэл болчихож. Хэн нэгэн шинэ юм сэтгэхийг харж байгаад дэгээдэж унагаад булааж авах гэсэн ганцхан арга барилд дэндүү сайн суралцаж. Газар хувьчлал дээр яг ийм зүйл болж байсныг хүмүүс санаж байгаа байх.

Эцсийг нь тултал эсэргүүцэж байгаад боломж гарангуут дараа нь өөрийн намын нэрээр гүйцэтгэж нэр хүндээ өсгөх. Сонгуулийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа нь бас л давуу байр суурийг хадгалах гэсэн агуу их шуналтай нь холбоотой. Ийм л шударга бус өрсөлдөөний нөхцөлд ямар ч эрүүл саруул ухаан, оновчтой санал, шийдлээр өрсөлдөх боломжгүй. Боломж олгохгүй байна. Нийгмийн эрүүл хэсэг нь бодлого ярьж байхад нэг монополь намууд тэс хөндлөн түүх яриад эхэлнэ. Улс төрд ингэж хоёр өөр хэмжигдэхүүнээр өрсөлдөөнийг явуулсаар байгаад иргэдийг бүр төөрөгдүүлж орхисон байна. Үр дүнд нь өнөөдөр Монголын олон иргэн улс төрийн талаар ямар ч үзэл баримтлал, үнэлэмжгүй болчихлоо. Шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлэгчдийг хоёр хувааж болох юм.

Тухайлбал, нэгд, төөрөлдсөн хүмүүс. Өөрөөр хэлбэл амьдарч байгаа цаг үеийнхээ онцлог, чөлөөт зах зээл, эдийн засгийн хөгжлийн мөн чанарыг ойлгохгүй байгаа хүмүүс. Хоёрт, ашиг хонжоо хайгчид. Ашиг хонжоо олохын тулд хожим хойтохоо үл анзааран өнөөдрийн өөхийг эрхэмлэгчид. Ганц үмх өөхний төлөө улс орон, ирээдүйнхээ 100 магадгүй 200 жилийн хоолыг хаяж золихоос үл цааргалагчид гэж…

Өөрчлөхөд хэцүү өөрчлөгдөхөд бэрх шударга бус өрсөлдөөн ноёрхлоо Монголд тогтоодгоо тогтоочихсон ч монголчууд олонхоороо энэхүү шударга ёсыг гажуудуулж байгаа үйлдлийг зөвөөр ойлговол бас түүний хортой үр дагаврыг ойлгож чадвал өөрчилж болно. Болж өгвөл бүх намыг татан буулгаад бүх намыг дахин шинээр эмхлэн байгуулж болно. Үгүй юмаа гэхэд намыг гишүүнчлэлгүй болгочихмоор байгаа юм. Улс орноо шударга бус өрсөлдөөний талбар болгохыг удаан харж тэсэмгүй байна. Дэлхийд яригддаг орд газраа бусдад ашиглуулчихаад хоосон хоцорно. Хоосон хоцрох нь бүү хэл өрөнд ч орж магадгүй гэх “тэнэг” яриаг гаргадаг.

Тэгэх боломжийг олгодог хүмүүсийг удирдагч гэж харах билгийн нүд алга. Зүгээр л шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлж дундаас нь ашиг олж гаршсан дунд гарын луйварчид гэж харж байна. Хэрэв зээ дэлхийг дамнасан том гарын луйварчин байсан бол ядарсан ард түмнээ бус бусдыг луйвардчих ухаан байж л таарна. (Арга ядсан хүний л бодолдоо) Адгийн хулгайч хаяагаа хадардаг гэгчээр аягладаг дунд магадгүй бага гарын луйварчдаас энэ Монголоо салж, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож шударгаар өрсөлдөж шударга эрх чөлөөт ардчилсан нийгмийг цогцлоох хүсэлтэй мянга мянган залууст яг одоо л боломж олгоё. Тэгэх үү… Тэгэхгүй бол “давраад” гадныхан хүртэл Монголд шударга бусаар өрсөлдөөд байна, цаана чинь…

З.Урсгал

Эх сурвалж: “Улааанбаатар таймс


URL:

Сэтгэгдэл бичих