Ч.Улаан: Засгийн газар байгуулна гэж Н.Энхбаяртай ярих боломж байсан уу

УИХ-ын гишүүн Ч. Улаантай ярилцпаа.

-Та өнгөрсөн ням гаригт хийсэн хэвлэлийн хурал дээр ууган намаа сэргээнэ гэж мэдэгдсэн. МАХН анх нэрээ солихдоо ууган намынхаа нэрийг авч үлдэнэ гээд МАН болсон. Тэгэхээр МАН чинь ууган нам биш юм уу?

-Гишүүд яриад байгаа биз дээ. Өнөөдөр нам танигдахгүй болчихлоо гэж. Тийм учраас анх байгуулагдсан үнэт зүйлс, эрхэм зорилго үйл ажиллагааны зорилтоо дахин нарийн магадалж үзээд түүндээ нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд тэмцэх цаг болсон байна гэж л хэлсэн. Түүнээс ууган намаа сэргээчихлээ гээд бас нэр солигдсоноор энэ асуудал шийдэгдэх учиргүй. Энэ тухай би ярихдаа мөн чанар нь дотоод агуулгадаа байна уу гэдэг талаас нь асуудалд хандсан.

-МАН дотор фракц байгуулна гэж байгаад сүүлдээ бүр бүлэг байгуулагдахаар боллоо гэж хэвлэлээр цацагдах боллоо. Энэ тухай та ямар тайлбар хийх вэ?

-Гадуур тийм яриа байгаа байх. Бид бол байр сууриа илэрхийлж нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр бас намыхаа даргад тэр тухай танилцуулсан. Бид нар нэгдсэн бодлого зохицуулалтын үүднээс үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн. Гишүүдийн өмнөө тавьж байгаа гол зорилго бол намаа сонгуульд ялуулах юмсан. Энэ намд байгаа гажуудлын үйл ажиллагааг арилгах явдал юм. Тэр тусмаа саяын үйп явдлаас болоод манай нам дээр тусч байгаа хар сүүдрийг саармагжуулах бололцоо байна уу гэдэг тал дээр идэвхтэй санал бодлоо хэлж байгаа. Тиймээс цаашдаа энэ чиглэлээрээ улам эрчимтэй явна гэсэн байр суурьтай байна.

-МАХН-ыг сэргээх болсон шалтгаан гэвэл Н.Энхбаярын Засгийн газрыг байгуулж Тэргүүн шадар сайдаар нь таныг томилох зорилготой гэсэн яриа гарах болсон. Энэ үнэн үү?

-Энэ ярианд би итгэхгүй байна. Яагаад гэхээр энэ үйл явдал хэзээ боллоо. Хэдхэн хоногийн өмнө болсон шүү дээ. Өнгөрсөн даваа гаригт МАН-ын удирдах зөвлөл намын мэдэгдэл гаргасан. Түүний дараа МАН-ын бүлгийн гишүүд тодорхой санал тавьсан. Түүнээс үүдэн энэ асуудал яригдаж байгаа байх. Тэгэхээр хэзээ энэ 11 гишүүд нэгдээд Засгийн газар байгуулна гээд Н.Энхбаяртай ярьчихсан байж таарах вэ. Ийм боломж байж таарах уу. Тэгэхээр энэ бол нөгөө л сурсан худлаа мэдээлэл тараадаг, хүмүүсийн нэр хүндийг унагахад чиглэгдсэн мэдээлэл. Ийм л ээлжит үйл ажиллагаа байхгүй юу. Манай зарим хүмүүс иймэрхүү үйл ажиллагаанд дэндүү мэргэшсэн байгаа. Одоо харин энэ арга хоцрогдчихсон байна. Тэрхүү мэдээллийг харсан, сонссон хүн бүхэн цаад эзнийг нь мэддэг болж. Тийм учраас энэ бол үнэхээр явуургүй арга гэж хэлмээр байна. Ингэснээр олон түмний дургүйцлийг улам ихээр хүргэнэ шүү дээ.

-Та нам дотроо асуудалд шударга ханддаг гишүүдийн нэг. Танай нам дотор сүүлийн үед үйл явдал их өрнөж байна. Намынхаа тухай ямар бодолтой байна вэ?

-Манай намд шинэчлэл шаардлагатай байна. Ард түмэнд итгэгдэж, дэмжлэгийг нь хүлээх талаар хийх ажил их байна. Зүгээр суугаад байхаар нам чинь дэмжлэг авахгүй шүү дээ. Ард түмний дэмжлэг авахгүй нам бол үйл ажиллагаа явуулж чадахгүй. Бодлого зорилгоо хэрэгжүүлж чадахгүй. Энэ олон гишүүд дэмжигчийнхээ итгэлийг хүлээж чадахгүй болно. Тэгэхээр ийм эрсдэлд орчихгүй юмсан гэсэн үүднээс би санаа зовж шүүмжилж ярьдаг.

Тийм учраас ард түмэндээ хандсан олон түмнийхээ санаа бодолд нийцсэн үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Тэгэхээр төрийнхөө цагдаа ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхийг хүлээж байсан уу. Ард түмний баялаг гадныханд худалдаалагдаж эзэнгүй юм шиг болохыг хүлээж байсан уу. Амласан амлалтаа биелүүлж чадахгүй хуурч байгааг ард түмэн хүлээн зевшөөрөх үү. Хоорондоо хагаралдаад хэсэг бүлэг болоод хөрөнгө мөнгөний наймаа хийгээд байгааг ард түмэн юу гэж ойлгох вэ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр ийм байдал гаргахгүйн тулд ажиллах хэрэгтэй. Хийх ажил их байна.

-Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах санал өгсөн гишүүдийг дуудаж уулзсан гэсэн. Ямар асуудал яригдсан бэ?

-Асуудал хэлэлцээгүй. Тодорхой санал өргөн барьсан гишүүд Ерөнхий сайд С.Батболдод байр сууриа дахин нотолсон. Бид тавьсан байр суурин дээрээ хатуу байгаа шүү. Эргэж буцахгүй. Яагаад гэвэл намын удирдах зөвлөл, намын бүлгийн гаргасан мэдэгдлийн дагуу улс тер ёс зүйн хувьд өндөр соёлтой нам гэдгээ харуулахын тулд бодиттой алхам хийгээч хэмээн санал тавьсан. Тийм учраас гаргасан , шийдвэртээ хатуу байна гэдгээ Ерөнхий сайддаа дахин уламжилсан. Тэгээд нийтлэг том эрх ашгийнхаа төлөө хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг зохицуулж ажиллах ёстой юм. Нийгэм ийм хүлээлттэй байна. Үүнийг шийдвэр гаргахдаа анхаарч харгалзан үзээрэй гэж байр сууриа батлаад гарч ирлээ.

Э.Оюунэцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих