”Хулчгар” 11
МАХН гэдэг нэрийг aвaхaд Ц.Элбэгдоржийн дэмжлэг Н.Энхбаярт яах аргагүй хэрэг болсон. Гэхдээ толгой нь сайн ажилладаг Н.Энхбаярыг УИХ-д МАХН-ын бүлэг байгуулаад,
шинээр Засгийн газар бүрдүүлж, өөрөө Ерөнхий сайд болох чинээний ажил амжуулчихна гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч санаагүй биз. Авлигач Ерөнхий сайдтай байхыг хүсээгүй болохоор Н.Энхбаярын энэхүү даварсан үйлдлийг даруй таслан зогсоож, өдгөө яллах дүгнэлт үйлдүүлэхээр хуулийнхнаа ажиллуулж байна.
Ийнхүү экс Ерөнхийлөгчөө Төв аймаг дахь Цагдан хорих төв рүү илгээсэн МАХН лидергүй хоцорлоо. Гол санхүүжүүлэгч, бас толгойлогч нь шоронд орчихсон учраас МАХН эдийн засаг болоод менежерээр гачигдаж эхэллээ гэж нийгэм харж байна. Эвэ л үед МАН-аас гарна гэж түрүүчээсээ мэдэгдээд байсан Ардын намын 11 гишүүн зоригтой хөдлөөд, бэлдээд өгсөн бэлээхэн намыг санхүүжүүлээд, цааш нь удирдаад явах боломж байсан. Гэвч хулчгар гэж нэрлэж болохуйц УИХ дахь МАН-ын бүлгийн 11 гишүүн сүр ч үгүй, сураг ч үгүй чимээ алдрав бололтой.
Хэдхэн хоногийн өмнө л МАХН-ын дарга Н.Энх-баярыг баривчлах үеэр гэрт нь сайн дураараа гүйж очоод, зарим нэг нь сэтгэлийн хөөрлөөр МАН-аас гарна гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд ил тод зарласан шүү дээ. Маргааш нь бас өнөөх 11 чинь Д.Балдан-Очир гишүүний өрөөнд хуралдаад, нэг л жигтэй байсан юм. Их тулааны өмнөх нам жим гэдэг шиг эртнээс нэр нь яригдаж эхэлсэн Ч.Улаан, О.Чулуунбат, Р.Раш, Ц.Цэнгэл, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Бадамсүрэн, Д.Загджав, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир нарыг тун удахгүй тэсрэлт хийх нь дээ гэж харж байтал тэр чигтээ дуугаа хураачихав аа, хөөрхий.
Бодвол толгойлогч нь шоронд орсон учраас даль жигүүрээ тасдуулсан мэт тас дуугүй болсон байх л даа. Эсвэл МАН-ын удирдлагад худалдагдсан ч юм бил үү, хэн мэдлээ. Ямартай ч шинээр Засгийн газар байгуулаад, өөрсдөө сайдаар очно гэсэн том мөрөөдлөө хүртэл нуугаад бөөнөөрөө ганц сайд руу дайрч эхлэв. Засгийг унагах сүртэй төлөвлөгөөнөөсөө ухраад Ц.Нямдорж мэтхэнээр оролдож эхэлсэн нь мундагтаа биш хулчгартаа байгаа юм.
Уг нь эд өөрсдөдөө итгээд МАХН-ыг удирдаад явъя гэвэл бүрэн бололцоо бий. Харамсалтай нь тэдэнд «Амь амиа бодоорой» гэдэг хулчгар дүрэм түлхүү үйлчилдэг бололтой. Н.Энхбаяр л эднийг зоригжуулж, Н.Энх¬баяр л эднийг удирдаж байсан нь өдгөө ил боллоо шүү дээ. Одоо Н.Энхбаярынх нь ирээдүй бүрхэг болчихоор эр зориг, эрдэм мэдлэгээ гайхуулах бус эргэж учрахгүй мэт сүүлээ хавчаад сүүдэр ч үгүй зугтацгааж байгааг олон түмэн харж байна.
Тэгэхээр бусдыгаа уриалан дуудаад МАХН-аа удирдаад явах, МАН-даа үлдээд хэн ч биш болох сонголтыг эд хэдийнэ хийцгээсэн байх. «Мянган жил хэн ч биш байснаас ганц өдөр хаан байсан нь дээр» гэдэг дуу хэсэгтээ залуусыг байлдан дагуулсан л юм билээ.
С.Бэлэгмаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: