.Нямдорж: Энэ намын төлөө муу, сайн хэлүүлж ингэж зүтгэсэн У.Хүрэлсүх шиг хүн цөөхөн шүү

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа. -Намын шинэчлэ­лээс болоод У.Хүрэл­сүх өвдсөн нэрээр на­маасаа явах нь гэгдлээ. Улс төрийн амьдрал дахь үйл яв­дал, хөдөл­гөөн бүхэн танай намын шинэч­лэл­тэй л холбоо­той байгаа болохоор ийм асуул­таар эхэлж байгаа юм?

-Тийм юм байхгүй, хэн тэгж байгаа юм.

-Үгүй тэгээд л, С.Баяр ч өвдлөө гээд албан тушаалаа өгөөд явсан шиг энэ намын моод болоо юу гэгдээд л…?

-Юуны өмнө танай сониноор дамжуулж ард түмэн, сонгогчид, МАН-ын гишүүд дэмжигчдэдээ шинэ он, сар шинийн мэнд дэвшүүлье. Өнөөд­рийн Монголын улс тө­рийн амьдрал хоёр зүй­лээс хамаарч байна. Нэг нь намуудын амьд­рал нөгөө нь 2005 онд Нам­барын Энхбаяр УИХ-ын дарга байхдаа баталсан “Улс төрийн намын тухай хууль” юм. Энэ хууль анх 1991 оны тавдугаар сарын 16-нд байна уу даа, П.Очирбат гуайг Ар­дын их хурлын тэргүү­лэгчдийн дарга бай­хад батлагдсан. Тэр хуулийн дагуу нам, улс төрийн амьдрал зохион бай­гуу­лагдаж, одоо шүүмж­лэг­дээд байгаа ээд­рээтэй бүхэн тэр хуу­лийн суурин дээр бий болсон. Хам­гийн гол нь тэр анхны хуулинд улс төрийн на­муу­дын санхүү­жилтийн тухай нэг заалт байдаг. Өөрөөр хэлбэл, өргөл, хандивын меха­низм зөв­шөөрөгдсөн юм. Тэрийг дагасан мөнгөний урсгал, мөнгөтэй хүмүү­сийн байр суурь төр рүү хүчтэй ор­сон. Хуулийн нэг үг улс орныг ямар бай­далд хүр­гэж байгаа тод баримт тэр л дээ. Эндээс л авлига, албан тушаа­лын асуу­дал, мөнгөний сонгууль үүссэн түүхтэй юм ш дээ.

-Анхны хуулиараа мөнгөний механизмыг дэмжсэн байхаар Н.Энх­баярын хамаатаж байгаа 2005 оны хуу­лиас өнөөдрийн улс тө­рийн амьдрал яагаад шалтгаалаад байна гэж?

-УИХ-ын дарга бай­сан Н.Энхбаяр, Ерөнхий сайд байсан Ц.Элбэг­дорж нар ерөнхийдөө энэ сэдвээр хоорондоо ярил­цаж, хоёр хууль гаргах улс төрийн тохиролцоо хийсэн юм. “МҮОНРТ-ийн хууль”, “Улс төрийн на­муу­дын тухай хууль” хоёр. Ингээд л зохицоод яам­даасаа ч санал авал­гүй шууд баталсан. Энэ хуу­лиар нам үүсгэн бай­гуу­лах, намын нэртэй хол­боотой асуудал гэх мэ­тийн одоо маргаан дэг­дээ­гээд байгаа асуудлууд бүгд зохицуулагдсан юм. Ер нь бол миний нэг таа­маг бол хамтарч шинэ нам байгуулах тухай яриа байсан байж ч мэднэ. Ийм асуудал яригдаж бай­­сан учраас ч Н.Ба­габанди Ерөнхийлөгч 2005 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтэд “На­мын нэр солих гэж байгаа нь ямар учиртай юм, Зас­гийн газар ямаа төрүүлэх биш дээ…” гэсэн битүү утгатай үг хэлсэн байдаг юм. Тэгээд нам нэрээ өөрчлөхийг зөвшөөрчих­сөн, харин нэрээ өөрчил­сөн бол хуучин нэрийг тухайн намын гишүүн бусад хүн ашиглахыг хо­риглож уг хуу­лийн 15.6-д заасан. Хууль энэ, миний өмнө байна. Маш тодор­хой. МАХН-ын товчилсон болон бүтэн нэрийг санал нийлээгүй тус намын ги­шүүн болон бусад хуу­лийн этгээд ашиглаж бо­лох­гүй гэсэн заалт өнөө­дөр хүчинтэй байна. МАХН нэр өөрчлөгдөж МАН бол­лоо гээд Дээд шүүх бүрт­гэчихсэн бай­гаа. Одоо мөрдөгдөж бай­гаа “Хуулийн этгээ­дийн ул­сын бүртгэлийн хууль” гэж бий. Үүгээр бол МАХН-ын товчилсон хий­гээд бүрэн нэр бүртгэгдэх боломжгүй. Яагаад гэ­хээр, Дээд шүүх дээр бүрт­гэлтэй байгаа учраас. Дараагийн асуудал бол МАН нэрээр солигдсо­ноос хойш намын батлах сольсон явдал.

-Уржигдрын танай намын удирдлагуудын мэдээллээр 163 мянган хүн батлахаа гардлаа гэсэн. Намын батлах сольсон ажлын дүнгээр та МАХН нэрээ авч үлдэнэ гээд байгаа улсууд мөн чанартаа хэдүүлээ байгаа вэ гэдгийг тодруулахаар чухалчилж байна уу?

-Харин хуучин МАХН гэсэн батлахтай байсан хүмүүс бараг бүгд шинэ нэртэй батлахаа авсан байгаа биз дээ. Батлах солих явцад 14 мянган хүн намд шинээр элссэн байна. Ер нь ингэж на­мын нэрийг өөрчлөхдөө бид орон даяар хэлэл­цүүлэг явуулсан шүү дээ. Намын хороодоос дэмж­лэг аваад Удирдах зөв­лөл, Бага хурал, Их хур­лаараа хэлэлцсэн уч­раас одоо энэ асуу­дал­тай мянга маргаад нэмэр байхгүй. Харин МАХН гэдэг товчлолыг хэрхэн хэрэглэх гээд байгааг со­нирхож Их хурлынх нь үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр багахан харлаа. Хэрвээ одоо МАХН-ыг бид авч үлдэж байна гэж үзэж байгаа бол намын их хуралд төлөөлөгч сонго­дог, үүр хороодоор дамж­даг дүрэм журам огт хэ­рэгжээгүй. Хоёрдугаарт, МАХН-д огт байгаагүй хүмүүс тэр зохион байгуу­лалтын нь удирдах албан тушаалд гарч ирж байна. Жишээ нь, бараг бүх на­маар дамжсан Л.Цог, Но­гоон намын гишүүнч­лэл­тэй С.Молор-Эрдэнэ гээд л. МАХН-ыг үзэн яддаг байсан хүмүүс өнөөдөр удирдлагад нь яваад бай­на шүү дээ. Тэгэхээр МАХН хийгээд МАН-ын үнэр байхгүй ажил байгаа биз. Шуудхан хэлбэл шинэ нам байгуулагдах гэж байгаа оролдлого. Шинэ нам байгуулахаар бол дахиад л өнөөх 2005 оны Н.Энхбаярын өөрийнх нь гарын үсэгтэй хуулиар хэрхэн зохион байгуулагдахыг заачих­сан байдаг юм.

-Яг тэр заалтыг эр­гэж саная л даа?

-Энэ дээр бол эхний ээлжинд 801 гишүүний дэмжлэг байх ёстой. Энэ нь нарийн бүртгэлтэйгээ байх ёстой. Хоёроос доош­гүй сарын шинэ нам зохион байгуулах хурал зарлах ёстой. Тэгэхээр энэ бол МАХН-ын хурал ч биш, шинэ нам байгуу­лах хуулийн заалтыг хан­гасан ч хурал биш. Ингээд бүх талаасаа хууль бус юм л баахан явлаа. Бүх талаасаа. Гол нь бүх ажил хуулийн л дагуу явах ёстой шүү дээ. Нам тэгээд асуудлыг олонхиороо шийд­дэг ёстой. МАН болгоё гэдэг асуудлыг олонхиороо шийдсэнийг дээр ярьчих­сан.

-Дээр нь Баасан гэж хүний нам руу МАХН гүйгээд явчихлаа гэх яриа бий, энэ тухайд хуулийн дагуу бас хэр­хэн тайлбарлагдах юм бол?

-Энэн шиг доромж­лол, гүтгэлэг, худлаа яриа байж болохгүй шүү дээ. 1991 онд байна уу даа, Ардын нам гэсэн нэг нам байгуулагдсан. Яг үнэн­дээ бол Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа энэ намыг татан буулгах ажлыг зохион бай­гуулсан хүн шүү дээ. МАХН-ын нэрийг Ардын нам гэж өөрчлөх гэсэндээ тэгсэн юм. Тэр хүн Ардын намын удирдлагад бай­сан Н.Эн­хээ, Өлзийбаатар нарт Хотын татварын алба, Архивын газрын дарга зэрэг албан тушаал өгч, энэ ажлыг хийсэн. Ийм нарийн ширийн юм бий дээ. МАХН-ыг авч үлдэнэ гээд байгаа нөхөд Дээд шүүхэд материалаа өг­сөн эсэх нь мэдэгдэхгүй байна. Өгөх ч юм уу, үгүй ч юм уу. Өгөх л юм бол хууль хэрхэн зөрчсөн ту­хай асуудал яригдана.

-Ч.Улаан гишүүн Н.Энх­баярыг гомдоож болохгүй гээд л ярих юм?

-Түүндээ тулбал Н.Энх­баяр ч тэр, Ч.Улаан ч тэр би ч гэсэн хамгийн эхэнд “Би гомдох эрхтэй” гэж ярихын оронд “Би хэний, юуны хүчинд өдий зэрэгт хүрсэн билээ” гэд­гээ ярих ёстой. Энэ гур­ван хүний хэн нь ч гэнэт нэг өдөр тэнгэрээс бууж ирээд энэ намын удирд­лагад гарчихаагүй. Энэ намын 160 мянган гишүүн дэмжигч, энэ ард түмний саналаар бид өдий зэрэгтэй яваа. Бид­ний өнөөдөр бодох ёстой юм гэвэл гомдол биш ха­рин гишүүд дэмжигч­дийн­хээ сэтгэл рүү ус цацахгүй байх, цөхрөөхгүй байх үүрэг. Н.Энхбаярын хэд хэдэн ярилцлагыг хальт хульт хартал баахан өр шир л нэхсэн байна лээ. Тэр өр ширийг харин МАН-ын жирийн гишүүд Н.Энхбаяраас нэхэх эрх­тэй шүү, том утгаараа. МАН-ын гишүүд сонгууль бүхэнд Н.Энхбаярын тө­лөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, хөлсөө цутгуулж тэр олон ялал­туудыг авчирсан юм шүү. Зүгээр Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж мэ­тийн “сайн” хүмүүс ко­манд өгөөд ялуулчи­хаа­гүй юм. Тэгэх ч боломж­гүй. Энийг яагаад бо­дох­гүй байна вэ. Хэрвээ гом­доод байгаа бол гомдох юмыг өөрсдөө л хийсэн. Би ч тэрийг дарга болго­сон, энийг ч өргөж тэтгэсэн гээд баахан ярьсан байна лээ. Тэрэндээ хүртэл яривал Н.Энхбаярыг хэн дарга болгосон юм бэ. Тэрийгээ яагаад ярихгүй байна. Яагаад мартаад байна. Н.Энхбаярыг хэн ч МАН-аас хөөгөөгүй. Тэр өөрөө л хүмүүс цуглуулаад, жүжиг тавиад л эхэлсэн.

-Н.Энхбаярыг эсэр­гүүцсэн үйл ажил­ла­гаа­нууд бодлогогүй буруу хийгдлээ, үүнээс болж У.Хүрэлсүхийг огцруу­лах тухай нам дээр нь яригдлаа гээд шуурлаа шүү дээ. Үнэхээр тэг­сэн юм уу?

-Нялуунаас шулуун нь дээр гэдэг, би шулуухан л хэлье. Би гурван асууд­лаар намын удирдлагад асуудал ярьсан. Нэгдү­гээрт, Шинэбаяр гэдэг хүнийг тойруулж захиал­гат нэвтрүүлэг гарлаа. Хоёрдугаарт, МАХН гэсэн нэрийг авсан баахан хү­ний нэр гарлаа. Гурав­дугаарт, залуус жагсч цуг­ласан нь буруу гэж хэл­сэн. Гэхдээ энэ бүхнийг зөвтгөх шалтгаан бас бий. Энэ залуусыг биеэ барьж чадахгүй болтол нь цөхрөөж байна. 2005, 2009 оны Ерөнхий­лөг­чийн сонгуульд энэ хүнийг ялуулахын төлөө бид яаж зүтгэлээ. Нам гэдгийн зовлонг мэдэх, мэдэрсэн цөөхөн хүний  нэг нь Н.Энхбаяр өөрөө. Гэтэл өөрийнх нь төлөө зүтгэж байсан нам,  түү­ний 160 мянган гишүү­дийг голдоо ортол нь гом­доосон үйлд­лүүд бүтэн жил хийж  үймээн самуун үүсгэж намыг дотроос нь хага­лан бу­таргах оролдлого хийж байна.

-Генсек өвдөөгүй юм байгаа биз дээ?

-Намын албан ту­шаа­лаасаа буух шаард­ла­гатай болоод, тэрний учир шалтгаан үүсгэж өвдсөн хавдсан гэсэн яриа гараад байгаа биш үү гэж л түрүүнээс хойш асуугаад байх шиг байна.  Би зүгээр, У.Хүрэлсүхийн тухай ярих юм бол 1994 онд бараг оюутан шахуу байхаасаа энэ намын төлөө явсан хүн. Энэ на­мын төлөө муу, сайн хэ­лүүлж ингэж зүтгэсэн У.Хү­­рэлсүх шиг хүн цөө­хөн шүү. Нөгөө талаас Ерөнхий нарийн бичгийн дарга болоход нь би илт дэмжсэн хүмүүсийн нэг мөн. Ийм л үнэлэмжээр ханддаг гэсэн үг. Энэ на­мынхан байдаг шим шүү­сээ шахаж байж байдаг өндөр алба тушаалаа Н.Энхбаярт өгсөн байхад хариуд нь энэ нам, энэ төрийн эвд­рэл, үймээн самуурлын төлөө ажил­лаад байхаар залуу­чуу­дын тэвчээр ал­дагдаж байна шүү дээ. Алдагд­сан тэвчээр зад тавьсны төлөө У.Хүрэл­сүх бу­руу­тах ёсгүй. Би буруу биш гэж бодож байгаа шүү. Өөр яах ёстой бай­сан юм бэ. Энэ МАН, АН-ын чинь хөдөлгөөн дан­даа тө­рийн хөдөлгөөн болж хувирдаг. Яагаад гэвэл, төрийн шийдвэрийг гар­гадаг учраас. Тэгэхээр энэ хоёр намын аль, аль нь дотроо эв нэгдэлтэй, үн­дэснийхээ тусгаар тогт­нолын төлөө байх ёстой юм. Гэтэл энэ намыг тол­гойлж явсан хүн Н.Энх­баяр ийм юм хийгээд явж байдаг. Тэр жил М.Энх­сайхан ч адил. Хүний ёсоор бодоход би ойл­гох­гүй юм. Яахав, хүний ёсноос гадуур юм хийдэг хүнд бол чадах л зүйл юм байна л даа. Н.Энхбаяр “Эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлж Ерөнхийлөгч болж байсан биз дээ. Ерөн­хийлөгч байхдаа нэ­гийг хэлж, болихоороо өөрийг хэлдэг, хийдэг болж байна уу. Ингэж нулимчихаж болдог үг юм уу.

-БНМАУ гэгдэж бай­гаад Монгол Улс нэртэй болсон, Амаржаргал на­рын оролцоотойгоор Ард­чилсан нам гэж нэр гарч, өмнөх нь хаягдаад л өнөөдөр анхны нэр юм шигээрээ л байна. Гол нь эвтэй, хүчтэй нь алдагдаад ингээд удаан яваад байвал сон­гуулийн дүнд нө­лөөл­чих вий гэж танай намынхан ярих нь бай­на лээ?

-Энэ Ардын нам гэдэг нэрнээс болж доргихгүй дээ. М.Энхсайхан намаа­саа гараад явахдаа зорьсноороо өнөөдөр АН-ыг хүчгүй болгохгүй яасан юм. Түүнийг явсны дараа АН сонгуульд нав­сайтлаа ялагдах нь яасан юм бэ. Тэгээд ч олон нийт МАН гэсэн нэрэнд таатай байна ш дээ. Богдоосоо эхэлж энэ нэрийг дэмжиж байсан юм. Ямар ч үнээр хамаагүй Манжийн дар­ла­лаас гарахаар зорьсон хувьсгалыг энэ нам хий­сэн шүү дээ. Ардын на­мын анхны долоогийн дотор зэвсгийн Дэндэв гэж хүн байсан. Тэр хүн бол Богдын цэргийн зэвс­гийн дарга. Ардын на­мынхан Оросоос тус­ламж гуйхаар зориход Богд тус­ламжийн бичигт гарын үсэг зурж өгөөд, шүн­шиг­лэсэн бурхан хүр­тэл зүүж өгөөд явуулж байсан. Ийм үед гарсан, үүссэн ариун даг­шин эд. Үүнийг л гамин­гийн нэр өглөө гэж до­ромжлоод байна ш дээ. Тэгэхээр манай за­луу­чуудын гом­дох, уур­лах зөв байгаа биз. Юм, юм руу нулимж болдог л байх. Гэхдээ тусгаар тогт­нол, эрх чө­лөөний төлөө, энэ улс орны сайн сайх­ны төлөө явсан өвөг дээд­сийн ариун сүнс рүү ингэж цусгүй нулимж болохгүй. Хоёрдугаарт, хувьсгалт гэдэг энэ үг чинь Ардын нам гэсэн үг рүү хүчээр ороод ирсэн юм шүү. 1922 оны наймдугаар сард Д.Бодоог буудаж хо­роогоод, дараахан нь намын нэрийг нь өөрч­лөөд, коминтерний тур­шилт хийгдэж эхэлсэн юм. Манжийн дарлалаас ан­гижраад дараа нь ко­мин­терний хараат болж нийт­­дээ бараг 300 жил болсон. 1911 оны үндэс­ний эрх чөлөөний хө­дөл­гөөн, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ард­чилсан хувьс­гал гэсэн гурван үсрэл­тээр дамжин бид бүрэн утгаар тусгаар тогтнолоо олж авлаа. 1990 оноос хойш гэрээ, төрөө өөрс­дөө авч явж байгаа түүх. Алдаа, оноо их байсан. Хамгийн гол нь 300 жи­лийн дараа мон­голчууд өөрсдөө төр, хуулиа хө­төлж, өөрөө өөртөө эзэн болж амьд­рах зам руугаа орсон юм. Аан, тэр өөрөө өөртөө эзэн байж чадаа­гүй цаг хугацаатай МАХН гэдэг нэр чинь, хувьсгалт гэдэг үг чинь холбоотой бай­сан. Асуудал энд л байгаа юм. Тийм нэрнээс салж МАН нэрээ авч бай­гаа нь зөвхөн нэг намын асуу­дал биш Монголын ард түмний асуудал. Ер нь миний дайны, надаас дээших хүмүүс энэ төр, ард түмний амар амга­лан­гийн төлөө зүтгэж, бод­лоо чилээх учиртай юм. Гэтэл эмх замба­раа­гүй байдал үүсгэх сэт­гэлзүй бэлдээд, юу ч хий­хээс буцахгүй хүмүүсийг дэмжээд байх юм. Энэ төр замхарлаа л гээд байх. Тэгж яривал сүү­лийн 10 жилд Н.Энх­баяр яг дангаараа ноёр­хоо биз дээ. Одоо л ядууг нь гай­хаад, шударга ёс нэхээд байгаа болохоос… Тэр өөрийнхөө хаанчил­сан арван жилд ядуу­руу­лах­гүй, завхруулахгүй шу­дарга байлгахгүй яасийн. Өөрөө л энэ хөрөнгөтэй хүмүүсийг чирч орж ирэн баян ядуугийн ялгааг тө­рүүлсэн хүн шүү дээ. Одоо юуг нь гайхаад бай­гаан. Түүнд шу­дарга ёс гэж хэлэхээр зохихгүй байна ш дээ. Лав л эд нарын толгой дээр тавьдаг малгай биш, энэ шударга ёс гэдэг үг чинь. Шударга ёс ярьж болно. Гэхдээ ярьдаг үе, ярих хүн гэж байна. Хамаг шударга бусын үрийг тарьчихаад…

-Хууль, түүхээр ин­гэж үл тоогдох хүн л юм бол үе үеийн генсекүү­дээрээ хүртэл гарын үсэгтэй мэдэгдэл ши­дүүлээд улам хөөр­гөөд, өнөөдрийг ээд­рээ­тэй болгочихсон юм биш үү?

-За даа, ээдрээсээд байх ч юм юу байхав дээ. Түүх болж л үлдэнэ дээ, наад явдал чинь. Голдоо ортол гомдох гэж монгол үг байдаг даа. Ийм бай­далд хүргэж байгаа хүн рүү бичиг шидэх бага асуу­дал. Уг нь Энхбаярын дайны хүн бол хааяа ирж бидэнтэй ажил төрөл ярьчихаад, энд тэнд лекц уншчихаад, намбатай сай­хан байвал өөрт нь ч, бидэнд ч ээлтэй л байх  байсан. Даанч тэгсэнгүй. Мань мэтийнх нь зүүдэнд ч оромгүй зүйл мөн ч олныг хэлж, хийх юм даа.

Б.ХАЖИДМАА


URL:

Сэтгэгдэл бичих