Н.Энхбаярын луйвар ба “Ремиф” баяжсан түүх
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр баривчлагдсан нь сүүлийн өдрүүдийн хамгийн том дуулиан болоод байна. МАХН-ын дарга тэрбээр өөрийнхөө баривчлагдсан шалтгааныг Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбон олон нийтэд ойлгуулж, хэлмэгдсэн баатрын дүрд тоглохоор чармайж байгаа. УИХ-д МАХН бүлэгтэй болох гэж байгаа үед зориуд улс төрийн зорилготой баривчилж байна гэсэн мэдэгдлийг тэрбээр ТВ9 телевизээр хийсэн. Үнэндээ бол түүний энэ улс төрийн хөшигний ард юу байв аа? Н.Энхбаярыг болон өөр хэн нэгнийг улс төрийн зорилгоор барьж хориод байх шаардлага Монголын төрд байх уу?
Ерөнхийлөгч байх үедээ түүний албан тушаалаа ашиглан хийсэн эрээ цээргүй луйврууд олонд дэлгэгдэж байна. Учир мэдэх хүмүүс “Ухаад байвал Н.Энхбаяраас энэ байтугай луйвар илэрнэ” хэмээн ярьж буй нь ортой л болов уу. Энэ бүхэн “Өргөө” зочид буудлаас эхэлжээ. Уг буудлын эзэн асан Энхжаргал 2010 оны 12 дугаар сард Н.Энхбаяр хэрхэн “Өргөө”-г өөрийн болгон авсан тухай илчлэн, Сүхбаатар дүүргийн цагдаад өргөдөл гаргажээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр жил гаруйн өмнөөс эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан аж. Харамсалтай нь өөрийгөө мөнхийн Ерөнхийлөгч хэмээн мөрөөдсөн тэрбээр шүүх, цагдаагийнхныг үл хүндэтгэн, жил гаруй хугацаанд араасаа гүйлгэжээ. АТГ-ын мөрдөн байцаах алба, УМБГ хамтран ажлын хэсэг байгуулж, Н.Энхбаярыг удаа дараа тайлбар өгөхийг шаардсан боловч ноён Ерөнхийлөгч асан зугтан бултаад, нөгөө талаар үл тоомсорлон очоогүй байдаг.
Ороо Н.Энхбаярыг олж тайлбар авахын тулд гэр бүлийнхэн, өмгөөлөгчөөр нь хүртэл дамжуулж хэл дуулгаад амжилтад хүрээгүй байна. Эрүүгийн хэргийн сэжигтний хувьд, төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд шүүх, цагдааг хүндэтгээд мэдүүлэг өгөх сэтгэл түүнд байсангүй. Тиймээс хуульд заасны дагуу шүүхээс прокурорт хандаж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Н.Энхбаярыг цагдан хорих шийдвэрийн дагуу эдүгээ түүнийг Төв аймаг дахь албадан саатуулах газар хориод буй.
Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн нийслэлийн Засаг даргад “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлчилгээний газрыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байна. Энэ асуудлыг НИТХ шийдвэрлэсэн боловч энэ шийдвэрийг тухайн үеийн Засаг дарга зөрчин, “Хар дун” хэмээх компанид тус зочид буудлын 75 хувийг өмчлүүлэхээр шийджээ. Энэ үед “Өргөө” зочид буудал 605 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. Харин ”Хар дун” компани нь нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, байгуулагдаад 10-хан хонож байсан гэдэг. “Хар дун” компанийн захирал Б.Хуяг энэ луйвар илчлэгдэн, мөрдөн байцаалт эхэлсэн өдрөөс гадаад руу дүрвэн зугтсан байна. Б.Хуяг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгын төрсөн ах аж. Энэ бүхэн үүгээр дуусахгүй. “Хар дун” компани “Өргөө” зочид буудлын 75 хувийг үнэгүйдүүлэн эзэмшсэний дараа мөнөөх “Хар дун” нь “Ремиф” компанийн охин болон үрчлэгджээ.
“Ремиф” компани нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарын мэдлийнх бөгөөд “Хар дун”-г өөрийн болгох тушаалыг захирлын хувьд Э.Батшугар гаргасан байдаг. Ийнхүү 605 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан “Өргөө” Н.Энхбаярын хүүгийн халаасанд үнэгүй шахам очиж, 137 сая төгрөгөөр нийслэлийн хэтэвч хохирч үлджээ. Энэ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрийн өмчийг завшин өөрийн халаасанд хийсэн олон луйврын ердөө л нэг нь.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хаана өөрийн болгоод халаасалчих боломжтой төрийн өмч, түмний татварын мөнгөөр боссон эд хөрөнгө байгааг бүртгэн, улс орноо шуналын нүдээр харж явсан нь эндээс харагдана. Албан тушаал, эрх мэдлээрээ дарамтлан, улс төрд татан гаргаж ирсэн өөрийн хүмүүсийг ашиглан хууль зөрчсөн шийдвэрүүд гаргуулсаар ирсэн нь олон удаагийн үйлдлээс харагддаг аж. Тухайн үеийн НИТХ-аас “Өргөө” зочид буудлыг төсөл сонгон шалгаруулах журмаар хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байна. Гэвч Н.Энхбаярын шахалтаар тухайн үеийн Засаг дарга түүний шадар туслахын ахын байгуулсан компанид “Өргөөг” ямар ч төсөл, шалгаруулалтгүйгээр өгөх тушаал гаргажээ. Н.Энхбаярын энэ мэтийн луйвар хэвлэлийн салбарт ч ул мөрөө үлдээсэн. “Улаанбаатар таймс” сониныг үнэгүйдүүлж, 2,1 тэрбум төгрөгийн үнэтэй уг сонинг 369 сая төгрөгөөр завшин авсан, Японы талаас Гандантэгчинлэн хийдэд бурхны шашныг сурталчлах зорилгоор 113 мянган ам.долларын үнэтэй телевизийн тоног төхөөрөмж бэлэглэснийг Н.Энхбаяр хувьдаа завшин ТВ9 телевизийг байгуулсан гээд дурдаад байж болно.
Шунал ихэдвэл шулам болно гэсэн үг бий. Энэ мэтийн төрийн өмчийг бусармаг аргаар өөрийн болгоод ханахгүй бусад улс орны тодорхой зорилгоор бэлэглэсэн хөрөнгө оруулалтыг хувьдаа луйвардан авсан олон удаагийн тохиолдол байдаг гэнэ. Н.Энхбаяр өөрийн луйврын хэргийн улмаас баривчлагдсан явдлаа хэлмэгдүүлэлт гэж олон нийтэд ойлгуулахыг оролдож,байна.Харин Энхбаярыг “Авилгалын загалмайлсан эцэг” гэж анх нэрлэж байсан М.Энхсайхан энэ үгээ мартчихсан өмгөөлөгчийн дүрд тоглож байгаа нь хамгийн эмгэнэлтэй хэрэг гэдгийг хэн хүнгүй хэлж байна.
Улсын өмчийг гэр бүлдээ завшин, хүүгийнхээ компанид өгч суухдаа Н.Энхбаяр хожим энэхүү хууль бус үйлдэл нь илэрч болохыг хашир хүний хувьд мэдэж байсан байх учиртай. Гэвч төрсөн хүүгээ чирэхээс ч айсангүй. Энэ бүхнээс харахад Н.Энхбаяр өөрийнхөө гэмт үйлдлийг хаацайлахын тулд хүүгээ, нөхдөө, намаа, өрсөлдөгч нараа бүгдийг нь чирч, уснаас хуурай гарах гэж оролдохоос буцахгүй бололтой.
URL: