Н.Энхбаяр: Би айхгүй!

Ард түмэндээ илгээх ил захидал

Би айхгүй!

Миний  ард иргэдээ,
Үнэн үг шударга ёс, эрх чөлөөг эрхэмлэгч монголчууд аа!
Монголын түүхэнд тодорсон дөрвөн Ерөнхийлөгчийн Гурав дахь нь шоронд сууж байна. Яагаад? 600 өвч зэвсэглэсэн цагдаа дайчилж 20, 30-хан хөгшид, залуучууд, 10-аад сэтгүүлч, сурвалжлагч цугласан байр руу тэгэж дайн дажин болж байгаа юм шиг сүр үзүүлэн дайрч, байшин барилга эвдэж, эргэн тойрон байгаа хүмүүсийн амар амгаланг алдагдуулж дайрав. Яагаад охиныг минь уйлуулж, голомтыг минь сандаачиж ард түмнийг минь цочирдуулж эрх баригчид сүржигнэв!

Монголын цагдаа хууль хяналтын байгууллагад надтай ноцолдохоос өөр хийх ажил байхгүй юу? Ажлаа өгөөд 3 жил болж байгаа намайг ажлаа өгсөн цагаас эхлэн элдвээр оролдож шалгав. Харин өнөөгийн эрх баригчдын хийсэн 2008, 2009 оны луйврын сонгууль, 7-р сарын 1-ний эмгэнэлт явдал, Оюу толгойг гадныханд өгсөн хариуцлагагүй гэрээ, Таван толгойд ил далд аргаар шургалан вагон вагоноор нүүрс гаргаж, уул уурхайн мөнгө халаасалж буй өнөөгийн эрх баригчидын луйврыг шалгахын оронд над руу хууль хяналтын байгууллагын бүх хүч чадлыг төвлөрүүлэн чиглүүлж буй нь яав ч шударга ёс тогтоох гэж биш, харин шулуухан хэлэхэд улс төрийн зорилгоор гол өрсөлдөгчөө дарж авах гэсэн арчаагүй санаа гэхээс өөр аргагүй.

Тэгвэл эрх баригчид надаас яагаад айв?

2008, 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн эрх баригчид “ичсэн хүн хүн ална” гээч болж тэдний луйврын сонгуулийн булхайг байн байн сануулж, илчлэхийг шаардахад байж суух газраа олж ядаж байна.

Амлалтаа биелүүлэхийг сануулж, шаардахад нойр нь хулжиж, тайван амгалан байдал нь алдагдаж байна.

Оюутолгойн гэрээг зас гэхэд гадны түншүүд нь цаанаас нь шахалт үзүүлж, тэдний барьцаанд орсон эрх баригчид, “далд” эздийнхээ даалгаврыг биелүүлж Монголд ашиггүй Оюутолгойн гэрээг үхэн хатан хамгаалж байна. Тавантолгойн гэрээг ард түмэндээ дундын баялаг гээд 100 хувь өг гэхэд энэ ордоос хагартлаа баяжиж буй цөөн тооны олигархууд амиа тавьчихаас наагуур юм болж сандралдаж байна.

7-р сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвардсан намуудын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар төрийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 генералыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож ” байна. Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна.

Тэгэхлээр одоо нэг тоо бодъё. Оюутолгойн орд 287,0 тэрбум ам.доллар, амлалт 2,7 тэрбум ам.доллар гээд их мөнгө яригдаж байна. Өөрөөр хэлбэл энэ их мөнгийг алдчих гээд байна. Н.Энхбаяр, Н.Удвал, Л.Цог ба МАХН, М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон ба МҮАН, Б.Жаргалсайхан, Түмэнжаргал ба БНН, Маам, Батбаатар, Наранбаатар, Бум-Ялагч нар ба МНН, бусад намууд, иргэний хөдөлгөөнийхөн нийлээд эдгээр баялагийг ард түмэнд авч өгөх гээд байна гээд бодоход эрх баригчид нойр нь хүрэхгүй байгаа шүү дээ.

Тэгээд Монголын баялагийг ард түмэнд авч өгөх, сонгуулийн хугацаа ойртох тусам эрх баригчдын айдас нэмэгдэж, тэгэх тусам тэд улангасан улайрах нь ихэсч байна. 600 цагдаа жагсааж нэг хүнийг гэрээс нь баривчилна гэдэг эрх баригчид үнхэлцэгээ хагартал айсны нотолгоо. Шүүх, прокурор, АТГ, цагдаа бүхэлдээ эрх баригчдын гарын утсан хүүхэлдэй болж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн машин болсныг нотоллоо.

2008 оны луйврын сонгуулийг хийлцэж, өөрөө 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн Ц.Элбэгдорж алхам тутамдаа хууль зөрчиж, хууль хяналтын байгууллагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс төрийн даалгавар өгч ажиллаж байгаа нь нэгэнт ил тод боллоо.  Д.Дорлигжав, Л.Хурц нар нь хуулийн дагуу биш харин хуулийг уландаа гишгэж ажилладаг, үнэнийг хэлэхэд өширхөн, хуулийн байгууллагыг эзэндээ үйлчилдэг хэрэгсэл болгосон хуулийн алуурчид болжээ. Монгол Улс маань гадаадын эдийн засгийн алуурчид дотоодын хуулийн алуурчдын гарт оржээ.

Эд нарын дэглэм хараахан бэхжээгүй дээр нь хамтын хүчээр түлхэн унагаах хэрэгтэй. Ард түмнээ мартан их мөнгөн дээр өөрсдөө сандайлан суух эрхээ алдахгүйн тулд өнөөгийн эрх баригчид юу ч хийхээс буцахгүй болжээ гэдгийг 600 цагдаа дайчлан намайг баривчилсан хууль бус ажиллагаа нотлов. Магадгүй тэд жаахан л эсэргүүцсэн бол далимдуулж буудах бэлтгэлтэй, тушаалтай ирснийг  тэдний хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа, өвч зэвсэглэсэн байдал нотолно. Цаашид ч миний амийг хороохыг завдахыг үгүйсгэх аргагүй!

Би өвөг дээдэс, аав, ээж, хань ижил эрдэмт багш нарынхаа үргэлж хэлж анхааруулдагийг санагалзан 600 цагдаа сүр үзүүлэн, хүчлэн дайрч баривчлах ямар том алдаа би гаргасан юм бол гэж  хийсэн алдаагаа олох гэж сууна.

Бурхан биш учир алдалгүй яахав. Монголчуудын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учир дотроо ард түмнээсээ дандаа уучлал гуйж байдаг билээ. Харин өнөөгийн эрх баригчдын надад хүчээр тулгаад байгаа асуудлыг би хийгээгүй юм шүү. Япончуудын Ганданд өгсөн студийн төхөөрөмжийг  би ч хувьдаа аваагүй. Харин Япончуудаас Мигжиджанрайсигийг бүтээхэд 150,0 сая төгрөг, Ганданд хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж, МУИС-д хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж хандивлуулж бэлэглүүлсэн юм.

Христийн шашныг сурталчилдаг “Ийгл” телевизийг Элбэгдорж, Баабар нар оруулж ирэхэд миний бие уламжлалт буддын шашнаа дэмжих, сурталчлах зорилгоор япончуудаас хувиараа студийн зарим тоног төхөөрөмж өгөхийг хүссэн. Тэд ч хүсэлтийг маань биелүүлж Д.Чойжамц хамба бид хоёрт итгэж “Ганданд өгдгөө өгсөн, МАХН-д өгөхгүй, харин та хоёрт хувьд нь цөөн тооны тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн. Би Гандангаас, ард түмнээсээ  студийн 2 камер, 1 монтажны ширээ, хэдэн микрофон булааж авахдаа тулсан арчаагүй амьтан биш. Харин уламжлалт шашиндаа  туслахсан л гэж бодно доо. Тэгсээр ч ирсэн. Цаашид тэгсээр байх нь ойлгомжтой.

“Өргөө” зочид буудал хэмээх нэг хуучин байрны орц, “Улаанбаатар таймс” сонин хэмээх нурсан байшинг би хууль бусаар хувьдаа аваагүй. Тэр байшинг би нураалгаагүй, нураах байсныг нь ч мэдээгүй. Энэ мэтээр эрх баригчдын намайг буруутгах гэж улайран зүтгэж буй зохиомол хэргийг би хийгээгүй гэдгээ ард түмэндээ омог  бардам хэлж байна.

Монголын ард түмэн зоригтой байгаа цагт би айхгүй. Ард түмнээ зоригжуулахын тулд би айхгүй. “Ард түмнийг солино” гэж өнөөгийн эрх баригчид ичих ч үгүй ярьж байгаа.

Ард түмнийг солих ганцхан арга байдаг. Үнэнийг илчилснийх нь төлөө залхаан цээрлүүлж  айлгаж чадвал!, Ард түмэн айвал гэсэн үг!  Бүү ай!

Харин ард түмэн эрх баригчдаа солих эрхтэй. Сонгуулиар саналаа МАН, АН-д битгий өг!  Ердөө л энэ. Миний ард түмэн үүнийг хийж чадна.

Өнөөдөр Н.Энхбаярыг хууль зөрчин баривчилснаар өнөөгийн олигархийн дэглэм багаа бүрэн хууллаа. Тэдэнд ардчилал хэрэггүй, ард түмний эрх ашиг хамаагүй, тэдэнд албан тушаал нь авилга хээл хахууль, өөрсдөө хагартлаа баяжих нь хэрэгтэй юм байна. Эрх баригчид багаа хуулж үнэн хэрэг дээрээ гаднын гар хөл болсон дарангуйлагчид мөн гэдгээ харууллаа.

Дарангуйлагчид зайлцгаа!
Шударга ёс ялна. Бид ялна!
Монголчууд ялна!

Намбарын Энхбаяр Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч

Төв аймаг, Цагдан хорих газар


URL:

Сэтгэгдэл бичих