“Айвенхоу майнз” хүчингүй болсон зөвшөөрлөө сэргээхийн тулд улс төрчдийг лоббидож магадгүй болжээ
Айвенхоу Майнз компани нүүрсний дөрвөн орд бүхий Southgobi resources компанийнхаа хяналтын багцыг БНХАУ-ын төрийн өмчит Чайналко группын охин компани Чалкод 926 сая ам.доллараар зарсан билээ. Үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчтэй эсэргүүцэл илэрхийлсний эцэст Монголын Засгийн газар Southgobi resources-ын ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Ингэснээр наймаа цуцлагдах магадлалтай болсон талаар гадаадын хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Канадын компани даваа гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Монголын тал хайгуулын лицензүүдийг хүчингүй болгосон талаар албан ёсоор зарлажээ. UOB Kay Hian-ы шинжээч Хелен Лоу Монголын эрх баригчдын энэ алхмыг “Бизнесийн гэхээсээ илүү улс төрийн шалтгаантай. Энэ явдал цаашид Чалкотой хийсэн худалдааны гэрээ хүчингүй болгож ч болох юм” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь “БНХАУ энэ явдлаас болж Монголд орд худалдаж авахдаа их эсэргүүцэлтэй тулгарч магадгүй” гэжээ.
Reuters агентлагийн сурвалжлагч Michael Flaherty “Монгол Улс уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг чөлөөтэй оруулдаг. Гэвч Хятадын хувьд арай өөр нөхцөл үйлчилсээр байна. Энэ нь хоёр улс эртнээс бие бидээ итгэлгүй харилцаж ирсэнтэй холбоотой болов уу” гэж бичжээ. Айвенхоу майнз компанийн зүгээс шийдвэрээ эргэн харахыг Монголын талд тавиад байгаа юм байна. Гэхдээ бодлогын шийдвэр учир өөрчлөнө гэж байхгүй биз ээ. Овоот толгойн орд нь 175 700 000 тоннын нөөцтэй бөгөөд коксжих нүүрсний эзлэх хувиараа Баруун Цанхийн дараа орохуйц орд юм. Үүнээс гадна нөөц нь гурав дахин нэмэгдэх боломжтой юм байна. Бусад гурван ордод нь хайгуулын ажиллагаа явагдаж байсан ажээ.
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Хэрвээ худалдааг хвээр үлдээвэл эдийн засагт ямар эрсдэл учрахыг хэвлэлээр хангалттай бичсэн тул манайхан шийдвэрээ буцаахгүй биз ээ.
Х.Сайхан
URL: