“Монгол стандарт” компани оюутнуудын тарьсан модыг сүйтгэнэ гэв үү
-35 МЯНГАН МОД УСТГАХААР ЗЭХЖЭЭ-
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн баруунхантай Зуун модын хөндий гэх газарт “Ногоон Ази” ТББ, ШУТИС, МУИС-ийн оюутнуудтай хамтран 35 мянга гаруй хайлаас, улиасны суулгац тарьжээ. Хавраас намар хүртэл оюутан залуус тарьсан модоо усалж, бордож арчилсаар ургуулж чадсан байна. Энэ хавар ургаж байгаа 35 мянган модон дээрээ 25 гаруй мянган мод нэмж тарих гэнэ. Арван жилийн дараа гэхэд тэдний суулгасан мод ургаж төлжөөд “Мөрөөдлийн ой”-н төгөл болох юм.
Гэтэл нэг асуудал босч иржээ. “Ногоон Ази” ТББ болон оюутнуудын хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээж тарьсан нялх моддыг “Монгол стандарт” компанийнхан газартай нь тэгшилж, шар шороо олборлохоор дайрч эхэлсэн байна. Энэ талаар сурвалжлахаар тус газрыг зорилоо. Хотоос хөдөлж 50 гаруй километр давхисаар “Мөрөөдлийн ой” буюу дэлхийд гайхагдаад буй “Цонжин толгой” дахь Чингэс хааны сүрлэг хөшөөний яг баруун тал Зуун модын хөндийд их үдийн алдад хүрлээ. Шар элсээр нүүр нүдгүй шуураад л, шороо зөөсөн хүнд даацын машинууд цагаан тоос татуулан давхих аж. Тус газарт өчигдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 50 гаруй хүнд даацын машин шороо зөөн холхиж байна лээ. Жилийн дөрвөн улиралд хүнд даацын машинууд тасралтгүй шороо зөөж байгаагаас үүдэн байгаль орчин сүйдэх болжээ. Энэ хөндийн элсний нүүдэл жилээс жилд хүрээгээ тэлж байгаа нь дээрх карьерийн компаниудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Мөн карьерийн компаниуд нөхөн сэргээлтийн ажил огт хийхгүй байгаагаас энд тэндгүй ухсан нүх, овоолсон шороо харагдах аж.
Ийнхүү хөндийн хөрсийг хуулж, шар шороо олборлож байгаа газартай залгаа 35 мянган мод тариад байгаа “Мөрөөдлийн ой” байх цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Тарьсан модоо хашаалчихжээ. Хашаан доторх нахиалж амжаагүй модод салхинд ганхан бөхөлзөх аж. Арав гаруй хүн талбай дотор явж байгаа харагдав. Ингээд “Ногоон Ази” ТББ ажилчидтай уулзлаа. Мэнд мэдээд “За тарьсан мод ургаж байна уу. “Монгол стандарт” компанийн ажилчид танай талбай руу дайрсан гэсэн үү” гээд асуутал өөдөөс бөөнөөрөө “За энд ёстой сонин юм болоод байна. Хоёр жил хүч хөдөлмөрөө гаргаж ургуулсан модоо ав. Өөр газар суулга. Бид эндээс шороо ухна. Энэ бидний газар” гээд бөөн хүмүүс хүрч ирээд хашаа руу дайрч орж ирээд сандаргаж байна. “Монгол стандарт компанийн ажилчид юм гэсэн. Нэлээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөр тарьсан мод устах аюулд орж байгаа юм шиг байна. Энд чинь 30 гаруй мянган мод ургаад хоёр жил болж байна” гээд л тал талаас ярьж гарлаа. Тэдний хэлж буйгаар Зуун модын хөндий гэх газар нь Налайх дүүрэг болон Эрдэнэ сумын зааг юм байна. Гэхдээ хилийн дээс тогтоохдоо Эрдэнэ суманд ихэнх нутгийг нь оруулаад бүртгэчихсэн аж.
150 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа энэхүү газарт “Монгол стандарт” ХХК-ийнхан дураараа дайрах болсон нь ийм учиртай юм байна. “Ногоон Ази” ТББ нь 2009 онд Эрдэнэ сумын Засаг даргын захирамж болоод Байгаль орчин аялал жуулчлалын яамны зөвшөөрлийн дагуу газар ашиглах зөвшөөрөл авсан байна. “Ногоон Ази” ТББ нь БНСУ-ын хөрөнгө оруулалттайгаар байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 2009 оноос эхлэн Зуун модын хөндийн цөлжөөд байгаа хэсэгт мод тарих ажлыг эхлүүлжээ. Арван жилийн хугацаатай, элсний нүүдлийг зогсоож модон төгөл бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Мөн нутгийн иргэдийг цалинжуулан ажиллуулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Одоогоор 116 га талбайд мод тарих ажил өрнөж байна.
Харин мод тарьсан газарт элс олборлохоор улайрч байгаа “Монгол стандарт” ХХК нь 2009 онд Ашигт малтмалын газраас элс олборлох зөвшөөрөл авчээ. Мөн Налайх дүүргээс зөвшөөрөл авсан байна. Гэхдээ хоёр жил үйл ажиллагаагаа явуулаагүй гэнэ. “Монгол стандарт” ХХК нь тус газарт зөвхөн хайгуул хийх зөвшөөрөлтэй юм билээ. Энэ нь ямар нэгэн олборлолт хийх эрхгүй гэсэн үг.
“Монгол стандарт” ХХК “Модоо авахгүй бол газартай нь тэгшилж орхиод элсээ олборлоно. Их хотын бүтээн байгуулалтад саад болж болохгүй шүү. Манай компанийн хоёр жил үйл ажиллагаа явуулж чадаагүй хохирлыг та нар өг. Бид шүүхэд хандана” гээд байгаа аж. Бүр хүнд даацын машинаар хашааг нь дайрч орох болжээ.
Харин “Ногоон Ази” ТББ-ынхан “Бид холбогдох газраас нь зөвшөөрөл авч мод тарьж байна. 500 гаруй сая төгрөгөөр тарьсан модоо яах юм бэ. Энэ газар цөлжилт ихтэй газар. Байгаль орчин сүйтгэгдэхээс хамгаалж байна. Энд мод тарьснаар нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж байна. Энэ бол Монгол Улсад нэн чухал хэрэгтэй зүйл. Таван мянган оюутны хоёр жилийн хүч хөдөлмөрийг сүйтгэж болохгүй” гээд л “Монгол стандарт” ХХК талбай руу нь дайрч магадгүй хэмээн ажилчдаа өдөр болгон ээлжээр нь модоо мануулж байна.
Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо байхгүйгээс үүдэн үл ойлголцох байдал үүссэн бололтой. Ингээд хууль хяналтын байгууллагуудад 35 мянган мод устгаж “Монгол стандарт” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах уу. Эсвэл “Ногоон Ази” ТББ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж 150 мянган модтой ойн төгөлтэй болгох уу гэдгийг шийдэх асуудал гарч ирж байгаа юм.
ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР ШОРОО УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД БАЙХ ЮМ
Ингээд мод арчилгааны ажилтан Л.Бямбажавтай цөөн хором ярилцлаа.
-Гэр бүлээрээ энд ажиллаж байгаа юу. Та нарыг цалинжуулж байгаа гэсэн?
-Энд гэр бүлээрээ ажиллаж байна. Нөхөр бид хоёрыг ажилд авдаг газар олдохгүй хэцүүхэн амьдарч байсан юм. Гэтэл энд ажилд ороод сайхан байна. Мөн хүлэмж өгсөн. Тэнд нь хүнсний ногоо тариад дээрээс нь цалин авч байна даа.
-Энд тарьсан мод бүгд ургасан уу?
-Тарьсан мод 90 гаруй хувьтай ургаж байна. Ер нь зулзган мод арчилж ургуулна гэдэг их хэцүү юм. Хүүхдээ асарч байгаа юм шиг л анхаарч байж ургуулж байна. Энд мод ургуулна гэдэг их хэцүү. Тоос шороо бужигнаад л ажил ч хийж болохгүй юм. Гэхдээ их сайхан үйлс юм. Эцэг өвгөдөөсөө өвлүүлсэн газар нутгаа хамгаалж үр хүүхдүүдээ өвлүүлнэ гэдэг бахархал юм. Энэ нутгийг лиценз өгдөг газрууд их сонин түүхтэй гэдгийг мэдэхгүй л шороо ухах зөвшөөрөл өгөөд байх юм. Уг нь Зуун мод гэх газар чинь их түүхийн дурсгалт газар байхгүй юу. Энэ талаар танай сониноор дамжуулаад хэлж болох уу?
-Болно шүү дээ?
-Эзэн Чингэс хааны идэр залуу насаа өнгөрүүлсэн газар юм гэсэн. Чингэс хааны өвөлжөө байсан газраас ташуур нь олдож байсан гэж түүх судлаачид хэлдэг юм. Бас Монголын тусгаар тогтнолын төлөө 1694 онд Зүүн гарын хаан Галдан бошигт Манжийн хаантай тулалдаж байсан түүхэн газар. Мөн Бага баян, Ар Жанчивлан Туул гол зэрэг рашаан усны ундарга энд байгааг судлаачид олж тогтоосон юм байна лээ. Тэгээд ХХI зууны үеийн аялал жуулчлалын хүрээлэн болох Түмэн хишигтэн, Цонжин болдог дахь Чингэс хааны хөшөө эндээс холгүйхэн хаяанд байна. Тэгэхээр энд шороо бужигнуулаад л газар ухаад байх зохистой газар мөн үү. Бодолцож үзэх хэрэгтэй байгаа биз дээ гэв.
ОЮУТНУУД ТАРЬСАН МОДЫГ НЬ СҮЙТГЭВЭЛ ЖАГСААЛ ХИЙНЭ ГЭВ
Түүнтэй ийн хөөрөлдөж байтал бага оврын микро автобусаар 20 гаруй оюутан хүрээд ирдэг юм байна. Тэд тус газар хоёр жил мод тарьж байгаа ШУТИС-ийн оюутнууд гэнэ. Мод тарьсан газрыг нь сүйтгэх гэж байгаа талаар сонсоод хичээлээ тараад ирж байгаа нь энэ. Оюутнууд гурван мянган төгрөг нийлүүлээд микро хөлслөөд иржээ. Тэд ирээд шууд мод тарьсан талбай руугаа гүйлээ. Тарьж, ургуулж, арчилж байгаа модныхоо мөчрөөс нэрээ бичсэн даавуу уясан байна. Мод болгон эзэнтэй аж. Модоо бүрэн бүтэн байгааг үзсэн оюутнууд сая сэхээ авч байгаа бололтой “Ногоон Ази” ТББ-ын ажилчидтай уулзлаа. Хоорондоо “Ёоё модоо байхгүй болчихсон юм байх гэж бодлоо. Бид нар олон жилийн дараа модон төгөл болтол нь ирж усалж байх юм аа. Бүр хүнтэй суугаад гэр бүлээрээ энд ирж амарч байна гэж ярьж байлаа. Гэтэл “Монгол стандарт” ХХК тарьсан модыг сүйтгэж байна гэж дуулаад айлаа шүү” хэмээн ярив. Оюутнууд хэрэв тарьсан модыг нь сүйтгэх юм бол жагсаал хийж эсэргүүцнэ. Бүр модоо хамгаалах аян өрнүүлэх талаар ярьж байна лээ. Тэд хоёр зуны турш сайн дураараа мод усалж, арчилсан болохоор тэгэх эрхтэй гэсэн юм.
ХИЛИЙН ДЭЭС ТОГТООМООР БАЙНА
“Ногоон Ази” ТББ-ын төслийн мэргэжилтэн З.Төмөрсүх “Бид энд их бүтээн байгуулалт хийж байна. Булган аймгийн Баяннуур сум, нийслэлийн Багануур дүүрэг, Дундговь аймгийн Мандалговь хотод байгаль хамгаалах аян өрнүүлээд байгаа. Энэ жил 200 сая төгрөгөөр 25 мянган мод тарина. Энд 150 мянга гаруйг тарих юм. Арван жилийн дараа энд ой мод бий болох учиртай. Гэтэл хилийн дээс тогтоогдохгүй байгаагаас үүдэн ийм асуудал үүсч байгаад харамсалтай байна. Үүнд холбогдох газрууд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Эрдэнэ сумаас биднийг дэмжиж ажиллах хэрэгтэй байна” гэв.
Э.ХҮРЭЛБААТАР
Өнгөрсөн жил ингэж ургасан байна
25 мянган мод тарихаар нүхийг нь ухаж байлаа
URL: