Аалзны тороор гоожихоосоо айж байна
Экс Ерөнхийлөгчийг баривчлагдах үед гэрт, гадаа нь байсан, УИХ-ын одоогийн болоод хуучин гишүүд бүгд ямар нэг сэжмээр МАХН-ын даргын өмч хөрөнгөтэй холбоотой үйл хэрэгтэй холбогдсон байдаг. Нэгэн цагт бие биеэ харж чадахгүй болтлоо арцалдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар тус тусын намаас нэр дэвшин өрсөлдөж, экс Ерөнхийлөгчид хятадын эрлийз хурлийзаараа дуудуулж явсан М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар АТГ-ынханд ажил заан толгой түрүүгүй дүрэмдэж яваа харагдсан.
М.Энхсайхан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа Н.Энхбаярыг “ОХУ-д төлсөн их өрийн мөнгөнөөс М.Касьяновтой онь холбон идэж завшсан. Их өр тэглэхэд зуучилсан Чехийн компани ор сураггүй алга болсон тул сэжиг бүхий байдал үүссэн. Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж шалгуулна” хэмээн ид бужигнуулж байхдаа Казахстаны Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд экс Ерөнхийлөгчийн хамт явж ирээд амаа үдүүлж, тэр цагаас хагацашгүй найз нөхөд болсон гэдэг. Түүнийхээ шалтгааныг “Ууланд хамт авирч нэг олсонд амиа даатгаад ирэхээрээ хүн нэг амьтай болдог. Н.Энхбаяр шиг сайн хүн Монголд үгүй” гэсэн этгээд тайлбараар халхалж байв.
УИХ-ын дарга агсан Л.Энэбиш 2001 оны намар таалал төгсч, түүний төлөөлж байсан Булган аймагт нөхөн сонгууль болоход БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшин өрсөлдсөн биш Н.Энхбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат нартай ямар далд холбоотойгоо илчилж орхисон. Японы “Марубени” компани Б.Жаргалсайханд 28 сая ам.долларын зээл олгосон ч БНН-ын дарга зээлээ төлөөгvй тул Монгол Улсыг Англи дахь олон улсын шvvхэд өгчихсөн юм. Б.Жаргалсайханд зээл олгох үед экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Соёлын сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан зээл тусламж хариуцсан Yндэсний хєгжлийн газрын дарга бөгөөд төрийн сайд, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанкны дэд ерөнхийлөгч байж зээлийн баталгааг гарган өгч байжээ. Тухайн үедээ асар их хөрөнгө болох 28 сая ам.долларын зээлийн баталгааг Н.Энхбаяр, Ч.Улаан нар танхимд нь багтаж байсан Засгийн газар ийнхүү өгч, Монголбанкны дэд ерөнхийлөгч О.Чулуунбат давхар баталсан байдаг. Д.Тэрбишдагва гишүүний ТБД компани ч цагтаа Засгийн газраас халамж хүртэж явжээ. Худалдаа хөгжлийн банкны маапаан эргэлзээтэй хувьчлал ч О.Чулуунбат гишүүний гараар орж таарсан. Экс Ерөнхийлөгчийг баригдах үед гэрт нь байж халдашгүй бүрэн эрхээ зөрчүүлэн буйдан доогуур чихүүлсэн гээд байгаа гишүүд, холбоотон болоод буй намын дарга нар чин сэтгэлээсээ андын ёсыг бодож тэнд байсан гэхээсээ илүүтэй, нэг нь баригдвал энэ мэт хэрэг хөврөх учраас л эмээсэн сэтгэлээ дагаж очсон гэж хэлж болох юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр байдал бишидсэн үед УИХ-д байгаа хуучны анд нараа МАХН-д орж бүлэг байгуулан аминд нь орох байх гэж чин сэтгэлээсээ боддог байснаа баригдахынхаа өмнөхөн TV9-ийн сэтгүүлчид ярьсан. Харин нөгөөдүүл нь экс Ерөнхийлөгчийг баригдаад явмагц хацар хавдсан, тархи хөдөлсөн, нүдний шил эвдэрснээ ярьж байснаа Төрийн ордонд ирэнгүүт хоорондоо хэсэг зөвлөлдөөд төрөл арилжаад гараад ирсэн. УИХ-д бүлэг байгуулж, МАХН-д элсэнэ гэж мэдэгдэж, экс Ерөнхийлөгч ч баригдаад явахдаа чухам тэгэх байх хэмээн төсөөлж байсан анд нар нь гэнэтхэн “МАН-аас гарна гэж бодохгүй байна. Засгийн газар юу гэж хэлэх нь вэ, түүний дараа болъё” ч гэх шиг мэдэгдэл хийгээд эхэлсэн. Ёсыг бодож Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд очиж үг хэлсэн байна лээ.
МАН-аас гарч гэмээнэ экс Ерөнхийлөгчийн зам мөрөөр орно гэдгээ гадарласан эрхмүүд эрх барьж буй намынхаа нуувчаас гарна гэдэг амиа хорлосонтой яг ижил гэдгийг мэдрээд өөрийгөө хоохойлж эхлэсэн нь тэр. Одоо бол тэд халдашгүй бүрэн эрхэнд нь цагдаа, хүчнийхэн ямар бүдүүлгээр халдсаныг л зовлон болгон тоочихоос биш баригдаад явсан экс Ерөнхийлөгчийн араас үг унагахаа больчихоод байна.
Намаасаа гарвал баригдаж аалзны торны хөвөрхийгөөр гоожино гэдгээсээ олон олигархи эмээж эхэллээ. Одоо л АТГ-ын зоригтой хөдлөх цаг эхэллээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ
news
URL: