Өсвөр насны охид гоё харагдах гээд хохирсоор байна
Сүүлийн үед нүдний эмнэлгүүд ачаалал ихтэй болж, ирж байгаа өвчтөнүүдийн дийлэнхийг өсвөр насны охид болон оюутнууд эзэлж байгаа талаар салбарынхан ярьж байна.
Тэдний ихэнх нь “Бөмбөгөр” худалдааны төв, хорооллын дэлгүүр, Нарантуул захын лангуун дээр худалдаалагдаж байгаа гоёлын контакт линзийг авч хэрэглэсэн охид гэнэ. Дэлгүүр, захын лангуугаар ямар ч хяналтгүй худалдаалагдаж байгаа контакт линз нь эрүүл ахуйн шаардлага хангаагүйн дээр охид тэр бүр хэрэглэх заавар, ёс горимыг нь сайтар баримталдаггүй тухай нүдний эмч анхаарууллаа. Хувь хүний гар дээрээс ямар ч баталгаагүй контакт линз худалдан авч эрүүл мэндээрээ хохирогсдын тоо ихсэж байгаа ажээ. Бусдад гоё харагдах гэж насан туршдаа хараагүй болох аюул нүүрлэж магадгүй талаар эмч хэлж байна. Гоёлын болон контакт линз нь эмчийн заавраар хэрэглэх ёстой зүйл бөгөөд хүссэн нэг газраасаа худалдаад авчихаж болдоггүй эд аж. Нүдний болорын эмчлэгдэх боломжгүй гэмтэлийг үүсгэж, цаашлаад хараа болон хараагүй болоход нөлөөлдөг контакт линзний хэрэглээ дэндүү ихсэж байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулах лангууны тоо өссөөр байгаагаас харагдаж байна. Иймд нүдээ хайрлаж, гоё харагдахаас илүү эрүүл мэнддээ анхаарахыг нүдний эмч нар зөвлөж байна.
Г.Ертөнц
URL: