УИХ-ын гишүүдийн хоёр дахь салаавч

Сонгууль дөхөхийн хэрээр улс төрчдийн олны анхааралд өртөх хүсэл их болжээ. Зарим нь дуулж, хуурдаж авъяасаа үзүүлж байхад зарим нь ёс зүйгүй үйлдэл хийж олны анхаарлын төвд орж байна. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хуруугаа салаавчилсан зураг хэвлэлээр тархаж нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. УИХ-ын гишүүн байж ийм ёс зүйгүй үйлдэл хийлээ гэх шүүмжлэлийг тэрбээр “тоглож байсан юм” хэмээн тайлбарласан. Тоглож байлаа ч Төрийн ордонд ингэж аашилсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Тэрбээр “Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир хоёр уг нь надтай тоглож байсан байхгүй юу. Тэгсэн нөхөд миний тэр зургийг аваад сайтуудад тараачихсан юм байна билээ л дээ” гэж гомдонгуй ярьж байсан. Тэгвэл хуруугаа салаавчилж байгаад хэвлэлийнхний “олз” болсон хоёр дахь гишүүн нь Ц.Шинэбаяр гишүүн болж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын ажилтнууд баривчлах үеэр тэрбээр хэд хэдэн удаа төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд руу салаавч гаргасан. Энэ нь бичлэг дээр тов тод үлджээ. Гэхдээ Ц.Шинэбаяр гишүүн  энэ үйлдлээ Ш.Сайханбилэг гишүүн шиг “санаандгүй, тоглоомоор” биш харин ч санаатай хийсэн гэдэг нь бичлэгээс харагдаж байна. Хэчнээн уурлаж бухимдаж байлаа ч ийм үйлдэл хийсэн нь түүний хувь хүний зан чанарыг харуулж байна гэж олон хүн үзэж байгаа юм. Хэрэв өөр оронд УИХ-ын гишүүн нь төрийн албан хаагч руу хуруугаа салаавчилж байгаа нь баримтаар нотлогдвол ёс зүйн алдаа гаргасан гэж суудлаасаа огцрох байсан биз. Гэтэл Ц.Шинэбаяр гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа гэж УИХ-ын даргад гомдол гаргаад байгаа билээ.

Ц.Шинэбаяр гишүүнд баривчилгааны үеэр биед нь халдсан нь үнэн боловч түүний ёс зүйгээ гээж бүдүүлэг загнасан нь мөн л үнэн юм. УИХ-ын гишүүд нөхрийнхөө бүдүүлэг үйлдлийн тухай нэг ч үг дуугарахгүй байгааг бодоход энэ удаа дараад өнгөрөх бололтой.

Тэрбээр тусгай хамгаалалтын ажилтнууд түүнийг диван дээр дарж, хоолойг нь шахсан тухай зарлаж, хэвлэлийн хурал хийсэн. “Хэрэв би өчигдөр очоогүй байсан бол өөр хүний амнаас  ийм зүйл болжээ гэж сонсоод итгэхгүй байсан. Үнэхээр аймшигтай. Тэнд диван дээр зүгээр сууж байсан хүмүүсийг дээрээс нь дарж унагаасан. Миний хоолой дээр дараад, нэг хүний хөл толгой дээр гарчихсан байсан. Сүүлд харахад Ч.Улаан гишүүний хөл байсан. Хэрэв миний хоолой дээр тэгэж дараад удсан бол юу болох байсныг бүү мэд” гэж байлаа. Харин түүнд доромжлуулсан албан хаагчид хэнд гомдох вэ? Өөрсдийн дур зоргоор биш, албан даалгавраар Н.Энхбаярыг баривчлах гэж яваа хүмүүс рүү салаавч гаргаад сууж байна гэдэг төрийн хүний ёс зүй мөн үү? гэж олон хүн асууж байна.
/24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих