Баривчилгаа тойрсон инээдтэй явдлууд

1. Пүрэв гарагийн ажил тарахын алдад Н.Энхбаярыг албадан саатуулах шүүхийн шийдвэр гармагц АТГ-ын тусгай ажилтнууд баривчилгаанд гарчээ. Манай хүчний байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар байгааг ТТГ-ын харьяа Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд баривчилгааг гардан гүйцэтгэхээр ирсэн АТГ –ынхан нарын “буутай мэндчилгээ”-нээс мэдэж болно. Маргааш нь АТГ-ын сахалтай, сахалгүй ах нар “Бид Төрийн тусгай хамгаалалтын газарт мэдэгдсээр байтал хамгаалалтаа буулгах битгий хэл бүр хүч нэмэн эсэргүүцдэг гэж байна шдээ” гэж мэдэгдэв.

2. Оросын онлайн хэвлэлүүд  баасан гарагт бараг бүгдээрээ  “Амжилтгүй болсон баривчилгааны дараа тусгай суман болон экс ерөнхийлөгчийн хамгаалалтын хооронд ширүүн буудалцаан болсон байна. Тусгайгийнхан МАХН-ын дэмжигчдийн 300 хүнтэй “амьд бамбай”-г нэвтлэн Н.Энхбаярыг суга татан баривчлав” гэх зэргээр үнэн боевик мэдээг дуу дуугаа аван дамжуулцгааж байлаа. Харин ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Олон улсын харилцааны их сургууль дахь эх сурвалж “Ч.Улаан, Х.Бадамсүрэн, О.Чулуунбат, Р.Рааш, Д.Тэрбишдагва нарын Оросын талыг баримтлагчид Н.Энхбаярыг тойрон нягтарч байна” гэсэн нь харин огтхон ч инээдтэй байсангүй.

3. Баасан гарагийн үүрээр 6 цагт гэртээ “Н.Энхбаярын баривчилгаа” гэдэг реалити шоу үзэж суусан айлын хаалга гэнэт нугасаараа тасарч унав. Юу болсныг ухаарах сөхөөгүй байтал нэг нөхөр юу юугүй шүүхийн тогтоол уншмагц, юүдэнтэй цамцтай залуус гэрийн эзний хөлийг нь гозолзуулаад өргөж гарахыг завджээ. Нойрмог эхнэр нь “Та минь ээ, наад хүн чинь биш гэм “гэхэд тусгай ажилтнууд сая нэг андуурснаа мэдсэн байна. Энэ бол Удирдлагын академийн хажууд байдаг Н.Энхбаярын байрны дээд давхрын айл. Яруу алдарт чекистүүд давхар андуурч, хүн эндүүрсэн нь тэр. Тэр чигтээ гарсан бол сүүлд нь хүнээ яаж солих байсан бол?

4. Тусгайгийнхан орж ирэхэд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хоёр гараа гозолзуулан салаавч үзүүлж буй нь бичлэгт үлджээ. Хуулиар зөвхөн УИХ-ын хуралдааны танхимд хэлсэн үгнийхээ төлөө УИХ-ын гишүүн хариуцлага хүлээдэггүй болохоор Ц.Шинэбаяр айлд сууж байхдаа  долоовор, дунд хоёрын завсраар эрхийгээ гозолзуулан үггүй мэдэгдэл хийжээ. Сүүлд ТВ-д өгсөн ярилцлагадаа “Диван доор хэвтэж байхад миний толгой дээр нэг хүний хөл гарчихсан байсан. Ч.Улаан сайдын хөл байгаам даа. Энэ чинь юу болж байгаан?” гэжээ. УИХ-ын гишүүдийн хөл, толгой нь олдохгүй болжээ.

5. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ Төрийн тусгай хамгаалалтын ажилтны гар буунд сумлаатай байсан сумыг үзүүлэхдээ “Тэмүүжин шиг юм болох нь ээ” гэж ам алдав.

6. Баривчилгааны дараах өглөөний 8.30-аас эхлэн хэвлэлийн бага хурлууд залгав. Зарим хэвлэлийн бага хурал Аглуу, Хүрлээ, Амбий, Бооёог ажилгүй болгох хэмжээнд найруулагдав. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болдын зохион байгуулсан Н.Энхбаярыг өмөөрөх хурал дээр “экологич хуульч” гэж танилцуулсан нэг эмэгтэй камерын өмнө 2 минут 28 секунд нулимсаа урсгав. Уйлах завсраа тэр бүсгүй “Гадаадынхны гар хөл болж ажиллахаас аргагүй боллоо” гэж үглэж байв. П.Болд нь 2009 оны 1 сард өнөөдөр өмөөрч байгаа хүнээ “Айвенхоу майнз”-д Оюутолгойг өгчихсөн гэж эрс шүүмжлэн тэмцэж байжээ. (http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1146226 линкээр тэр үеийн ярилцлагыг нь уншихынхаа өмнө нулимсны алчуураа урьдчилан  бэлдээрэй.)

7. “Шударга ёс” оюутны холбооны удирдагч жаал хархүү хөхөрсөн нүдээ телевизийн камер болгонд үзүүлж олон охидын танил болов. “Фэйсбүүкээр өдөржин зарлаж байж талбай дээр манайх 60 оюутан цуглууллаа” гэж сэтгүүлч бүсгүйд рапортлоод маргааш мянган залуу авчрахаа амлав.

8. Улаанбаатарын нийт иргэдийн тал нь, улс даяар шөнөжин үзээд, 300 гаруй цагдаа ажиллаж ажиллаж үүрээр экс ерөнхийлөгчийг баривчлаад авч явж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өглөөний сонингоос уншаад, дөнгөж сая мэдлээ гэсэн нь хамгийн инээдтэй явдал байлаа.

24tsag.mn бүртгэв. Үргэлжлэл бий.


URL:

Сэтгэгдэл бичих