Улаанбаатарын гүний усанд өндөр агууламжтай уран илэрчээ
Итгэхэд бэрх энэ мэдээллийг бүр 2011 оны 11 сард ” Science of the Total Environment” хэмээх АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд гарчээ. Улаанбаатарын гүний усанд ураны агууламж өндөр байгаа төдийгүй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас тогтоосон жишиг хэмжээнээс хэтэрсэн тухай бичжээ.
Тус судалгааг АНУ-ын судалгаа, шинжилгээний томоохон хүрээлэнгүүдийн нэг болох Анн Арбор дахь Мичиганы их сургуулийн эрдэмтэд Монголын ЭМШУИС-ийнхны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд анхлан нийслэлийн гүний усанд судалгаа хийхдээ усан дахь хүнцлийн хэмжээг хэмжих зорилготой байжээ.
Тэд 2011 оны 6-7-p сард УБ хотын 7 дүүргийн 129 худгаас авсан усны дээжийг хүйтэн сэрүүн газарт хадгалж байгаад АНУ явуулж, лабораторт шинжилжээ. Шинжилгээгээр усан дахь хүнцэл хэвийн хэмжээнд байгааг тогтоосон ба огт санамсаргүйгээр худгийн усанд уран олж илрүүлсэн байна.
Гүний усны дээжинд 0.01 –57 мкг/л хэмжээтэй буюу дунджаар 4.6 мкг/л уран агуулагдаж байжээ. Нийт дээжний 5.4 хувьд ураны агууламж 15 мкг/л-ээс дээш, 10 хувьд нь 10 мкг/л-ээс дээш байжээ. Шинжилгээнд авсан усны дээжний 25 хүрэхгүй хувьд ураны агууламж 2мкг/л- с бага байв. Гэтэл дэлхийн ихэнх орнуудад гүний цэвэр усан дахь ураны агууламж 1.0 мкг/л -с хэтэрдэггүй байна.
Уран гүний ус руу хэрхэн нэвчсэнийг судлаачид тогтоож чадаагүй бөгөөд байшин барилга ихтэй хотожсон дүүрэг болон нийслэлийн захын алслагдмал дүүргийн усанд уран ижилхэн илэрч буйд үндэслэн байгалийн жамаар нэвчсэн байх магадлалтай хэмээн тааамаглажээ. Нийслэлийн дүүргүүдийн усан дахь ураны агууламж харилцан адилгүй байсан бөгөөд тухайлбал, Баянгол (18.6 мкг/л), Баганхангай дүүргийн (11.3 мкг/л) худгийн усанд уран хамгийн ихээр агуулагдаж байв. Харин Сүхбаатар (2.4 мкг/л), Чингэлтэй (1.6 мкг/л) дүүргүүдийн усанд хамгийн бага гaрчээ.
Харьцуулах журмаар хэлвэл, Европын хэд хэдэн орны крантны уснаас авсан 5474 удаагийн сорьцонд ураны дундаж агууламж 2.2 мкг/л байсан гэх. АНУ-д 2006 онд айлуудын ундны усны 28 мянган дээжийг судалж үзэхэд ураны дундаж агууламж 2.5 мкг/л байсан. Мөн гүний усны 55 мянган дээжинд судалгаа хийхэд дунджаар 4.8 мкг/л байсан ба дээд тал нь 946 мкг/л хүрсэн тохиолдол гарчээ.
Хэдийгээр ДЭМБ-аас ундны усанд байж болох ураны агууламжийн дээд хэмжээг 15 мкг/л гэж тогтоосон байдаг ч энэ нь өдөр тутам хэрэглэж буй ундны усан дахь ураны хорт нөлөөллийг сайтар судалж үзээгүй тул үндэслэл муутай аж.
Судлаачдын мэдээлснээр дээж авсан худгууд нь 3 -300 метр гүнзгий буюу дунджаар 55 метр гүн байжээ. Тэд усан дахь ураны агууламж нь худгийн гүнээс хамааралгүй байсныг тэмдэглэсэн бөгөөд худгийн гүнзгийн хэмжилт нь зөвхөн уран хэрхэн нэвчcэнийг тодорхойлоход тустай гэж үзжээ. 2008 онд судлаач Марквиц Улаанбаатар хотын хөрс болон элсний дээжийг шинжилж, уран илрүүлсэн бөгөөд нэгэн ширгэсэн нуур орчмын газар ураны агууламж 350 мкг/л хүрч байжээ.
Уран нь цацраг идэвхтэй элемент төдийгүй химийн хортой бодис бөгөөд түүний энэ хосолмол шинж нь хоорондоо хэрхэн харилцан үйлчилдэг талаар шинжлэх ухаанд судлагдаагүй. Сүүлийн үед дэлхий нийтэд гүний ус хэрэглэх явдал нэмэгдсэнтэй холбоотой гүний ус нь байгалийн болон аж үйлдвэрлэлийн үйл явцын үр дүнд уранаар бохирдох явдал цөөнгүй тохиолддогийг судалгаа нотолж байна. Үүний нэг тод жишээ нь Монгол улс бөгөөд гүний усны нөөцөө ашиглах болсноор ард иргэд олноороо уранд хордох аюул нүүрлэж буй ажээ.
Монголчууд гүний усаа ашиглаж байгаа ч усныхаа чанарыг хянаж шинжлэх нь туйлын ховор байдаг. Цөөн хэдэн газрын усанд хүнцэл ба металлын үлдэгдэл буй эсэхийг шинжилж үзсэнээс биш гүний усан дахь ураны агууламжийг судалж байсан удаа үгүй ажээ.
Ураны судалгаа нь цацраг идэвхт изотоп, түүний хор хөнөөлийг судлах хэмжээнд хийгдэж байсан боловч ерөнхийдөө ураныг талаар гүнзгийрүүлэн судлах ажлыг төдийлэн дэмждэггүй байсныг түүх гэрчилж байна . Харин сүүлийн үед ураныг химийн хортой бодис гэдэг талаас нь судлах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүйн чухал асуудал болжээ.
Байгалийн уран бол U-234, U-238 ба U-235 гэсэн изотопуудын нэгдэл. Байгалийн уранаас альфа цацраг ялгардаг тул хорт хавдар үүсгэх болзошгүй хэдий ч энэ талаар судалж, нотолсон зүйл өнөөдөр алга. Гэхдээ эсийн түвшинд хийсэн судалгаагаар байгалийн уран нь аливаа эсийг гэмтээдгийг нотoлжээ.
Ураны агууламж өндөртэй усыг унданд хэрэглэx нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнээс үүдэн бусад орнуудaд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, журам хэрэгждэг. Тухайлбал, Германд гэхэд нялх болон нярай хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхэд хэрэглэж буй усан дахь ураны агууламж 2мкг/л–аас илүүгүй байх ёстой гэсэн стандарт байдаг. Ер нь дэлхийн бусад орнуудад урантай гүний ус хэрэглэснээс ард иргэд эрүүл мэндээрээ хохирсон тухай зарим нэг баримт судалгаа байдаг юм байна.
Ундны усан дахь уран хамгийн түрүүнд хүний бөөрийг гэмтээж, цусны даралтыг ихэсгэдэг. Уран хүний биенд шингэхдээ дийлэнхдээ ясанд хуримтлагддаг. Түүнчлэн сүүлийн үеийн хулгана дээр хийсэн туршилтаас үзэхэд асар бага буюу 0.00039 мкг/л ураны агууламжтай усаар ундалсан эм хулганы өндгөн эсийн хөгжилд өөрчлөлт орж байжээ. Мөн хээлтэй хулганыг урантай усаар ундaлахад үр төл нь гажиг хөгжилтэй , амьдрах чадваргүй төрөлтийн тоо эрс нэмэгдсэн байна.
Харамсалтай нь урантай ус унданд хэрэглэх нь хүний өсөлт хөгжил, нөхөн үржихүй, дархлаанд хэрхэн нөлөөлдөг талаар судлагдаагүй. Нэн ялангуяа жирэмсний үед болон бага насны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг нь судалсан туршлага ховор байгаа нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Ундны усан дахь уран нь хүүхдэд ноцтой нөлөөлдөг талаар бичсэн зарим нэг судалгаанаас үзвэл 3 сартай 6.1 кг жинтэй хүүхэд өдөрт 15 мкг/л ураны агууламжтай 780 милиграм ус уудаг гэвэл өдөрт хүний биенд шингэж буй ураны хэмжээ нь биеийн жингийн нэг килограмд 0.6 граммаас илүүгүй байх ёстой гэсэн ДЭМБ-ын аюулгүйн стандартаас хол давж байна. Түүнчлэн, хэрэглэж буй усан дахь ураны агууламж нь ижилхэн 15 мкг/л байхад биеийн жин багатай нялх хүүхэд насанд хүрэгчдээс 3 дахин илүү хорддог гэсэн тооцоо байна. Хэдийгээр дээрх тооцонд тодорхойгүй зүйл байгаа ч насанд хүрэгсдийг бодвол хүүхэд ураныг илүү шингээж авдаг тул биен дэх ураны агууламж нь илүү өндөр байдаг нь үнэн ажээ.
Үүний зэрэгцээ уран хүний ген, удамшилд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд сонирхон судалж байна. Ямартаа ч уранаас ялгарах альфа хэсгүүд нь хүний биенд нэвчиж, ДНX эд эсийг гэмтээх зэргээр удамшлын санд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон.
Энэ бүхнээс үзэхэд асар бага агууламжтай уран хүртэл хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулдаг байна. Харамсалтай нь өнөөдөр бидэнд байгаа мэдээ баримт нь урантай усаар ундаалсан Улаанбаатарын оршин суугчдaд ямар сөрөг үр нөлөө, үр дагавар гарч буйг судлахад хангалтгүй байна.
golomt.org
URL: