Н. Энхбаярын нам 10-хан хоног наслав уу?

Сүр дуулиантайгаар онц их хурлаа зарлаж, МАХН-ыг шинээр эмхлэн байгуулсан Н.Энхбаярын нам одоогоор нам гүм байна. Нэгэнт МАХН гэдэг намыг шинээр байгуулсан хойно, Улсын дээд шүүх шинэ нэрийг бүртгэж, намын бүртгэлд албан ёсоор оруулах ёстой. Хуулийнхаа дагуу аливаа шинэ нам, улс төрийн хүчин байгуулагдсанаасаа хойш 10 хоногийн дотор Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай билээ. МАХН-ын онц их хурал өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд Улсын циркт хуралдаж, намынхаа дарга, дэд, генсек, нарийн бичгийн дарга нар, удирдах зөвлөл гээд намд байх ёстой бүхнээ шийдсэн. Ингээд шинэ намаа бүртгүүлэхэд л бүх зүйл “ОК” болохоор байв. Онц их хурлын эцсийн шийдвэр 28-ны өдөр гарч, цоо шинэхэн МАХН энэ өдөр мэндэллээ гэж тооцвол энэ сарын 8-ны өдөр яг 10 дахь хоног нь болжээ.
Дээд шүүхэд МАХН одоогоор лав бүртгүүлсэн юм алга. Уг нь МАХН-ын онц их хурал төлөөлөгчдийнхөө тоог 1080 байхаар тогтсоноос 913 төлөөлөгч ирсэн хэмээж байсан.
Гэсэн хэдий ч нам байгуулахад шаардлагатай 801 хүний гарын үсэг өнөө хэр цуглаагүй гэнэ. Тэгэхээр онц их хуралд ирсэн төлөөлөгчид бүгдээрээ МАХН-ын “улаан фен”-үүд лав биш байсан бололтой. Тийм биш бол хар ухаанаар бодоход 801 хүний гарын үсэг ядах юмгүй цуглачих байсан биз. Сураг дуулахад Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ, Н.Удвал нар намаа дээд шүүхэд бүртгүүлэхэд шаардлагатай 801 хүний гарын үсгийг цуглуулах гэж ёстой байдгаа шавхаж яваа гэнэ. Ямар ч байсан 10 хоногийн хугацаа нь дуусчихлаа. За яах вэ, Монголын хууль гурав хоног гээд гурав дөрөв хоногийг нь өнгөрөөлөө гэхэд дор хаяж, энэ долоо хоногт багтаж, шинэхэн МАХН-чууд бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Тэр хугацаанд багтаж бүртгүүлэхгүй бол сүр дуулиантайгаар, асар их мөнгө, цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулан байж хийсэн онц их хурал ямар ч хүчингүй болох нь. Өөрийгөө “Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч” хэмээн дуудуулах дуртай Н.Энхбаярын шинэ нам дөнгөж 10 хоногийн настай байсан гэж үү. Хөөрхий дөө.Уг нь МАХН-ынхан намаа шинээр байгуулахдаа “Дээд шүүхэд ямар ч асуудал үүсэхгүй” хэмээн итгэлтэйгээр хэлж байсан.
Гэвч санаснаар нь болсонгүй бололтой. Нөгөөтэйгүүр МАН-ын удирдлагууд ч Н.Энхбаярын үйлдэлд тодорхой хариу өгсөн байхыг ч үгүйсгэхгүй байх. Тэд “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл мөн” хэмээн өчигдөр мэдэгдсэн.
Бас Ц.Шинэбаярын хэлсэн үнэн бол Үндсэн хуулийн цэц, УБЕГ, Дээд шүүх гээд төрийн бүхий л эрх мэдлийн байгууллага МАН-ын талд ажиллаж байгаа шүүдээ.
Тэгэхээр Дээд шүүхээс тодорхой шийдвэр гаргаж, зоригтой хөдлөхөөсөө айж байгаа ч юм бил үү. Ямар ч байсан хамаагүй, МАХН Дээд шүүхэд хараахан бүртгүүлж амжаагүй явна. Тийм болохоор саяхан зохион байгуулагдсан Онц их хурал, түүнээс гарсан шийдвэрүүд бүгд хүчингүй болно. Хууль нь тийм учраас өөр ямар ч арга байхгүй. Н.Энхбаяр хийгээд түүний нөхөд ямар нэг зүйл бодож байгаа байлгүй дээ. Бас У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан ч зүгээр суугаагүй биз.
Н.Энхбаяр ялалт байгуулж, МАХН-ыг шинээр байгуулж чадлаа хэмээн бодож байсан бол эндүүрэл байж. Одоохондоо лав Н.Энхбаяр хараахан бүрэн гүйцэт ялж чадаагүй явна. Магадгүй ялагдахыг ч үгүйсгэхгүй. Бараг ялагдчихсан бололтой. Учир нь хууль үнэхээр үйлчилдэг нь үнэн бол МАХН үсрээд л маргааш гэхэд хүчингүй болох ёстой. Харин тэр үед Н.Энхбаяр хаа хүрэх бол гэдэг нь сонирхол татаж байна. Эрх биш эргээд МАН-даа оръё гэхгүй байлгүй дээ. МАХН шинээр мэндэлмэгцээ харамсалтай нь 10-хан хоногийн дараа “нас нөгчих” хувьтай байв уу.

Л. Дэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих