Веst “бөгс долоогч” хэн бэ?
“Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн босгон дээр улс төрийн хүрээний нэгэн “акул” хамгийн сонирхолтой агшинд тоглолтоо хийсэн. Мэдээж энэ бол Намбарын Энхбаяр их улс төрд өөрийн шинэ өнгө төрхөөр эргэн ирж байгаагаа тунхагласан явдал юм. Тэрбээр МАХН-ын Онц их хурлаас парламентад суудалтай нэгэн намын дарга болон сонгогдохдоо маш сонирхолтой илтгэл тавьсан.
Зүрхэнд шивсэн зүү мэт тэр үгсээс хамгийн “хадаас” үг нь “бөгс долоогч”. Аймаар бөгөөд үнэн үг байгаа биз? Үүнийг нэгэн үеийн томоохон “дарангуйлагч” Н.Энхбаяр удтал хадгалан байж, олны анхаарлын төвд ормогцоо намын даргын байр сууринаас унагасан гээд бод доо. Саяхан л тэр Хосни Мубарак, Уго Чавесийн дүрээр олон нийтэд адлагдаж байсан биш билүү. Тухайлбал Мубарак “Би эрх мэдэлд ханасан ч Ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгөх болоогүй” хэмээн шулуухан мэдэгдсэн.
Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгсөн ч гэсэн эрх мэдэлд ханаагүй байна. Үүнийгээ үгээр хэлээгүй ч гэсэн үйлдлээрээ харуулсаар байгаа. Тэрбээр ямар хүчтэй дэмжлэг авч чадаж байгааг бид харлаа. Үүний нууц юунд байна? Н.Энхбаяр “Бөгс долоох, долигнох гэсэн муухай үг байдаг. Хатуухан хэлэхэд тухайн үед хамгийн их бөгс долоож байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү. Түүнийг л ард түмэнд ойлгуулаарай. Мөрөөрөө хариуцсан ажлаа хийж явсан хүмүүс одоо ч мэндийн зөрүүтэй, харилцан хүндэтгэлтэй явдаг. Ийм ялгааг ойлгоорой” хэмээсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. “Ерөнхийлөгч асан”-ууд хээгүй, эсвэл титэм мэт үгсээ айлддаг болохоос”бөгс долоогчид”-ын нууцыг дэлгэж байсан түүх манайд хаяаахан байхгүй. Тэгэхээр гурав дахь Ерөнхийлөгч үнэхээр супер байгаа биз дээ. Харин “бөгс долоогчид” хэн байв. Энэ үгийг сонссон золгүй “бөгс долоогчид” цочирдсон болов уу. Хэнээр оролдож, хэнд зануулснаа мэдрэхэд таатай байгаагүй нь лавтай. Түүний хэлсэн “Тухайн үед бөгс хамгийн их долоож байсан, одоо хамгийн ихээр дайрч байгаа” нь хэн билээ? Нүдний өмнө хөвөрч байгаа биз? Хамгийн сонирхолтой нь тэд Н.Энхбаярын үгээс өөрийгөө таниад, сандраад, хамгаалаад, түүнийг дарамтлаад байгаа юм. Одоо “бөгс долоогчид”-ыг таацгаая. Н.Энхбаярыг МАХН-ын даргаар ажиллаж байсан үеэс хойш их улс төрд мөлхөж, алхаж, татуулж орж ирсэн бүхэн үүнд ямар нэг хэмжээгээр хамаатай. Харин “хамгийн, хамгийн” нь хэн юм бол. Үүнийг хамгийн өнгөтэй, өөдтэй, бас аагтай, омогтой байгаа шинэ үеийн лидерүүдээс хайх нь тохиромжтой.
Одоогийн МАН-ын даргаас эхлээд түүний танхим дахь МАН-ын гишүүд, генсек У.Хүрэлсүх, С.Баяр, бизнесийн акулууд, НАМЗХ-ны “том ярьсан жаалууд” гээд маш өргөн хүрээг хамаарна. Хэн тэднийг Н.Энхбаярын хэлсэн “бөгс долоогч” биш гэх юм. Угаасаа тэр үед албан тушаалын өндөрлөгт хүрэх цорын ганц арга тэр л байсан юм чинь. Ёстой л “Нотлох албагүй үнэн” гэдэг чинь энэ юм биш үү. Бөгс долоогчдыг тоолсноос шударгаар амжилтад хүрснийг тоолсон нь хялбар биз ээ. Одоо Н.Энхбаяртай муудалцахыг хэн ч хүсэхгүй. Зориглох ч үгүй. “Цахиур Төмөр”-ийн хэлдгээр “Унавал хамт унана” гээд дайрахад Н.Энхбаярыг дарамтлаад ч, шоронд хийгээд ч нэмэргүй. Дуугүй хүлээн зөвшөөрөх, эсвэл “наймаалцах” л арга зам харагдаж байна. Түүний хүчээр бизнесээ хөл дээр нь босгож байсан одоогийн тэрбумтнууд, түүнд, авлига өгч байж улс төрд өсч, торнисон лидерүүд энэ мөчөөс эхлэн хоёр эзний зарц болсноо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо. Хуучин, шинэ хоёр эзэн. Хоёуланд нь үнэнч байж, ивээн тэтгэхээс өөр замгүй, оршин тогтнох боломжгүй боллоо. Нэгийг нь хуурах гэж оролдвол нөгөө нь шууд тасдаад хаяж чадна. Тэрбээр намын дарга болсны дараах анхны хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Хэтэрхий намчирхдаг алдаа манай дарга нарт байдаг. Би ч тэгж байсан байх. Намын санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хандивт барьцаалагдаж 20 жил боллоо” хэмээн дүгнэн хэлэв. Энэ бол хандиваар намыг барьцаалагчдад хандаж “Шинэ хүн болсон”-оо тунхагласан хэрэг юм. Мөн МАХН-ын шатсан байрыг хандиваар босгож байна. Үүний цаана ямар авлига, сэжигтэй мөнгө байгааг мэдэхгүй гэсэн нь ч МАН-тай, тодруулбал “бөгс долоогчид”-той дайн зарласнаа бахархалтайгаар мэдэгдэж байгаа хэрэг биш гэж үү. Ямартай ч тэр айлгаж эхэлжээ. “Малд л асуулгүйгээр тэмдэг тавьдаг. Энэ бол тус нам гишүүдтэйгээ яаж харилцаж ирсний илрэл” гэж байна. Өөрийг нь МАХН-ын бага хурлын гишүүнээр бүртгэсэнд ингэтлээ уурсан гомдлоо гэж үү. Үгүй дээ, тэр хариугаа авч эхэлж байна. Арван жилийн өмнө Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа бага хурлын гишүүн бүрээсээ толгой дараалан зөвшөөрөл авч байсан гэж үү. Үгүй байлгүй дээ. Хэн ч үүнийг нотолж чадахгүй ч өнөөдрийн нөхцөлд тавьж буй асуудал нь зөв л байгаа юм. Зөв, шударга зүйлээр л ард түмэн өлсч байгааг тэрбээр “иргэн Н.Энхбаяр” байхдаа олж харсан байна. Энэ л Н.Энхбаярын дэгжин өшөө авалтын эхний алхам.
URL: