“Ширхэг”-ийн хоолоор голоо зогоосон борчууд

Долоон буудал дахь “Хачиртай халуун хуушуур” нэртэй цайны газраар орлоо. Хуршсан тосны эхүүн үнэр хамар цоргиод суухад нэг л бөгчимөөс гадна давчуухан юм. Үдийн цайны цаг болоод тэр үү хөл ихтэй байлаа. Ойр орчмын барилгын ажилчид, жирийн иргэд ихэвчлэн цайлдаг бололтой. Цайны газарт олон нэр төрлийн хоол ч алга.
Хуушуур гэсэн ганцхан цэстэй. Нэг хуушуур нь 400 төгрөг аж. “Нэг, хоёрдугаар хоол хийхээр авдаггүй. Өөрсдөө л идэх болдог” хэмээн цайны газрын тогооч хэлж байлаа. Гэхдээ нэг төрлийн хоолтой ч гэсэн үйлчлүүлэгч хэзээ ч тасардаггүй хэмээн их л бардам өгүүлэх нь тэр. Гурваас дээш хуушуур захиалсанд нь байцааны салат өгдөг аж. Гэхдээ гурваар нь авсан хүн биднийг суух хугацаанд гарсангүй. Бид хоёр хуушуур захиалсан ч идэх дур нэг л хүрсэнгүй. Хуушуур гэхэд ч хэцүү, хавсарч хайрсан гурил гэлтэй. Гэтэл бидний хажууд сууж байсан бүсгүй “Миний танил энд хуушуурын тогоочоор ажилладаг байсан.
Тэрбээр таван кг махан дээр таван литр ус хийж арвижуулаад нэг өдрийн хуушуурын мах бэлэн болдог. Ийм болохоор хуушуурыг нь эндхийн үйлчлүүлэгчид нь “шөлтэй хуушуур” гэж өхөөрддөг. Нэг хуушуураа 400 төгрөгөөр зарахаар өдөрт доод тал нь 300 гаруй мянган төгрөгийн орлоготой. Нэг кг тэмээний махаар 100 хуушуур хийдэг.
Ингэж хийх арга нь ч их нууц гэсэн” гэв. Мөн “Би энэ цайны газраар байнга үйлчлүүлдэг. Нэг, хоёрдугаар хоол авч идэх мөнгөгүй болохоор “ширхэг”-ийн хоол / хуушуур, бууз, пирошкиг ийн нэрлэдэг аж/-ыг л авдаг. Тэмээний мах хэдэн ч удаа хайрсан нь мэдэгдэхгүй хуршсан тосоор хийсэн нь хамаагүй, үнэ хямд болохоор иддэг” гэлээ. Үүний зэрэгцээ үлдэгдэл хоол байна уу гэж сурагласан хүмүүс ч хэдэнтээ орж ирэв. Хариуд нь зөөгч бүсгүй өгөөд сурсан бололтой “Одоохондоо гараагүй. Та саваа орхичих. Би гарахаар нь хийе” гэх юм. Ер нь хотын захын гэр хорооллын зарим иргэд энэ мэтхэнээр хооллодог аж.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: “Unen.mn”


URL:

Сэтгэгдэл бичих