Таван толгойн хувьцааг иргэд яаж эзэмших вэ
Таван толгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж буй. Хувьцааг Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүр автоматаар эзэмшинэ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хувьцааг хоёр дахин нэмэгдүүлж 1072 болгох шийдвэр гаргалаа. Гэхдээ иргэд яг хэзээнээс 1072 ширхэг хувьцааг эзэмших, мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд түүнийгээ хэзээнээс эхлэн авах вэ гэдэг нь хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд хэзээ мөнгөө олж авах нь тодорхойгүй байна.
Ямартай ч эхлээд тухайн иргэн аль нэг брокер дилерийн компанид хандаж өөрийн нэр дээр данс нээлгэх ёстой гэнэ. Ингээд өөрийн нэр дээр бүртгэгдсэн 1072 ширхэг хувьцаа нь өмч болж баталгаажих ажээ. Түүнчлэн хувьцаа худалдан авах, худалдах, бэлэглэх, өвлүүлэх, барьцаалах эрхтэй болох юм байна. Брокер дилерийн компанид данс нээлгэхдээ иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээтэй очих бөгөөд үйлчилгээний хураамж таван мянган төгрөг төлөх аж. Иргэд аль брокерийн компанид хандах вэ гэсэн асуулт гарч байгаа юм. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн гишүүн аль ч брокерийн компаниар үйлчлүүлж болох гэнэ. Тэгэхээр ажил, гэртэйгээ ойрхон брокерийн компаниар үйлчлүүлж болно гэсэн үг.
Иргэд өөрийн нэр дээр “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа байршсан эсэхийг net.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаараар шалгах юм байна. Хэрэв эзэмшиж байвал “Таны нэр дээр 536 ширхэг хувьцаа байршсан байна” гэх мэдээлэл гарна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нэмж олгохоор болсон 536 ширхэг хувьцааны мэдээлэл одоогоор дээрх цахим хуудсанд бүртгэгдээгүй байгаа учир 1072 гэсэн тоо гарахгүй гэнэ.
Сүүлийн үед брокерийн компаниуд иргэдээс үйлчилгээний төлбөрт таван мянган төгрөг авч байна. Энэ нь хууль бус үйлдэл гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “536 ширхэг хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглэж, хувьцаа бүртгэх ажлыг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвүүдэд хариуцуулсан. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй. Арилжаанд орохтой холбоотой шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер дилерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ мэдээллээс харахад өнгөрсөн хугацаанд брокерийн компаниа сонгож, данс нээлгэсэн олон мянган хүн бүгд хууртсан болж таарах нь.
“Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны гишүүд өнгөрсөн баасан гаригт” мэдээлэл хийсэн байна. Мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын болчимгүй мэдэгдлийг няцаасан юм. Тэд хэлэхдээ “Бид зөвхөн үйлчилгээний хөлсөө авч байгаа. Таван мянган төгрөг хурааж байгаа нь хууль бус үйлдэл биш. Засгийн газар өөрөө иргэдийг брокер дилерийн компаниа сонгож данс нээлгэхийг уриалчихаад, дараа нь “Хууртаж болохгүй, засаг өөрөө данс нээсэн” хэмээн ор үндэсгүй юм ярьж байгаа нь хууль бус үйлдэл” хэмээн тайлбарлажээ. Үүнээс харахад иргэд 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулахын тулд брокерийн компаниудад таван мянган төгрөгийн хураамж төлөх ёстой эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Ийнхүү овоо цэгцэрч байсан “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг иргэдэд ззэмшүүлэх ажил эргээд нурах нь ээ.
А.БИЛГҮҮН
URL: