Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийг 35 мянга гаруй хүүхэд төгссөн бөгөөднийт 39928 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн билээ. Харин нийслэлийн хэмжээнд 44, хөдөө орон нутгийн хувьд 88 багшийг төв комисстоо оруулсан бөгөөд нийт 4500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.

Харин бүртгэл дуусах гэж байгаатай холбогдуулан бүртгэлийн цагийг сунгах болон нэмж бүртгэл хийх талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусч байна. Бүртгэлийн хугацааг сунгах уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 16-н хүртэл нийт 76 хоног үргэлжилж өнөөдөр оройн 18.00 цагт дуусна. Энэ хугацаанд шалгалт өгөх иргэдийн 90 гаруй хувь нь бүртгүүлээд байна. Бүртгэл өнөөдөр дуусч байгаа учраас оройн 18.00 цагаас хойш бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Боловсролын үнэлгээний төв маань уртасгасан цагаар ажиллаж байгаа шүү дээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд амралтын өдрүүдэд 10.00-17.00 хооронд ажиллаж байгаа. Онлайн бүртгэл маань 24.00 цагаар явагдсан байгаа.

-Хэрвээ хүүхэд таван хичээл сонгоод хураамжаа төлсөн ч шалгалтад орох боломжгүй бол хураамжийг нь буцааж олгох уу?
-Ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгох болно. Харин бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй. Бусдад шилжүүлэн тооцох боломжгүй.

-Шалгуулагч бүртгүүлэхдээ гурван хичээл сонгоод бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлж болох уу?
-Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой. Гэхдээ онлайнаар анх удаа бүртгүүлэхэд гурван хичээл сонгосон бол дахиж нэмж болохгүй. Харин тухайн хүүхэд бүртгэлийн явцад буюу өнөөдөр оройн 18.00 цагаас өмнө Бүртгэлын үнэлгээний төвд ирж хичээлээ нэмж болно. Харин хасуулж болохгүй.

-Шалгуулагч хэчнээн хичээлийг сонгон шалгуулах вэ. Мөн хэдэн минутаар шалгалт авах вэ?
-Шалгуулагч нар нийт 10 хичээлээр шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулах юм. Хүүхэд хэчнээн ч хичээл сонгон шалгалт өгч болно. Математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө. 2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ы сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар баталсны дагуу зургаадугаар сарын 8,9,10 өдрүүдэд явагдана. Тодруулбал, Орос хэл, Хими, Англи хэлний шалгалт зургаадугаар сарын 8-нд, Түүх, Математик, Биологийн шалгалт 9-нд, Газарзүй, Нийгэм, Физикийн шалгалт сарын 10-нд болно.

-Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа вэ?
-Одоогоор 11 дүгээр ангийг хэчнээн хүүхэд төгсөх нь тодорхойгүй байна. Ерөнхийдөө жил бүр 3940 орчим мянган хүүхэд шалгалт өгдөг. Энэ жилийн хувьд ч гэсэн энэ тоонд байх тооцоотой явж байна.

-Бүртгүүлсэн суралцагчид суудлын хуваарь бүхий шар хуудас авдаг. Үүнийг хэзээ олгох вэ?
-Энэ онд Ерөнхий боловсролын сургууль төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх Элсэлтийн ерөнхий шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө авна. Өөрөөр хэлбэл, өөрийн харьяа Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиараа хүлээн авч шалгалтад орно. Харин Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудасаа баталгаажуулах болон суудлын хуваариа авах газрыг ирэх сарын сүүлээр Боловсролын үнэлгээний төвийн вебсайт болох www.eec.mn-ээр мэдээлэх юм. Мөн хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөлөөс авна.

Э.Пагмадулам


URL:

Сэтгэгдэл бичих