Гомдоосныг бүү сана

Хааяа нэг, их сургуулийнхаа монтажийг гаргаж үзэхдээ та юуны тухай боддог вэ? Эхлээд оюутны хөгжилтэй он жилүүд, анхны зугаалга, анхны шинэ жил…тэгснээ ангийн дундах анхны маргаан! Их сургуулийнхаа ангийн X-ийн зургийг зааж дэргэдэх хүндээ “Тэр нээрээ намайг нэг удаа ямар муухайгаар хэлж байсан гэж санана?” гэж хэлдэг. Тэгээд түүнийг нөгөө хүнээ хүлээн зөвшөөртөл муулах ажилд орно. Танил дүр зураг байна уу? Хэрэв тийм бол, та одоо монтажаа харж байгаад, тэднээс таньд одоо хүртэл бодогддог ганц сайхан үг хэлж байсан хүнийг нэрлэ дээ. Санаанд орж байна уу? Эсвэл таньд хэцүү үед тусалж байсан хүмүүсийг тоолоод үз дээ. Хир олон байна?

“Уйлсныг бүү асуу” гэдэг үгийг бид нулимас дуслуулж байгаа хүнийг харах бүртээ санадаг. Тэгвэл үүнтэй төстэй, таны дандаа санаж явах бас нэгэн үгийг хэлж өгье. “Гомдоосныг бүү сана”. Хэн нэгний таныг хэзээ хэрхэн гомдоож, уурлуулж, бухимдуулж байсныг санах хэрэггүй. Хэрэг-үгүй. Харин хэн таныг хэзээ, ямар үед баярлуулж, яаж тусалж байсныг үргэлж санаж явах хэрэгтэй юм.

Бидний зүрх цаанаасаа муу зүйлд, сайнаас илүү татагддаг. Үүний адилаар бидний тархи ч бас таагүй зүйлийг бичиж авахдаа гарамгай байдаг. Гэхдээ бид өршөөнгүй чанар, өөдрөг бодлынхоо ачаар энэ тогтолцоог эсрэгээр нь эргүүлж чадна. Та одооноос эхэлж оюун бодлоо зөвхөн таныг баярлуулсан, танд урам өгсөн хүмүүсийн үгээр дүүргэ. Өөртөө итгэх итгэлийг чинь няц гишгэлсэн өөдгүй үг, сэтгэлийг чинь хайр найргүй урж орхисон гарыг санаж, өөрийнхөө дотор муу зүйл хуримтлуулах хэрэггүй. Чихнийхээ хажуугаар өнгөрөөж, бүр чадахгүй бол зүгээр л өр өвтгөм үг үйлдлүүдийг ноцтойгоор хүлээж авахаа боль. Харин өглөө гэрээсээ гарахад чинь “Өнөөдөр ямар хөөрхөн болчихоо вэ?” гэж хэлсэн орцны жижүүрийн үгийг, “Би яаж чам шиг сайн шивдэг болох уу?” гэсэн хамтран ажиллагчийнхаа бяцхан магтаалыг ч хүртэл гүнзгий тусгаж авах нь дээр юм.

Урьд нь та шүүмжлэлийг эмзэгээр хүлээж авч, магтаалыг өөртөө даруухан гэгч нь тусгах юм уу, хүмүүсийн бялдууч зангийн илрэл гэж боддог байсан бол одоо үүнийгээ 360 градус эргүүлээрэй. Одооноос та жижиг тусыг ч, ялихгүй магтаалыг ч өдөржин санаж, сэтгэл санаагаа дээш өргөн, хутга шиг хорон үгнээс “юмыг энгийнээр хүлээж авдаг зан”-гаараа бамбай хийж амьдраарай.

Гомдоосныг бүү сана, баярлуулсныг сана!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих