А.Гантамир:Ц.НЯМДОРЖ САЙД ШҮҮХЭД ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ, ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧЛӨӨ
Монголын залуу хуульчдын “Хос дэнс” клубээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хууль зөрчихгүй байхыг шаардаж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдээд байна. Энэ талаар тус клубын зохицуулагч, хуульч А.Гантамиртай ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр шаардах бичиг гардуулсан гэсэн. Ямар асуудлаар хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Долдугаар сарын 1-ний гэх хэргээс бид хэд хэдэн үндэслэл гаргасан. Мөн бусад асуудал, тухайлбал Ц.Нямдорж сайд нэр бүхий хүмүүсийг захын наймаачин, боловсрол нимгэн,КТМС төгссөн хоёр жилийн боловсролтой гэх мэтээр дайрч доромжилсон нь ч Үндсэн хууль зөрчиж байгаа. Гэхдээ бид энэ асуудлыг яриагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд шүүх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг зорьж, шахалт үзүүлэхийг оролдсон нь хууль зөрчсөн гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Монгол Улсын иргэн, дарга, сайд, УИХ-ын гишүүн, хурандаа, генерал хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл цагдаагийн хурандаа нарыг цагдан хорих шийдвэр гарсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон агуулгатай мэдэгдэл хийсэн. Үүнээс үүдэж шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь болих юм уу, эсвэл цагдаа нар ажил хаялт зарлах гэх зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаас энэ нь цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудыг хооронд нь мөргөлдүүлэхээр нөхцөл байдлыг үүсгэсэн. Тиймээс энэ асуудалд анхааралтай хандах ёстой. Хэрэв төрийн байгууллагууд ажил хаяна гэж өөрсдөө үзвэл, тийм байдлыг хүлээн зөвшөөрнө гэвэл мөн л асуудал үүснэ. Тухайлбал, Гантамир гэдэг хүнийг хэрэгт холбогдонгуут төрийн байгууллагад ажиллаж байгаа хамаатан, садан, найз нөхөд нь ажил хаяхад болохгүй юм алга. Тиймээс Ц.Нямдорж сайдын мэдэгдэл иймэрхүү буруу хандлагыг нийгэмд үүсгээд байгаа юм.
- Хэвлэл, мэдээлийн хэрэгслээр гарч байгаа Ц.Нямдорж сайдын мэдэгдэл, захиалгат нэвтрүүлгүүдийг хараад үнэхээр шударга юм байна, үнэн юм ярьж байна гэж иргэд хүлээж аваад байх шиг?
-Түүнийг нь хууль зүйн үүднээс авч үзвэл, сайдын бүрэн эрхэд огт хамааралгүй асуудлууд байгаа. Тухайлбал, шүүхийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийх эрх Ц.Нямдорж сайдад байхгүй. Бүрэн эрхэд нь хамааралгүй зүйлийг ярьж байна гэдэг өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал. Ер нь манай хуулиудыг авч үзэхэд, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой үүрэг гэж байдаггүй. Дандаа эрхийг нь баталгаажуулчихсан байдаг. Тэгвэл тэнд ямар үүрэг байна гэхээр, тухайн дурдсан бүрэн эрхээс гадна бусад эрхийг хориглосон байдаг гэж ойлгох ёстой. Тиймээс онолын үүднээс асуудлыг хөндөж Цэцэд хандана.
-Шүүх иргэдийг гомдол гаргасан тохиолдолд хүлээн авч хэрэг үүсгэж шалгадаг бол Цэц хүлээж авах боломжгүй, маргаан үүсгэх шаардлагагүй гэх мэтээр буцаадаг. Тэгэхээр цэц шударга байж чадаж байна уу гэсэн асуулт гарна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манай клуб 150 гаруй гишүүн, дэмжигчтэй. Хууль зүйн асуудлууд, нотлох баримтыг тал, бүрээс нь судалж, ярьж байна. Удахгүй Үндсэн хуулийн Цэцэд хандана. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн бидний гаргаж буй тайлбарыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Гаргасан үндэслэлүүд нь ойлгомжтой байгаа. Цэцэд хандах талаар бид өмнө нь хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлсэн. Олон нийтэд мэдэгдсэн хэрэг үнэн зөв шийдэгддэг. Чимээгүй байгаад очсон хэрэг ямар нэгэн байдлаар ашиг сонирхол орох тал бий. Тиймээс нийгэмд маш сайн тараах хэрэгтэй. Иргэд Үндсэн хуулиа хараад бидний хөндөж буй асуудлыг шууд ойлгоно. Иргэд хуулиа хараад Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэдгийг ойлгож байгаа учраас Цэц хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
-Хувь хүмүүсийн харилцааны асуудлыг бус хууль зөрчсөн баримтад анхаарсан гэж та хэллээ. Гэтэл Х.Баттулга, Ц.Нямдорж нарын хоорондох маргаан мэт боловч тэнд хувь хүний гэхээс илүү улс орны, нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш үү?
-УИХ-ын хоёр гишүүний хооронд үүссэн маргаан, сонгуулийн шоу маягийн үйл явдалд бид анхаарал хандуулаагүй. Гэхдээ тэнд нэг зүйл тодорхой байгаа. Хэрэв хэн нэгэн иргэн хууль зөрчсөн байвал та түүнийг хуулийн байгууллагад нь өгөөд шалгуулчихаж болно. Шүүхэд хандах эрх нь ч нээлттэй. “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт Ц.Нямдорж сайдыг ороход нэг сэтгүүлч “Та энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр өгчихөж болдоггүй юм уу” гэж асууж байна лээ. Тэгэхэд өөдөөс нь “Би хэн нэгэн хүнийг шүүхэд өгдөг ёс зүйтэй хүн биш” гэж байсан. Эндээс юу ойлгогдож байна вэ гэвэл, хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагад мэдүүлэх нь Ц.Нямдорж сайдын ёс зүй биш юм байна.
Үнэхээр Х.Баттулга гэдэг нөхөр хууль зөрчөөд байгаа бол шүүхэд өгчих хэрэгтэй шүү дээ. Ц.Нямдоржийн хувьд ийм асуудал өмнө нь ч гарч байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай идсэн, уусан гэж хэвлэлээр хэрэлдээд, ээлжилж хурал хийлгээд л. Яг үнэхээр асуудал байсан юм бол Н.Энхбаярыг шүүхэд өгчих л ёстой байсан шүү дээ. Эхлээд түүнийгээ нийгэмд тараачих, олон нийт юу болж байна, яаж байна гэж сэрнэ. Сэтгүүлчид газар дээр нь очиж сурвалжлаад, мэдээ, мэдээллээ хүргэг. Энэ бүхний эцэст асуудал шударгаар шийдэгдэнэ. Аливаа асуудлыг шийддэг зохих байгууллагууд нь ажлаа хийж байна. Тэгэхгүй бол Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ямар ч барьцгүй, барин тавин мэдэгдэл хийгээд байхаар иргэдийн шүүхэд итгэх итгэл буурна. Хууль нь болоод байгаа атал шүүх болохгүй байна гэх юм уу, үнэхээр Ц.Нямдорж хууль сайн мэддэг юм байна, хуулиа мэддэг Хууль зүй, дотоод хэргийн сайд шүүхийг мэдэж байгаа юм чинь нээрээ шүүх болохгүй байгаа юм байна гэсэн сэтгэгдэл иргэдэд төрөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ шүүх болохгүй байгаа юм уу, хууль нь болохгүй байна уу гэдгийг мэддэг байгууллага тусдаа. Хууль болохгүй байгаа бол УИХ-аар яриад засчих. Шүүх болохгүй байгаа бол тэр асуудлыг гаргаад ирэх хэрэгтэй. Түүнээс биш болохгүй байна гэж ярих амархан. Гол нь нотлох баримт хаана байна гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр хэн хэн нь зэрэгцэж суугаад ярьчих хэрэгтэй байгаа юм.
-Х.Баттулга халз мэтгэлцээнд урьсан ч Ц.Нямдорж “Би Х.Баттулгатай мэтгэлцэж доошоо орохгүй” гэж мэдэгдсэн шүү дээ?
-Хоёулаа сууж байгаад асуудлыг ярихгүй атлаа ээлжилж, мэдээлэл хийдэг. Хэн нь үнэн, хэн худал ярьж байгаа нь тодорхойгүй. Үүгээрээ хоёр үнэн байдаг гаж жишгийг тогтоож байна. Хоёр талд ярих бус шүүх, хуулийн байгууллагад асуудлаа тавьж, хэрхэн шалгаж байгаад нь харин иргэдийг татан оролцуулах хэрэгтэй. Ингэвэл асуудал эцэслэгдэнэ.
-Сүүлийн үед улсын нууц, төрийн нууц задруулсан онц хүнд гэмт хэргийн тухай ярих болсон. Долдугаар сарын 1-ний хэрэг төрийн нууцтай холбоотой учраас хаалттай хэлэлцэх ёстой гэдэг. Зарим нь ард түмний нүдэн дээр болсон үйл явдлыг нээлттэй хэлэлцүүлж, шударгаар шүүх ёстой гэж байна. Хэл ам дагуулж буй нууц гэрээний тухайд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир саяхан “Нууцаар гэрээ байгуулсан нь буруу, түүнийг ил зарлсан нь бүр буруу” гэж хэвлэлээр ярилаа. Нууцтай холбоотой энэ асуудлуудыг хуульчид хэрхэн харж байна?
-Ц.Нямдорж сайдын хэлж буйгаас үзвэл, Х.Баттулгын буруу болчихдог. Х.Баттулгын ярьж буй өнцгөөс харвал, Ц.Нямдоржийн буруу гэж ойлгогддог. Тэгэхээр асуудлыг хэн нэгэн ярих бус зохих шатны байгууллага шалгаж, тогтоох ёстой юм. Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой шүүх хурлыг нээлттэй хийх ёстой, хаалттай явуулах учиртай, төрийн нууцтай холбоотой, холбоогүй гэж ярьж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулбал, ард иргэдэд хэрэгтэй. Тухайн үед юу болсныг иргэд мэдэж байгаа. Гэтэл тэнд үнэхээр төрийн нууц байгаа бол, тухайлбал Монгол Улсын зэр зэвсгийн тоо, долдугаар сарын 1-тэй холбоотой тагнуулын үйл ажиллагаа явуулсан процессууд дурдагдаж буй бол шүүх хурлыг хаалттай явуулах ёстой. Яагаад гэвэл, тэнд ярьж буй мэдээллийг тэр чигт нь гаргаад цацчихвал биднээс гадна дэлхийн 200 гаруй улс орон хэрхэн хүлээж авах вэ. Түүний дотор манай улстай төрөл бүрийн харилцаатай улс орон бий. Жишээ нь, Монгол Улсын тагнуулын байгууллага ингэж ажилладаг юм байна гэх зэрэг үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх зүйл гарч болзошгүй. Энэ утгаар хаалттай явуулах нь зөв. Ямар байдлаар иргэдэд нээлттэй явуулах нь зүйтэй вэ гэвэл, би түрүүнд хэлсэн иргэдэд хэрэгтэй гэдэг үүднээс. Энэ бол хуульд хэрхэн зааснаас үүдэж шүүхийн хэрэглэх ёстой асуудал. Шүүх хуулийг зөв хэрэглэсэн үү, үгүй юу гэдэг харин дараачийн асуудал юм.
-Үндсэн хуулийн Цэцэд хэзээ хандах вэ?
-Бичиг, баримтуудыг цэгцэлж байгаа. Энэ долоо хоногт багтааж тайлбараа Цэцэд өгнө.
Ч.ОЛДОХ
zunii medee
URL: