Монгол Улс “Хан ресурсез”-ийг ялж чадах уу
Сүүлийн жилүүдэд манай Дорнодын ураны нөөц баялаг их гүрний геополитикийн чимээгүй дайны “халуун цэг” болоод буй. ОХУ-ын төрийн өмчит компани болох “Атомредметзолото”-той хамтарч “Дорнод Уран” компанийг Монгол Улс байгуулсан. Одоо энэ компаний мэдэлд 27 мянган тонн ураны нөөцтэй “Дорнод” ордын нийт талбайн 42 хувь нь харъяалагдаж байгаа. ОХУ-ын төрийн өмчит корпораци “Росатом”-ын нэг том салбар нь “Атомредметзолото”. Тэгвэл “Атомредметзолото” нь Төв Азийн ураны компанийн 21 хувийг эзэмшиж байгаа гэдгийг дурдах нь зөв байх. Харин гурав дахь оролцогч нь Монгол Улсын Засгийн газар бөгөөд мөн хувьцааны 21 хувийг эзэмшдэг, Тэгэхээр Дорнодын ураны төслийн ялагчаар “Хан ресурсез” тодрох нь эхнээсээ л тодорхой байв. Гэхдээ өнгөрсөн жил баталсан Цөмийн энергийн хуулиар бол Монгол Улс тус ордын 51 хувийг эзэмших эрхтэй. Нэг үгээр хэлбэл, улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн заалтыг Цөмийн энергийн тухай хуулинд тусгасан юм. Тийм болохоор Канадын “Хан ресурсез”-ээс 22 хувийг нь, Оросын “Атомредметзолото” компанийн найман хувийг нь хуулийн дагуу “Мон-Атом” компани өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Монголын Засгийн газар ОХУ-тай дээрх хэлэлцээрээ байгуулахаас хэдхэн сарын өмнө Дорнодын ураны ордод үйл ажиллагаа явуулах “Хан ресурсез” компанийн лицензийг зогсоосон ч Канадын компаниудын удирдлага яриа хэлэлцээр хийгдэж эхэлсэн ажлаа цаашид хэвээр үргэлжлүүлэх итгэл найдвараа алдаагүй хэвээр байгаагаа илэрхийлж байлаа. Энэ талаар “Хан ресурсез” компанийн захирал Мартин Квик “Ураны нөөц эзэмших эрхийг Монгол улс ОХУ-д шилжүүлж, тэр нь тухайн улсын эрх ашигт илүү нийцэж байгаа бол бид Монгол улсын сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ нь тэдний эрх. Гэхдээ би ийм явдал болохгүй байх хэмээн найдаж байна” гэж гоморхсон аястай ярьж суусан тэд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын олон улсын шүүхэд дуудаад байна. “Хан ресорсез” Монголын Засгийн газраас 200 сая америк долларын нөхөн олговор нэхэмжлээд буй юм. Өнөөдөр тал тус бүр нэг арбитрчийг томилж, томилогдсон арбитрч нар Арбитрийн даргаа сонгох аж. “Хан ресорсез”-ын талын арбитрчаар Канад улсаас НҮБ-д элчин сайдаар томилогдон ажиллаж байсан ноѐн Л. Ив Фортьер ажиллахаар болсон байгаа. Тэгэхээр “Хан ресорсез” 30 гаруй хөрөнгө оруулагч улс орны хэргийг нааштай шийдвэрлүүлж чадсан туршлагатай, нэр хүндтэй арбитрчтай, мөн АНУ-ын Вашингтон хотод байрладаг туршлага ихтэй Кровелл энд Моринг хуулийн компаниар өөрийгөө төлөөлүүлэн Арбитр дээр манай талтай тулах гэж байна. Хуулийн хугацаа ёсоор Манай улсын Засгийн газрын хувьд өнөөдөр өөрийн арбитрчийг томилсон байх ёстой. Гэхдээ чухам хэн гэдэг, хэр туршлагатай арбитрчийг томилсон тухайгаа ил болгоогүй байна.
“Хан ресорсез” болон түүний салбар компаниудын Эрчим хүчний хартийн гэрээ, Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, “Хан ресорсез” болон Монгол улсын засгийн газар хоорондын байгуулсан Үүсгэн байгуулах тухай гэрээг баримтлан Олон улсын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссын Олон Улсын Арилжааны Арбитрын Хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ гэж буй юм.
Мөн “Хан ресорсез”-ийн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал Грант Эди “Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэдгээ хэлж байгаа.
Канадын тал өдгөө Орос, Монголын хамтарсан “Дорнод-Уран” компани ашиглалтад оруулах гэж буй Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан. Харин манай тал Оросуудын хүсэлтийг хүлээн авч, Оросуудтай түншлэхийн тулд Канадын талыг шахах бодлого барьсан. Бодлогыг бодитой ажил болгосон буруутан нь Цөмийн Энергийн Газар болж буй юм.
Тус газар “Хан ресорсез”-ээс лицензийг нь хурааж авахдаа шинэчлэн бүртгээд, эргүүлээд олгоно гэсэн ч, шинэчлэн бүртгэж олгохгүй гэдгээ өнгөрөгч оны арваннэгдүгээр сард албан ёсоор мэдэгдсэн.
Тиймээс Монгол улсын засгийн газар Дорнодын ураны орд газрыг Хан ресорсез компанийн оролцоогүйгээр ашиглах зорилгоор ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан гэж “Хан ресорсез” компанийн зүгээс үзээд, тийнхүү нэхэмжлэл гаргасан юм.
Н.Номин
URL: