Энэ самбаруудын эздийг илчлэх хэрэгтэй гэж бодлоо

Өнөөдөр гудамжаар дүүрэн “Би бодохдоо … ” болчихлоо. Нийсэлийн хамгийн ашигтай байрлалын самбаруудыг энэ сурталчилгаа ээлж дараалан эзлээд зогсохгүй, зөвхөн энэ сурталчилгаанд зориулсан том том самбаруудыг энд тэндгүй шинээр босгож байна.

Гудамжны рекламын самбарууд бол арав гаруй жилийн өмнөөс МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны мэдлийн бизнес юм. Нийслэлд хаана хэдийг ямaр хэлбэр загвараар байрлуулахыг анх “Улаанбаатар” сан шийдэж орлогыг нийслэлийн төсөвт цуглуулдаг гэх боловч цааш ардчилсан социалистууд хэмээх төрд орох, төрөөс хүртэхдээ монголын жирийн залуучуудаас онцгой эрхтэй нөхдийн компаниудад түрээсэлж эхэлсэн бол сүүлдээ самбар босгох зөвшөөрөл олгох зэргээр тэдний мэдэлд бүрэн шилжүүлжээ. Ач холбогдолгүй жижиг самбарууд хотод үлдсэн. Энэхүү дээд зэргийн хаалттай бизнес нийслэлийн ямар ч төсөв, тайланд тооцогддоггүй явдаг. Одоо “Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбоо хүссэн газартаа шинийг зоож байгааг харахад тэдний гарт хэвээр байна.

Сүхбаатарын талбайн чанх урд, Энх тайвны өргөн чөлөө рүү харсан аварга том самбаруудын өртөг нь хэд болохыг хэн ч мэдэхгүй. Нийслэлийн А бүсийн арай жижиг самбарын түрээсийн үнэ өдрийн 450 мянган төгрөг гэж сонсож  байсан. Тэгвэл төвөөс нэлээд зайтай, жишээлбэл Хан-Уул дүүрэг дэх самбаруудыг түрээслэхэд сарын 2 сая төгрөг юм байна.

Асар том бизнес бидний хажууд, бидний толгой дээгүүр цэцэглэж байна. Бүгдийн нүдний өмнө ил мөртлөө хаалттай. Эхлээд би, энэ самбаруудыг цэгцэлж журамлах хэрэгтэй гэж бодсон. Тэгснээ журамлана гэж ярихын  өмнө самбаруудын эзэн, эзэмшил, төлбөр тооцоог ил тод болгох хэрэгтэй юм байна гэж бодлоо.

ajiglagch.wordpress.com


URL:

Сэтгэгдэл бичих