~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дугаар сарын 11-ний өдөр болж цаг үеийн хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар болов.
Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу 1.0 сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болов.
Мөн тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хүртэлх хувийг УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолд заасан аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь адил тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгалаа. УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах иргэний хувьцааг энэ тогтоолын 2-т заасан хувьцааг аж ахуйн нэгжид худалдсан орлогоор санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгалаа. Тогтоолын 1,2,3-д заасан арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд дээр арилжихаас өмнө зохион байгуулж дуусгахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Хувьцаатай гэдгээ яаж мэдэх вэ гэж олон иргэн асууж байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ асуултад “Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсаны дараагаар иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээж өгсөн. 536 ширхэг хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглээд иргэн болгонд 536 ширхэг хувьцааг бүртгэхийг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвд үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй байгаа. Арилжаанд орохтой холбоотой холбогдох шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер, диллерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Тухайн үед Засгийн газраас шийд гаргаж чиглэлийг ард иргэддээ өгнө” гэж хэллээ.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэддээ зэмшүүлэх ажлыг бодитоор эхлүүллээ.
АЛСЛАГДСАН БОЛОН ГОВИЙН СУМДАД НЭМЭГДЭЛ ОЛГОНО
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Алслалтын болон говийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Алслалтын болон говийн нэмэгдэлд хамрагдах сумдад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон орон нутгийг дэмжих, урамшуулах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан байна.
Тухайлбал, тусгай сангуудаас тухайн сумдад түлхүү хөрөнгө хуваарилах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг төлөвлөхдөө нэмэгдэлд хамрагдах сумыг тусгайлан авч үзэхээр, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих, эрчим хүч, түлшний хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тусгажээ.
Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжих хөдөлгөөн, өдөр тутмын өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, говийн бүсийн 7 аймгийн 45 сумыг, алслагдсан сумдаас 8 аймгийн 71 сумыг сонгожээ. Төсөлд тусгаснаас үзвэл алслагдсан аймгуудад сард өрхийн гишүүн бүрт7000, говийн бүсийн аймгийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгох юм байна.
ГУРВАН ДАХЬ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛНА
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гуравдахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тусгасан.
Энэхүү мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төсөл нь таван зүйлтэй байх бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эхийн алдар” одонтой эхчүүдээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхийг хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн Эхийн алдар I, II зэргийн одонтой эхчүүд, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэг удаагийн мөнгөн шагнал олгох асуудлыг нэмж тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулахад чухал алхам болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.
ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
УИХ-аас Засгийн газарт олгосон эрх хэмжээний хүрээнд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улсын хувьд одоогоор 2001 онд Эрдэнэт хотын нефть баазыг түшиглэн байгуулсан ганц үйлдвэртэй. Цаашид энэ чиглэлийн хэд хэдэн үндэсний үйлдвэртэй байх бодлогыг төрөөс барьж байна.
Тиймээс ОХУ-ын түүхийн эдийн экспортын татварын хувь, хэмжээ бэлэн бүтээгдэхүүнийхээ татвараас өндөр байгаа нөхцөлд өндөр эрсдэл дагуулсан энэ салбарт нөөц бололцоогоо дайчлан, иргэдийг ажлын байраар ханган, цаашид хүчин чадал, технологийн шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байгаа үндэсний компаниудыг Засгийн газар дэмжиж, УИХ-аас олгосон эрхийн хүрээнд татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ТӨВТЭЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар олон улсад жишиг болсон Кембрижийн стандарт манай улсад нутагших галт тэргийг хөдөлгөж байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү санамж бичгийг үндэслэн бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хоёр талын харилцан хамтын ажиллагааны зарчим, хэм хэмжээ, талуудын эдлэх эрх, хүлээх хариуцлага болон үйл ажиллагааны чиглэл, ажлын хүрээ, хуваарь, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тодорхойлсон Боловсролын үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй байгуулах нь зүйтэй гэж тогтлоо. Хэлэлцээрт энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурна.
Кембрижийн стандартыг баримжаалан бага, дунд боловсролын сургалтын үйлчилгээ, чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бий болгох Засгийн газрын бодлогын хүрээнд хос хэлээр хичээллэх төрийн өмчийн 3 сургуулийг Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд 2018 он гэхэд ийм төрлийн сургуулийг аймаг бүрт 1, Улаанбаатарт 10-ыг байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Одоогийн байдлаар математик, байгалийн шинэчлэл, физик, хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, энэ 4 дүгээр сараас улсын хэмжээнд 31 үндэсний лаборатори сургуулийн сургалтад нэвтрүүлэх туршилтыг эхлүүлээд байна.
Эдгээрээс гадна багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, чанарын хяналтын үндэсний тогтолцоо бий болгох, боловсролын институциудын мэргэжлийн чадавхийг сайжруулах, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулга, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг ажлыг Кембрижийн стандартыг баримжаалан хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийх юм.
ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ АЙМАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОНО
Зарим аймагт хаваржилт хүндэрч байгаа болон мал төллөж байгаатай холбогдуулан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудын малчид, иргэдэд улсын нөөцөөс үнийг хямдруулан олгох өвсний болон тэжээлийн тоо хэмжээг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Улсын нөөцөөс 50 хувь хямдруулж олгосон 3903,56 тонн өвсний үнэ,1695,56 тонн тэжээлийн үнийн зөрүүг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.
Мөн Улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг хуваарилан гаргах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө болон тэжээлийн борлуулалтын орлогоор 2012 оны 4 дүгээр улиралд багтаан өвс, тэжээлийг улсын нөөцөд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Түүнчлэн үнэ хямдруулан олгож байгаа өвс, тэжээлийг зориулалтыг бусаар зарцуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нар үүрэг болголоо.
ХӨРӨНГӨ ГАРГАХААР БОЛЛОО
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Тус тогтоолд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах зорилгоор 2012 онд агуулахын байр түрээслэхэд зориулж 129.6 сая төгрөг, Засгийн газрын 11 дүгээр байранд агуулахын зориулалтаар ашиглах 68 хавтгай дөрвөлжин метр талбайтай өрөө тасалгааг завсарлахад зориулж 25.7 сая төгрөг, нийт 155.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрны 2013 оны түрээсийн төлбөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон агуулахын барилга бариулахад шаардагдах хөрөнгийг 2013 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад, барилга барихад шаардлагатай газар олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт тус тус даалгалаа.
Сонгуулийн ерөнхий хорооны төв байр болон сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрыг төрийн тусгай хамгаалалтад авах талаар холбогдох арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод даалгалаа. УИХ-ын сонгуулийн санал авах байр бэлтгэх, цахилгааны эх үүсвэргүй газарт нөөц эх үүсвэрээр хангах зэргээр сонгуулийн санал авах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
850 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦЭРГИЙН БАГ ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛНА
НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас манай улсад хандаж Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын батальон оролцуулах хүсэлтийг ирүүлжээ. Үүний дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, Засгийн газрын тогтоолоор тус ажиллагаанд манай улс цэргийн багаа оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.
ТОВЧХОН
- УИХ 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг баталж, зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоон хуульчилсан. ҮАБЗ үүсэн байгуулагдсан өдрийн Зөвлөлийн хууль батлагдсан өдрөөр тогтоож 10 болон 5 жилийн ойг албан ажлын хүрээнд тэмдэглэжээ. 20 жилийн ой нь энэ оны 5 дугаар сарын 23-нд болох бөгөөд энэ үеэр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Ойг тэмдэглэхэд шаардагдах 32 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
- Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсингийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны 3 дугаар сарын 16-нд байгуулсан Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо.
- УИХ-ын гишүүн З.Алтай, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Тэтгэврийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.