“Веsт” генсек ч, коммунизмын үлдэгдэл
Бид өнөөдрийнхөө “Сонгох, сонгохгүй шалтгаан” буландаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг онцолж байна. Монголчууд ардчиллын түүхэн дэх тав дахь парламентын гишүүдээ удахгүй сонгоно. Монголын томоохон намын генсекийн хувьд У.Хүрэлсүх нэр дэвших биз. Харин тэр Сүхбаатар аймгаас уу, намын жагсаалтаар УИХ-д орж ирэх үү гэдэг нь тодорхойгүй байгаа билээ.
Блиц:
Төрсөн он: 1968.06.14
Төрсөн газар: Улаанбаатар хот
Төгссөн сургууль: 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг улстөр судлаач мэргэжлээр 1994 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтын Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Мэргэжил: Эрхзүйч
Ажлын туршлага: 1989-1990 онд МАА-н 152 дугаар ангид улс төрийн орлогч 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх “Залуучууд-Хөгжил” төвийн ерөнхий захирал,1997-2003 онд Монголын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2001 оноос МАХН-ын Бага хурал, Удирдах Зөвлөлийн гишүүн, МАСЗХ-ны ерөнхийлөгч, 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2008 оноос эхлэн одоог хүртэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
СОНГОХ ШАЛТГААН
1. МАН-ын генсекийн ажил амьдрал МАХН буюу одоогийн МАН-тай салшгүй холбоотой. Цаашид ч салж хагацахгүй биз. Намдаа ийм үнэнч, тийм сэтгэлтэй хүн. Тиймийн тулд тэр зоригтой байж чаддаг. Бас зоригтой мэдэгдлүүдийг хийж чаддаг, намынхаа төлөө тэмцэж, босч, жагсч чаддаг байх. Тэр МАН-тай холбогдсон түүхэндээ гурван удаа аймаар мэдэгдэл хийсэн. Хамгийн сүүлд л гэхэд “2012 оны сонгуульд МАН ялагдвал хариуцлагыг нь би 100 хувь хүлээнэ” гэж хэлсэн. Том ам гарсан. Энэ үгийг нь буулгасан сонины хуудсууд ч шарлаж амжаагүй байгаа. Намынхаа гишүүдийн өмнө индэр дээрээс палхийтэл хэлсэн У.Хүрэлсүхийн үгийг ард түмэн ч, намынх нь гишүүд ч мартаагүй байгаа. Шийдэмгий, хурц тод зан чанар, даргилсан их эрч хүч зөвхөн түүнд л бий. Тэр бас “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдаагүй, харин нэр дэвшигч ялагдсан” гэж мэдэгдсэн. Энэ бол Н.Энхбаяр муудаа ялагдчихлаа гэж хэлсэн хэрэг. Мөн намын бодлогыг эсэргүүцсэн, гуйвуулсан хүмүүст улс төрийн хариуцлага тооцох хатуу анхааруулгыг намын даргаасаа өмнө тэр л өгч байсан. 2000-2004 он бол ардчиллын ихэнх лидерүүд гудамжинд гарчихсан, зарим нь гадагшаа сурахаар явчихсан, сөрөг хүчин гэхээр юм бараг байхгүйтэй адил байв. Монголын парламент, гүйцэтгэх засаглал тэр чигээрээ Н.Энхбаярын гарт орсон байсан. Н.Энхбаярын хаанчлалыг хэн ч зогсоож чаддаггүй байв. Гагцхүү У.Хүрэлсүх л “Төрийн ажлыг та мэддэг юм уу, танай авгай мэддэг юм уу” хэмээн тэсэрсэн юмдаг. Зөвхөн үүнийх нь төлөө У.Хүрэлсүхийн зоригийг одоо ч хүмүүс үнэлдэг юм.
2. У.Хүрэлсүх бол улс төрд шинэ хүн биш. Намтарт нь гадаадад боловсрол эзэмшсэн, Дөчин мянгатад хулигаан явсан, хэлтэй устай гэх мэт чамин тансаг баримтууд тун ховор ч хувийн зан чанар, улстөрч хүнд байвал зохих үнэт чанаруудаараа өөрийн үеийнхнээ манлайлж чадсан, дээд доод үедээ хүлээн зөвшөөрөгдөж амжсан нэгэн. Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн гэх энэ эрхэм зан чанарын хувьд байдаг л нэг улстөрч биш. Магадгүй МАХН-ын үе үеийн генсекүүд дотроос хамгийн тод зан төрхтэй нь ч байж мэднэ.
3. Тэр сонгож авсан үзэл санаа, анд нөхдөөсөө хэзээ ч урвахгүй шударга нөхөр гэдгээ нэгэнт баталчихсан. Тэнэг зөнөг, хуучин хувьсгалчаараа дуудуулсан МАХН-ыг цоо шинэ МАН болгох эр зориг зөвхөн түүнээс л гарсан. Үүнийгээ ах нарын шахаасаар өөрчлөгдсөн АХ нам биш ээ, анхны долоогийн байгуулсан Ардын нам гэж ам бардам, нүүр дүүрэн хэлэх эрхийг намын жирийн гишүүд, дэмжигчиддээ тэр л авч өгсөн. Алдаа оноо, уналт босолттойгоо хамт эх орныхоо хувь заяаг үүрч, тусгаар тогтнолыг бүтнээр авчирч өгсөн юм гэж хэзээ ч, хэнд ч хэлж чадах түүхийн үнэнийг ил гаргасан гавьяа түүний генсек байсан он жилүүдэд хадгалагдана. Түүний хийсэн байгуулсан гавьяа бүгд сайн муу хоёр талтай. Сайн талаас нь харах гээд үзье. Голомтоо хийсгэж, намын байраа шатаалгасан хамт олныхоо орон гэрийг гардан босгож, Тусгаар тогнолын ордныг сүндэрлүүлсэн бахархал бас түүнд харьяалагдана. Намын нэр, хамт олныхоо дэмжлэгээр албан тушаал, алдар хүндийн оргилд гарчихаад бусдыгаа эргэж нулимдаг увайгүй улстөрчдөд, шантааж хийж амьдрагсдад шанаа өгч чадсан эр зориг түүнийх. Хэнээс ч айлгүй, хэнээр ч дэмжүүлэлгүйгээр улс төрд унаж босч зүтгэсэн тэмцэлтэй түүх, хорин дөрөвхөн насандаа үнэний төлөө өлсгөлөн зарлаж суусан зангараг түүнд байгаа. Төр, улсыг цэгцэлж, улс төрийг эмхлэхэд тэр Ерөнхий сайдынхаа, намын даргынхаа том түшиг тулгуур нь байж чадах л хүн.
СОНГОХГҮЙ ШАЛТГААН
1. Эрхэм генсек У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайд болох гэсэн биш нэлээн эвгүй байдалд ороод буцсан. Дэмий юмаар оролдсон гэх үү дээ. Ерөнхийлөгч болон АН-ынханд, хэвлэлийнхэнд баахан баалуулаад л өнгөрсөн. Үүнийг гэнэн улстөрчийн болчимгүй шийдвэр гэж хэлэх хүн олон байсан. Сөрөг хүчний байр сууриа гаргах гэж ам нь загатнаж байсан АН-ынхан генсекийн алдаан дээр аятайхан дөрөөлөөд өнгөрсөн юмдаг. Нөгөөтэйгүүр АН-ынхан У.Хүрэлсүхээс айсандаа бус олон жилийн өмнө болж өнгөрсөн экс Ерөнхийлөгчийн үйлдлээс нь хариугаа авч буй хэрэг. Нөгөө талаас нь харвал, У.Хүрэлсүх улстөрчийнхөө рейтингийг өөрөө унагаад хаячихсан хэрэг гэдгийг ажиглагчид онцолж буй юм. Тэр хоёрхон сар Тэргүүн шадар сайдын суудалд суухыг хүссэндээ том намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын суудлаар “шал арчиж” орхисон. Энэ үйл явдал түүнийг болчимгүй, гэнэн, хэтэрхий хөнгөмсөг улстөрч гэдгийг нь илтгэсэн. Тэр өөрөө хүсээгүй байж мэднэ. Түүнд зөвлөсөн хэнд ч “Үгүй” гээд хэлчих эр зориг гаргаж чадаагүйнхээ төлөө эвгүй байдалд орчихсон нь үнэн.
2. Хадгаламж банкнаас алга болсон 14 тэрбумын хэрэгт сэжиглэн хориг тавьж, хожмоо “Фургон” машины хэргээр “аавын хаалга” татсан. Монголын улстөрчдийн түүхэнд ийм үзэгдэл тун цөөхөн. Чуулганы танхимд сахилгагүй банди шиг үе үе аашилж, намынхаа залууст шанаа өгч тавьтаргүйтдэггүйсэн бол тэр мундаг улстөрч болох байлаа. Шүүхээс ял сонссон хэрнээ шорон руу ачигдалгүй, жийп хөлөглөн гэртээ харьсан цорын ганц монгол ялтан гэж түүнийг тодорхойлсон байдаг. Энэ бол нэг талаас Монголын шүүхийн шийдвэр шавар шавхайтай хутгалдсаныг гэрчлэх баримт. Нөгөөтэйгүүр шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй том толгойтой нөхөр гэдгээ харуулсан. Ял авсан ч ялаа эдлээгүй хүн том намын хоёрдугаар хүн болж болдог юм гэж гайхуулсан. Энэ нь шинэ үеийн коммунистуудын хувьд байдаг л зүйл.
3. Монголын улс төрийн отгон хүчин МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэнтээ “Бөгс долоож байсан хүмүүс хамгийн муухайгаар хэлдэг юм билээ” гэж хэлсэн удаатай. Нийгэм бүхэлдээ энэ үгэнд цочсон ч “бөгс долоогч” гэж муухайгаар хочлон ёжлон хэлсэн гол бай нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болж таарсныг учир мэдэх олон хүн шивэр авир хийлцэж байсан. Уг нь У.Хүрэлсүхийг Н.Энхбаяр улс төрд чирч оруулсан, басхүү шоронд орохоос нь мулталж чадсан ачтан гэдэг юм билээ. Харамсалтай нь, У.Хүрэлсүх “эврээ ургангуут эхийгээ мөргөсөн” ишиг шиг аашилсан. Тэрбээр Н.Энхбаярыг энэ нийгмийн “хог шаар” мэт гоочилж доромжлохын дээдийг үзүүлж, Сүхийн талбай дээр зургийг нь дэвсэлж байв. Энэ бол Н.Энхбаярыг МАХН-ын дарга болсонд бухимдаж хорссондоо хийсэн тэнэг үйлдэл. Тэр улс төрийнхөө карьерийг загтнасан ам, гар хоёроороо навс унагачихсан.
4. МАН-ын нэр хүнд өдрөөс өдөрт унаж буй бүх бурууг намын генсектэй холбохоос өөр ямар ч гарц байхгүй. Намын дарга нь Ерөнхий сайдын хүнд хүчир албандаа зүтгээд намтай манатай байхад нам талаасаа нэгдүгээр хүний хувьд У.Хүрэлсүх нам, нийгэм хоёроос ихээхэн зэм хүртэж буй. Намын дарга нь С.Батболд нэртэй болохоос биш уг чанартаа У.Хүрэлсүх л намаа удирдаж, намаараа тоглож байна. УИХ дахь намынхаа бүлгийн хуралд орж суугаад намын даргаасаа түрүүлж гишүүдээ загнаж байна гэдэг онгироо, ойворгон хүний зан. Наад зах нь С.Батболд намын асуудлаар гишүүддээ шаардлага тавилаа гэхэд У.Хүрэлсүхийн хэлсэн дайтай хүлээж авахгүй болчихсон. Энэ нь өөрийгөө намын нэгдүгээр хүн гэдгийг үйл хөдлөлөөрөө хэлээд байна гэсэн үг. МАН-ын хувь заяаг өөрийнхөө гарт байгаа гэж бат итгэсэн залуухан генсек айсуй сонгуулийн дараа ямар мэдэгдэл хийх нь сонин байна.
5. Намдаа хэн их мөнгө хандивлана, тэр хүнийг сайдаар томилж хариу барьдаг, эрх мэдлийн бялуу хүртээдэг явдал сайнаасаа саар зүйл дагуулах нь их. Ялангуяа МАН-ынханд энэ үг хамгийн их хамаатай. Тэр тусмаа НАМЗХ хэмээх МАН-ын залуучуудын байгууллага эрх мэдэлд дуртай залуусын албан тушаалд хүрэх дамжаа болж, эцэстээ цөөнгүй нь хэрэг төвөгт орооцолдсон цаг үе тийм ч эртнийх биш. МАН-ын залуучуудын байгууллага У.Хүрэлсүхийн команд дор явсан үеэс л ийм болсон. Эртнийхээр жишээлбэл, “Хадгаламж” банкны Б.Чимэдцэрэн, ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал агсан Ц.Түмэнгэрэл нар бүгдээрээ энэ байгууллагаар дамжиж, бизнес эрхэлж, мөнгө төгрөгтэй болоод намтай холбогдсоныхоо дараа уруудаж, буруудсан нь үнэн. Саяхны жишээ, НАМЗХ-ны залуус аманд багтахгүй тоогоор мөнгө ярьж, санаанд багтахгүй санаагаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Намдаа хэн их мөнгө өгсөн нь сайд, дэд сайд, агентлагийн дарга болдог жишгийг У.Хүрэлсүх л тогтоосон. Хамгийн сүүлчийн жишээ. НХХ-ийн дэд сайд, Цөмийн энергийн газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гээд нэрс цааш хөвөрнө. Улс төрд түүний байгуулсан гавьяанаас тарьсан гай нь их ээ.
Б.ЦЭЛМЭГ
URL: