”Алтай констракшн”-ы м.кв-ын залилан. Дугаар 1
Залилуулсан м.кв-ынхаа зөрүү мөнгийг авна гэж байхгүй шүү…
Монголын барилгын салбарт томоохонд тооцогддог “Алтай констракшн” сүүлийн үед сайшаагдах гэхээсээ илүү шүүмжлэлд өртөх нь их болсон. Тэр дундаа тэдний бий болгосон “Нархан” хотхонд амьдрах оршин суугчдаас хотхоны ойр орчим үзэмжгүй, барилгын чанар муу болохоор өвөлдөө хүйтэн, анх явуулж байсан сурталчилгаа шигээ машины зогсоол, дэд бүтэцгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, зай талбайгүй гэх мэтчилэн олон гомдол, өргөдөл урд нь гарч байсан. Гэтэл хамгийн сүүлд мөн л тус хотхоны оршин суугчдийн зүгээс м.кв-ын асуудлаар дахин нэг гомдол гарах боллоо.
Баримт сөхье: Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд орсон 57 дугаар байрны нэгэн иргэн худалдаж авсан байрных нь зай талбай анх ярьж, авснаас хамаагүй бага м.кв-тай байсныг нь нотолж, холбогдох байгууллагад бичиг баримтаа хүргүүлжээ. Мөн тус хотхоны оршин суугч Г.Шүрэнцэцэг компанийн байрны рекламанд хууртан захиалга өгсөн ба байрандаа орсны дараа бодож байснаас нь шал эсрэгээрээ байсан тул “хүүхэд тоглох талбай, хөгшид нарлаад суух саравч зэрэг асуудлыг шийдэж өгнө үү” гэж гомдол гаргахад “удахгүй шийдэж өгнө” гэж СӨХ-ны дарга хэлсээр өдий хүрсэн гэнэ. Тус СӨХ-ны дарга нь “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэний эгч Х.Бадамгэрэл.
Тус оршин суугч мөн худалдан авсан байрных нь эзлэх талбай буюу м.кв-ын хэмжээ дөрвөн метрээр бага байсан тул зөрүү 2000 ам.долларыг буцаан авах хүсэлт тавьжээ. Харин компаний зүгээс “тийм юм гэж байхгүй” гэсэн хариуг өгсөн байна. Зай талбайгаар залилуулж, мөнгөө хулхидуулсан иргэд аргаа барахдаа сонин хэвлэлүүдээр дараах ярилцлагыг өгчээ.
“Нархан” хотхоны оршин суугч Г.Шүрэнцэцэг: “Ер нь энэ компани бүх айлын орон сууцны талбайн зөрүүгээс ашиг хонжоо олсон юм билээ. Анх байрны тооцоогоо 100 хувь хийхэд дөрвөн м.кв-ын зөрүү гарсан. Чанаргүй байранд орсон ч гэсэн м.кв-ын зөрүүг олгохгүй байгаа нь биднийг улам их бухимдуулахад хүргэж байна”.
“Нархан” хотхоны оршин суугч Т.Гэрэлмаа: “Угаасаа луйварчин компани, анх их сайхан юм ярьж байсан. Зай талбайн зөрүүний хувьд байр авсан хүн бүр ярьдаг.
Би гэхэд л энэ байранд орсноосоо хойш метр квадратын зөрүү мөнгөө авах гээд чадсангүй. Ер нь авсан хүн нэг ч байхгүй. Гэтэл “Алтай констракшн”-ынхан өөрсдөө зөрүү мөнгөө өгсөн гэж ярьж яваа юм билээ. Уг нь цэвэр агаарыг нь бодож авсан ч, ийм муухай юм хийнэ гэж бодсонгүй”.
Энэ мэтчилэн хулхидуулсан оршин суугчдынх нь гомдол хөвөрсөөр. Зайсангийн цэвэр агаарт байрлалтай, хүүхэд тоглох тоглоомын талбай, хөгшидийн нарлан суух уужим том талбайтай, дулаахан гэх мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж, байраа борлуулаад зогсохгүй метр квадратын залилан хийж, ашиг олсон, мөн зөрүү мөнгийг буцааж олгоогүй гэхчилэн тоочоод байвал нэлээд хэдэн асуудал гарч ирж байна. Мөн Монгол улсын хуулийг үл хүндэтгэн, Өрсөлдөөний тухай хуулийн хориглосон заалт буюу 12.1.1-д заасан “… өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах”, 12.1.2-д заасан “Өөрийн бараа, бүтээгдэхүүний талаар худал зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх”, 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах” гэсэн заалтуудын тухай энд яригдаж байна. Мөн “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 7.2.3-д заасан “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” зэрэг нэлээд хэдэн хуулийн зүйл, заалтыг зөрчжээ. Хариуцлага тооцох цаг нь ирсэн юм биш үү. М.КВ-ын залиланг энд дуусгая. Гэхдээ өөрсдийгөө “чанарыг эрхэмлэгч” хэмээн тодорхойлдог “Алтай констракшн”-ы хууль бус үйлдэл үүгээр тогтохгүй. Тиймээс дараагийн цувралаар “Алтай констракшн”-ы хууль бус, “маапаан”-тай өөр баримтуудыг дэлгэх болно.
24tsag
URL: