Л.Амарсанаа: ”Бодь интернэшнл”-ийн цахим үнэмлэх хэвлэх ажил саатсан
УБЕГ-ын дарга Л.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ажлаа хүлээж авангуут бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байсан. Өчигдөр уг бүтцийн өөрчлөлтийг хийсэн юм уу?
-Аль ч байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж л байдаг шүү дээ. Ийм л зарчмаар өчигдөр УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийсэн. Эрхлэх ажлын хүрээгээр Хууль зvй, дотоод хэргийн сайд бүтцийн өөрчлөлт хийх тушаалыг албан ёсоор гаргадаг. Тушаалын дагуу бүтцийн өөрчлөлтийг хийлээ. Энэ өөрчлөлтөөр ажил хариуцаж байгаа хүмүүсийг бvгдийг ажлаас нь чөлөөлж, эргээд эрхэлж байсан ажилд нь томилсон. Манайх Иргэний бүртгэлийн, Эд хөрөнгийн бүртгэлийн, Хуулийн этгээдийн бүртгэлийн гэсэн гурван бүртгэлийн газартай байсан. Эдгээрийг нэгтгээд нэг бүртгэлийн газартай боллоо. Үүний дагуу бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан хоёр хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. Нэгтгэсэн бүртгэлийн газрын даргаар улсын бүртгэлийн салбарт олон жил ажилласан Б.Батболдыг томилсон. Тамгын газрын даргын алба асуудалтай байгаа. Тиймээс үндсэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн. Түүнээс биш бүтцийн өөрчлөлт хийж олон хүнийг халж сольсон асуудал байхгүй.
-Бүтцийн өөрчлөлт хийснээр салбарын ажил хэр сайжирна гэж үзэж байна вэ?
-Бүтцийн өөрчлөлт хийснээр хэд хэдэн ажил сайжирна гэж ойлгож байгаа. УБЕГ иргэддээ үйлчилгээгээ ойртуулж, чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, хөнгөн шуурхай үйлчлэх ёстой. Арваад хоногийн өмнө Эд хөрөнгийн эрхийн болон Гадаадад зорчих эрхийн бүртгэлийг Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төвд ажиллаж байсан ажилтнуудаа дүүрэгт очиж үүрэг гүйцэтгэ хэмээн иргэд рүү дөхүүлсэн. Үүнийг дагаад эд хөрөнгийн бүртгэлийн архивыг дүүргүүд рүү шилжүүллээ. Архивын лавлагаа дүүрэгт очсоноор иргэд иж бүрэн үйлчилгээ авах бололцоотой. Монгол Улсын, тэр тусмаа Улаанбаатарын иргэд 100 айлд төвлөрч буй Иргэний бүртгэлийн газарт очдог. Та бүхэн мэдэж байгаа. Тэнд үйлчилгээ хийлгэхэд ямар бэрхшээлтэй байдаг билээ. 100 айл хавьд машин техник багталцахгүй, манай танхим дүүрэн хүнтэй байдаг. Иргэд үргэлж бухимддаг. Дүүргүүд рүү архив шилжүүлснээр 100 айл дахь иргэний бүртгэлийнхний ачаалал 60 хувь багассан. Үүнийг дагаад машин техникийн бөглөрөл багасч, үйлчлүүлэгчдийн танхимын зай талбай уужуу болно.
-Нэг цэгт байсан үйлчилгээг олон хэсэгт хуваахаар хүндрэлтэй юм биш үү?
-Үйлчилгээг иргэд рүү дөхүүлсэн гэж ойлгож байгаа. Хүндрэл гарахгүй. Цаашлаад бүх үйлчилгээг иргэдэд ойртуулж ажиллана. Дээрх гурван дүүрэг хамгийн олон хүн амтай. Нэг дүүргээс өдөрт дунджаар 120 орчим иргэн Иргэний бүртгэлийн газарт ирдэг байсан. Одоо иргэд оршин суугаа дүүргийнхээ иргэний бүртгэлийн ажилтнуудаар үйлчлүүлэхээр болж байна. Ямар хэмжээний зардал мөнгө, цаг хугацаа хэмнэж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
-Д.Энхцэцэг, Ч.Чанлавлодой нарыг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн юм биш үү?
-Газрын даргаар ажиллаж байсан гурван хүнийг гурвууланг нь ажлаас чөлөөлсөн. Бүтцэд дахин өөрчлөлт орно, боловсон хүчний байршлыг сольж, хүн хална гэсэн асуудал байхгүй. Сонгуулийн жил учраас иргэд манай байгууллагыг онцлон бүтцийн өөрчлөлтийг хүндээр хүлээж аваад байна.
-Цахим үнэмлэх хэвлэх асуудал ямар шалтгаанаар хойшлогдсон юм бэ?
-Цахим үнэмлэхний асуудал туйлын төвөгтэй байна. Дөрөвдүгээр сарын 6-наас эхний бэлдэц ирнэ. Энэ үед цахим үнэмлэхээ хэвлэж эхэлнэ гэж тооцоолж байсан. Уг нь 60 мянган бэлдэц цаг хугацаандаа ирсэн. “Бодь интернэшнл” компани АНУ-ын “Датакарт” компанитай хийсэн гэрээгээр цахим үнэмлэхийн ой санамжид суулгах мэдээллийн программ бүтээх ёстой. Дөрөв¬дүгээр сарын 4-нд мэдээлэл суулгах программыг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл “Датакарт”-ийнхан дөрөвдүгээр сарын 22 хүртэл эл программыг хүлээлгэж өгөх бололцоогүй гэдгээ “Бодь интернэшнл”-ийнхэнд албан ёсоор хэлсэн байсан. Иймээс цахим үнэмлэхийн хугацаа хойшилсон.
-Ямар шалтгаанаар хойшлуулсан гэдгээ тайлбарласан уу?
-”Датакарт” компанийнхан танай Сонгуулийн ерөнхий хорооноос сонгож авсан санал тоологч машинаас хамаарч программд өөрчлөлт хийх шаардлага гарч байгаа. Бид чанартай программ хийхийн тулд хугацааг хойшлууллаа гэсэн.
-Сонгуулийн хугацаа ойртсоор байна. Үнэмлэхээ зургадугаар сараас өмнө тарааж амжих уу?
-Цахим үнэмлэх гаргахаар хуваарь гаргасан байсан. Дээрх асуудал үүссэнээр дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн хувилах ёстой байсан ажил хойшилж байна. Дөрөвдүгээр сарын 22-нд программ хангамж суурилуулж өгөх төлөвтэй. Сонгуулийн хугацаанаас өмнө амжихыг хичээнэ. Эл асуудлыг эрхэлсэн сайд болон бүлгийн ахлагч нарт танилцуулсан. Тэндээс ямар нэг шийдэл гарах байх.
-Асуудал нь хаанаа байгаа юм бол. Эхнээсээ программаа чанартай хийж болоогүй юм уу?
-Анх цахим үнэмлэхийн бэлдэц хийх эрхийг “Бодь интернэшнл” компани авсан. Тус компани Францын “Жамельто” компанитай гэрээ хийж нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 28-ны өдөр нийлүүлж дуусна гэж байсан. Өөрөөр хэлбэл, 1.9 сая иргэний цахим үнэмлэхийн бэлдцийг нийлүүлж дуусна гэж мэдэгдсэн. Гэтэл янз бүрийн шалтгаан хэлсээр хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 6-нд эхний 60 мянган бэлдэц ирнэ гэж тохирсон. Нийт есөн удаагийн ачилтаар зургадугаар сарын 1-нд бэлдэц нийлүүлж дуусах байсан. Товчхондоо, “Бодь интернэшнл” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж цахим үнэмлэх хэвлэх ажил саатаад байна.
-Гэрээнд “Бодь интернэшнл” компани ямар хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа вэ?
-Гэрээнд зааснаар ганцхан хариуцлага хүлээхээр байгаа. Хоцроосон хоног тутамд 0.1 хувийн хүүтэй мөнгөн торгууль хүлээнэ.
-Ажлаа хүлээж аваад эхний ээлжид бүтцийн өөрчлөлт хийлээ. Цаашид хийх ажлаа төлөвлөсөн үү?
-Хэд хэдэн ажил төлөвлөсөн. Нэгдүгээрт, ажил хариуцаж байгаа хүмүүст эрхэлж байгаа ажлаа чанарын өндєр төвшинд хийх шаардлага тавина. Өөрт оногдсон ажлаа бүрэн дүүрэн хийхийг шаардана. Хоёрдугаарт, энэ байгууллагын ажлыг улам шуурхай, хүндрэлгүй, соёлтой болгоно. Мэдээж байгууллагад анхаарах асуудал бий. Мєн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг анхаарна. Энэ бүхнийг үе шаттай хийж гүйцэтгэнэ гэсэн бодолтой байгаа.
Д.МЯГМАРЖАРГАЛ
URL: